Comment.mn

Түгээх Л.Гансүхэд оноосон ялыг хэвээр үлдээв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ажиглагчаар шүүх хуралд байлцав. Түүний хувьд шүүх хуралд тайлбар өгөх, үг хэлэх эрхгүй оролцож байгааг тодотгосон юм. Шүүх хурал 09.00 цагт эхлэн дугаар шилжих мөчид шүүхийн тогтоолоо гаргаж, Л.Гансүхийн 4.6 жил хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Мөн шүүгчдэгч М.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын мөнгөн торгуулийн хэмжээг өөрчилсөнгүй. Хурлыг ерөнхий шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар өмгөөлөгч Ц.Баасандорж, Ц.Цэрэнжээ, Л.Цэндсүрэн нар оролцсон юм. Харин шүүгдэгч Л.Гансүх ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар хуралд оролцож, тайлбар хэлсэн.

        Тэрбээр энэ үеэрээ нэлээд бухимдалтай байв. Учир нь, анхан шатны шүүх хурлын яллах дүгнэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг бүтэн тав хоног сунжруулж, гэрч, шинжээчдийн дүгнэлтийг сонссон атлаа прокурорын яллах дүгнэлтийг үг үсгийн зөрүүгүй хуулж яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг онцлон, давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд анхан шатны шүүх хурлаас гарсан дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. “Би яагаад та нарын хуйвалдаанд өртөж, ял авах ёстой юм. Шүүхээс надад ял оноохдоо зөвхөн улсын яллагчийн шүүмжийг үндэслэж байгаа нь шүүх хэтэрхий нэг талыг барьж байгааг гэрчилж байна” гээд хараалын үг хүртэл урсгаж амжив. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Гансүхэд хурлын дэг баримтлахыг сануулахад, “Гурван сар хоригдохоор хүн ийм болдог юм байна” гэж егөөдсөн юм. Хуралд гэрч, шинжээчийг оруулаагүйгээс гадна тэдний үгийг шууд дамжуулахыг хориглосон юм.

        Онлайнаар шүүх хуралд оролцсон Л.Гансүхийн биеийн байдал сайнгүй бөөр нь өвдөж, хавагнасан байдалтай, зүрхний хэм алдагдаж байгааг өмгөөлөгчид нь онцлов. Мөн шүүгдэгч Б.Мөнгөнтуяа хорих ангид байх хугацаандаа бие нь муудаж, байнга унаж татах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт торгуулийн шийтгэл ногдуулж, хорих ялаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нараас 2.6 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Багануур ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүгдэгч тус бүрт 800 гаруй сая төгрөгийн тогууль ногдуулсныг тэд хүлээн зөвшөөрөөгүйгээс дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Хэргийг сануулбал, өнгөрсөн наймдугаар сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн 166.2, 263.2-т зааснаар бусадтай бүлэглэн, үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт үйлдлийг гардан зохион байгуулсан хэрэгт буруутган 4.6 жилийн хорих ял ногдуулсан. Мөн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн юм. Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, мөн хувь тэнцүүлсэн мөнгөн торгуулийг барагдуулахаар шийдвэрлэсэн юм.

        Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Л.Гансүх нар эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсанаар ийнхүү гомдлыг хэлэлцэв. Шүүх хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар дарханчуудыг төлөөлөн оролцож буйгаа илтгээд, Дархан-Уул аймгаас УИХ-д нэр дэвшиж байсан Л.Гансүх нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн хараат бусаар шийдвэрлэхийг хүсчээ. Түүнийг шүүх танхимаас гарч ирэх үеэр зарим зүйлийг тодрууллаа.

С.Ганбаатар: ШҮҮХ НАМ, БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙ ДЭЭР ЗАЙДАЛСАН ЛУЙВАРЧДЫН ДОХИУР БИШ БАЙГААСАЙ 

        -УИХ-ын сонгуульд тантай өрсөлдөж байсан Л.Гансүхийг шүүх хуралд  оролцох болсон шалтгаан юу байв? 

        -Дархан-Уул аймгаас бид УИХ-д өрсөлдөж байсан ч Л.Гансүх нарын хэрэгт шүүх шударга, хараат бус байгаасай гэдгийг хүсч, би шүүх хуралд ирсэн. Монголын ард түмэн анхан шатны шүүх хурлыг тав хоног үзэж, сонссон. Багануурын нүүрсний уурхайн нунтаг шороог нь үнэлж, Л.Гансүхийг шоронд хориод байна. Би шударга ёсны төлөө тэмцдэг. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй. Өнөөдөр шүүх нам, бүлэглэлийн толгой дээр зайдалж суусан луйварчдын дохиур биш байгаасай. Амташсан эмгэн алиманд хахдаг гэдэг шиг шүүх хэргийг шударга, үнэн шүүгээсэй гэдэг үүднээс би байр сууриа илэрхийллээ.

        -Та шүүх хараат шийдвэр гаргах вий гэж хардаж байх шиг. Хардах шалтгаан юу байна вэ?

        -Би шүүхэд нөлөөлөх гэж оролцоогүй. Шүүх хараат бус шударга байгаасай гэсэн үүднээс оролцож байна. Уг нь тав хоног үргэлжилсэн анхан шатны шүүх хурлын явц монголчуудад шударга үнэнийг ойлгуулсан. Хурлын үеэр олон гэрч, шинжээч тэднийг яллахаар улайрч байгаа захиалгын нөхдийг няцаах мэдүүлэг өгсөн. Гэтэл түүнийг шүүх бүрэлдэхүүн дүгнэлтдээ тусгаагүй байна. Энэ нь шүүх хэтэрхий нэг талыг барьсан байхвий гэдэгт санаа зовж байна. Шүүхийн шийдвэр гарах үед би байр сууриа дахин илэрхийлэх болно. Монголын хууль шүүхийн байгууллагууд өөрсдийгөө том гэж үзсэн улс төрийн бүлэглэлийн зодооны хэрэгсэл болно гэдэг ард түмэнд маш аюултай зүйл. Би шүүх шударга байж, хараат бус бай гэдгийг хэлээд байгаа юм гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.