Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК түр зогсолт хийлээ. Иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс нийслэлийн Тээврийн газар дараах зохицуулалтыг хийсэн байна.
Тус компанийн үйлчилгээ үзүүлдэг Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр-Нарны гүүр-Зайсан”, Ч.51 “3-4-р хороолол-Дүнжингарав ХТ”, Ч:52 “3-4-р хороолол-Зайсан” чиглэлд Зорчигч Тээврийн Нэгтгэл, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийслэлийн Тээврийн газраас Атибус компани нь түр зогсолтынхоо талаар мэдэгдээгүй учраас гэрээний дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой гэв.
Ямар шалтгааны улмаас түр зогсолт хийснийг Атибус компанийн захирал Г.Баярмагнайгаас тодрууллаа.
-Яагаад автобусуудаа зогсоох болов?
-Түлшгүй болоод зогссон. Манайх шатахуунаа зээлээр авдаг. Өнгөрсөн дөрөв дэх өдөр шатахууны компаниас зээлийн хэмжээ хэтэрсэн гэсэн мэдэгдэл ирсэн. Манай компани 200 сая төгрөгийн шатахууны зээлтэй.
-Энэ асуудлаа нийслэлийн Тээврийн газарт мэдэгдсэн үү?
-Удаа дараа мэдэгдсэн. Тээврийн газарт ажил хийдэг хүн байдаггүй. Энэ хэдэн хүн нийтийн тээврээр тоглож байна.
-Хотын тээврийнхэн бидэнд мэдэгдээгүй, торгуулийн арга хэмжээ авна гэж байна?
– Бид өчигдөр 14.00 цагт албан бичиг өгсөн. Орой 18.00 цагт дахин холбогдож мэдэгдсэн. Тээврийн газрынхан ажил шийддэггүй. Бид огцрох шаардлага тавина. Нийтийн тээврийн компаниуд бие биенийхээ мөнгийг “хулгайлж” байна. Тээврийн үйлчилгээ үзүүлдэг 21 компанийг жагсаахад 5 нь л орлогоо төвлөрүүлж, алдагдалгүй ажиллаж байна. Тэгэхэд тушаасан мөнгийг тэнцүү хуваарилдаг. Шударга бус байна. Манай компани хоёр удаа орлогоо хураалгахаас татгалзсан. Шударгаар хуваарилаад, ажиллавал шатахууны өрөнд орохгүй.
-Танайх ямар компаниас шатахуунаа авдаг вэ? Асуудлыг яаж шийдэх гэж байна?
-Шунхлайгаас түлшээ авдаг. Сангийн яам санхүүжилтийг шийдэж байх шиг байна. Би тээврийн газрынхантай уулзахаар ирчихсэн байна.
В.Бат
Эх сурвалж: Shuud.mn