Монгол Улсад 612 мянган бизнес эрхлэгчид байдгаас 20078 нь НӨАТ төлдөг гэсэн судалгаа байна.
УИХ-аар энэ оны долдугаар сард “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулиар 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн бараа, ажил, үйлчилгээ борлуулж буй хувь хүн, хуулийн этгээд нь Татварын албаны цахим системтэй холбогдон бүртгүүлж, албан татвар төлөгчид НӨАТ-ын хасалт хийлгэх, буцаан олголт авах болон урамшууллын сугалаанд оролцоход “Төлбөрийн баримт”-ыг хэвлэн олгох үүрэгтэй болж байна.
Монгол улсад бараа, ажил, үйлчилгээ борлуулж буй хувь хүн, хуулийн этгээд нь ebarimt.mn цахим хуудсаар нэвтрэн орж Төлбөрийн баримтыг хэвлэн олгох боломжтой.
Хэрвээ тухайн аж, ахуйн нэгж нь борлуулалт бүртгэлийн системгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн торгууль төлнө. НӨАТ төлөгч байгууллагууд иргэнд баримт олгоогүй бол орлогынх нь 2 хүртэлх хувиар торгоно. Хуурамч баримттай эсвэл систем ашиглаагүй байвал орлогынх нь 20 хүртэлх хувиар торгохоор уг хуулинд заажээ. Ийнхүү ААН, иргэдийн төлсөн НӨАТ нь улсын төсөвт орж байгаа эсэхийг уг баримтаар баталгаажуулах аж.
Өнөөдөр манай улсын аймаг, сумд интернэтэд 100 хувь холбогдсон тул ebarimt.mn хаягаар орж баримтаа өгөхөд асуудал гарахгүй хэмээн албаныхан онцолж байгаа юм. Түүнлчэн гар утасны апплейкшн татах боломжтой. Харин өөрийн гэсэн кассын систем, хялбаршуулсан програмтай бол мэдээлэл шууд дамжуулагдах гэнэ.
Энэхүү системийг нэвтрүүлэхдээ иргэдийн тусламжтайгаар буюу иргэдээ урамшуулах арга замаар хяналт тавих юм. Тодруулбал, иргэд худалдан авсан бараа үйлчилгээ бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломжтой болох төдийгүй баримтаараа өндөр хонжвор бүхий сугалаанд оролцох эрхтэй болох юм байна.Нөгөө талаар ААН-үүд цаг тухай бүрт хялбар, шуурхай аргаар татварын тайлангаа бүрэн тайлагнах эрх зүйн орчин бүрдэх юм.
Дээр дурьдсанчилан одоогоор 20 мянга гаруй ААН татвар төлдөг байсан бол ирэх оноос хэрэгжих шинэ хуулиар 600 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлөхөөр болж байна. Энэ асуудалд зарим судлаачид эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Тухайлбал, тэдний хувьд 600 мянга гаруй ААН-ээс 20-иодхон мянган ААН-ийн татвараар төсвийнхөө 30 хувийг бүрдүүлнэ гэдэг байж боломгүй зүйл гэв. Харин нэг хувьтай татварын тогтолцоонд шилжүүлэх нь хамгийн оновчтой алхам болно гэж үзжээ.
Нөгөө талаас, энэхүү урамшууллын систем нь монголын эдийн засгийг хямралаас гаргах арга хэмээн албаныхан тодорхойлж байгаа юм.
Ямартай ч “урамшууллын” гэх тодотголтой шинэчлэгдэн батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон. Үр дүнг нь үзэх л үлдлээ.
Ю.Халиун
Эх сурвалж: Bataar.mn