Үндэсний статистикийн хороо оны эхний арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан байна.
Оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого таван их наяд төгрөг болж, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ зургаан их наяд 132 тэрбум төгрөг болж улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 661.6тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 11.9 пунктээр илүү байсан нь голлон нөлөөлсөн байна.
Импортын албан татварын орлого болон өмч хувьчлалаас олох нэлээд өндөр хувиар дутсан нь төсвийн алдагдалд ихээхэн нөлөөлсөн байна.
Мөн банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ арваннэгдүгээр сард 849.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 тэрбум төгрөг болж 0.7 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 229.8 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар өсөөд байна.
Энэ талаар Монголбанкны албаны эх сурвалжаас тодруулахад “Сүүлийн үед хувийн хэвшил төдийгүй төрийн байгууллагууд ч цалингаа хугацаандаа тавьж чадахгүйд хүрсэн. Иймээс хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Монголбанкны судалгаанаас үзвэл арилжааны банкуудын олгосон зээл 12.4 их наяд төгрөг байна. Энэ нь улсын төсвөөс бараг хоёр дахин өндөр юм. Энэ оны эхний улиралд банкууд 834 тэрбум төгрөгийн зээл олгосон. Тэгвэл 985 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Харин хугацаа хэтэрсэн зээл 196 тэрбум төгрөг болсон гэх мэдээ байгаа” гэв.
Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр Дэлхийн банкнаас “зээлийн чанарт анхаарах хэрэгтэй” гэдэг зөвлөгөөг өгчээ.
Монголын банкуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа “Чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа ч 37.1 хувь гэдэг бол өндөр тоо. Чанаргүй зээлийг бууруулахын тулд байгууллага хувь хүн бүр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Монголбанкны судалгаагаар зээлийн эрэлт их байгаа аж. Гэвч тэр бүр зээл авч чадахгүй байна. Яагаад гэвэл банкууд зээлийн үйлчилгээний шимтгэл, барьцааны шаардлагаа ч өөрчилсөн байна. Тухайлбал, томоохон банкууд зээлийн барьцааны шаардлагаа ч чангалсанбайгаа. Харин жижиг банкууд зээлийн шугамаа нэмэгдүүлж, барьцааны шаардлагаа бага зэрэг сулруулсан байгаа юм. Гадаад валютын зээл буурах хандлагатай байна. Учир нь гадаад валютын ханшийн савалгаа өндөр байгаатай холбоотой.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn