“Улаанбаатар хотын банк” Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар газар аваад, барилга барихаар зэхэж байгаа билээ. Барилга хоорондын зайн стандарт зөрчсөн, сонгон шалгаруулалтад оролцоогүй уг газрын эрхийг 2013 онд Э.Бат-Үүл дарга захирамж гарган олгосон байгаа юм. Өндөр барилга барихын тулд компаниуд, хотын төвийн газрыг ямар ч аргаар хамаагүй авдаг олон жишээ бий. С.Эрдэнэ сайдын босгосон “Шонхор оффис” гэхэд л “Төгс эрдэм” хэмээх төрийн бус байгууллагын нэр дээр газар авсан байдаг. Гэтэл одоо болохоор сайдын хүүхдүүдийнх нь хувийн бизнесийн, түрээсийн талбар болж хувирсан байгаа. Ядарсан хүүхдүүдэд туслах нэрийдлээр, хувийн бизнесээ тэтгэхийн тулд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрийн, хотын төвийн газрыг авч барилга барьж чадсан гэсэн үг.
Үүнээс гадна өнгөрсөн 2011 оны хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт “Алтай констракшн” ХХК орон сууц барих ажил эхлүүлсэн байдаг билээ. Гэвч тэндэхийн оршин суугчид болон харьяа хорооны захиргаанаас эсэргүүцэл илэрхийлсэн учир хотын мэр Г.Мөнхбаяр 370 тоот захирамж гарган, тус компанийн дээрх газрын зөвшөөрлийг цуцалсан байдаг.
Өөрөөр хэлбэл, “Алтай констракшн” ХХК 2000 онд иргэн н.Лигдэнгээс 71.8 метр квадрат газрыг худалдан авч, 2004 онд уг газраа өргөтгөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 4000 метр квадрат болгоод авчихсан юм билээ. Улмаар 2010 онд уг газраа 9000 метр квадрат буюу 0.9 га газар болгон, орон сууц барих ажил эхлүүлж байхдаа ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Ингээд барилга барих газраа “Алтай констракшн” авч үлдэхийн тулд Хотын дарга Г.Мөнхбаярыг шүүхэд өгч, давж заалдсаар олон шатны шүүхээр орсон боловч, хууль бус газар болох нь тогтоогдож, “Алтай констракшн” ялагдаж тэндэхийн газрыг олон нийтийн өмчид авч үлдсэн түүх бий.
Тэгвэл “Улаанбаатар хотын банк”-ны уг газар мөн л хууль бус байгаа учир газар эзэмших зөвшөөрлийг цуцлахад болохгүй гэх зүйл алга. Сарны титэмийн урд талын авто зогсоол байсан уг газарт мөн л барилга барин хувийн бизнесээ цэцэглүүлж, олон нийтэд ашигтай авто зогсоолыг үгүй хийх гэж байна.
Хотын мэр асан Г.Мөнхбаяр “Алтай констракшин”-тай үзэлцсэн шиг Э.Бат –үүл “баатар” шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын банкны газар эзэмших зөвшөөрлийг цуцалж, ядарсан ард түмнээ авто зогсоолтой үлдээмээр байна.
Үргэлжлэл бий
Н.Ганаа