Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нялх хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэг олны анхаарлыг татсан билээ. Тиймээс цэцэрлэгийн багшийн ёсзүйтэй холбоотой гомдлыг аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгаж үзээд, тэрхүү бичлэгийг цахим хуудсандаа байршуулснаар эл хэрэг нийтэд хүрсэн. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа хүүхдийг харгисаар зодож, тамласан эмэгтэйд холбогдох хэргийн талаар онцолж байна.
2015.12.04: Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нялх хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэг олны анхаарлыг татаад байна. Тэгвэл цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад нэгэн иргэн гаргаснаар тус газрын байцаагч нар хууль хяналтын байгууллагынхантай хамтран холбогдох шалгалтыг хийжээ. Энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн туслах багш хүүхэд зодсон хэрэг гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд багшийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Манайх бол ийм зөрчил гарсан байна. Холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно уу гэсэн утга бүхий албан тоотыг аймгийн Боловсролын газарт нь явуулна. Тэр газар нь арга хэмжээ авах ёстой” хэмээсэн юм. Хүүхэд зодож буй энэ хүн цэцэрлэгийн тогооч юм байна. Учир нь тус цэцэрлэгт туслах багш байхгүй тул хоолны цагаар туслах багшийн үүрэг гүйцэтгэж хүүхдүүдийг
хооллодог байжээ.
2015.12.04: МХЕГ болон аймгийн МХГ-аас тус цэцэрлэгийг хааж, багшийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Харин энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Багш хүүхэд зодсон энэ хэрэг бол намар болсон асуудал. Тухайн бичлэгийг цэцэрлэгт хамт ажилладаг байсан хүн нь хийсэн юм билээ. Тэгээд хэдхэн хоногийн өмнө аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт бичлэгийг аваачиж өгсөн байсан. Тиймээс аймгийн МХГ-аас шалгалт хийж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Одоогоор хэргийг дөнгөж шалгаж эхлээд байна. Эцэг, эхчүүд, хүүхдээс мэдүүлэг авч эхэлсэн. Хэргийн материалыг прокурорт хянуулаад явж байгаа бөгөөд удахгүй багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх байх. Цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан” гэсэн юм.
2015.12.04: Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч нялх хүүхдийг тамлан зовоож, хоол идсэнгүй хэмээн зодож занчиж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй сар гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж. Харин өөрөө ажлаас халагдсаны дараа уг бичлэгийг эцэг, эхэд нь өгч, асуудал үүсчээ. Хүүхдийг харгис хэрцгий тамлаж буй уг тогоочийн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд мөн бичлэг хийсэн багшид ч хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ УИХ-ын гишүүн Г.Уянгад мэдээлжээ. Хүүхдийг үзүүлэхээр аав ээжтэй нь хот руу явуулсан бөгөөд зодуулсан бяцхан хүү татаж унах шинж тэмдэг илрэх болсон аж. УИХ-ын гишүүн Г.Уянга дахин ийм асуудал үүсгэхгүй байхад анхаарах, бүх цэцэрлэгийг камержуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Л.Гантөмөр сайдад уламжлах юм байна. Мөн хүүхэд зодсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлж байхыг Засаг даргад сануулжээ.
2015.12.04: Хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлсэн уг бичлэгийг олон нийтэд цацагдсаны дараа багшдаа зодуулсан хүүгийн аав Э.Бат-Очиртой холбогдлоо. Тэрбээр “Хүүгийн маань зодуулж байгаа тэр бичлэг өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр хийгдсэн гэсэн. Харин бид энэ талаар энэ сарын 01-ний орой мэдсэн. Тэр үед манай хүү 10 сартай байсан. Одоо энэ сард нэг ой хүрнэ. Тэр эмэгтэй “Оюуны хөгжил” цэцэрлэгийн захирлынх нь төрсөн дүү юм билээ. Тэр цэцэрлэгт тогооч, үйлчлэгч хийдэг эмэгтэй. Хүүхэдтэй харьцах ч эрхгүй хүн тийм хэрэг хийсэн байгаа юм. Бид аравдугаар сарын 19-ний өдрийн цэцэрлэгийн бичлэгийг шүүлгэсэн. Тэр өдрийн бичлэгт манай хүү байгаагүй. Харин бичлэгийг ангийнх нь багш гар утсаараа хийсэн юм билээ. Багш нь тэр тогоочийг урьд нь хүүхэд зоддог гэдгийг мэдэж байсан гэсэн. Тэгээд баталгаажуулах байдлаар хийсэн юм шиг байна. Учир нь тэр тогооч эмэгтэй захирлынх нь дүү гэдэг утгаараа их эрх мэдэлтэй, бусдаар юм хэлүүлдэггүй хүн шиг байгаа юм. Бас манай хүүгийн ангийн багшийг албан тушаалаараа дарамталдаг байсан гэсэн. Өмнө нь хүүхэд зодлоо гэж хэлэхээр нэлээд асуудал үүсч байсан гэсэн. Ингээд тухайн өдөр биднийг хандахад “Оюуны хөгжил” цэцэрлэгийг хаана гээд лацаа аваад гарсан юм. Гэхдээ хаагаагүй байсан. Харин өчигдөр /12.03/ хаасан байна билээ. Бид хүүхдийг маань зодсон эмэгтэйд гомдолтой байна гээд Дундговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Одоогоор хэргийг шалгаж байгаа. Хүүгийн маань зан ааш, биеийн байдал урьдынхаасаа их өөрчлөгдсөн. Мөн манай хүүгийн толгой өвдөж, халуурдаг болсон. Тэгээд бид эмнэлгийн байгууллагаар явсан чинь рахиттай байна, гэдэс нь гүйлгэж, толгой нь өвддөг ийм ханиад гадуур байгаа гэхээс өөрийг хэлээгүй. Бид ч гэсэн “тийм юм байлгүй дээ” гээд итгэсэн байсан. Дараа нь 2-3 удаа толгой нь өвдөж, таталт өгсөн. Тэгээд бариулсан. Одоо бодоход зодуулдаг байснаас болсон юм шиг байна. Хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовж байна” гэсэн юм.
2015.12.07: Олон хүний дургүйцлийг төрүүлж буй энэ эмэгтэй огт гэмшсэн шинжгүй эцэг, эхийнх нь өөдөөс “яадаг юм, хохь нь” гэсэн бөгөөд хот руу эмчлүүлэх замын зардлыг нь өгсөн гэж худлаа ярьсан байна. Тиймээс охины эцэг, эх тэр эмэгтэйг сэтгэцийн өвчтэй байх гэж таамаглаж байгаа гэнэ. Мөн хүүхэд нь цэцэрлэгт явж эхлээд л удалгүй өвдөж, байнга шахам эмнэлэгт хэвтдэг болсон нь энэ хүнтэй холбоотой гэж эцэг, эх нь гомдолтой байгаа аж. Ямартай ч хүний алаг үрийг тамлан зовоож буй энэ эмэгтэй, хамт суугаад бичлэг хийж байсан хүн хариуцлагаас мултрах учиргүй. Энэхүү бичлэгийг үзсэн иргэд харууссан, үзэн ядсан сэтгэгдлүүдийг үлдээсээр байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангиар биеэ хамгаалах чадваргүй мэдсээр байж тарчлаасан (удаа дараа энэ үйлдэл давтагдсан) гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэхгүй юм бол олон олон ээжүүд нэгдэж, хуулийн зохих хариуцлага хүлээтэл тэмцэх болно гэдгээ хүртэл мэдэгдээд байгаа юм.
2015.12.11: Хүүхдийг зодож буй дүрс бичлэгийг утсандаа буулгасан багш Э.Янжинлхам хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Бичлэгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгт үзүүлсэн. Гэтэл тэр оройдоо л хурал зарлаад, намайг болон өөрийн төрсөн дүү, хүүхэд зодсон тогоочийг ажлаас халсан. Ингээд би ажлаас халагдсанаас хойш арваад хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тухайн бичлэгийг хүүхдийн аав, ээжид хүргэж өгч үзүүлсэн. Маргааш нь хүүхдийн аав, ээж бичлэгийг аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэст аваачиж үзүүлснээр энэ хэрэг олон нийтэд ил болсон. Бичлэгийг цэцэрлэгийн эрхлэгчид үзүүлэхээсээ өмнө ээж болон дүү нарынхаа утсан дээр хуулж авсан. Хэрвээ ганц хувь байгаад, ямар нэг байдлаар устгасан бол ёстой л нуун дарагдуулсан болчих гээд байсан. Ингэж олон хоногийн дараа бичлэгийг дэлгэсний учир нь тухайн цэцэрлэгийн эрхлэгч болон тогоочийг буруугаа хүлээгээд, зодуулсан хүүхдийн аав ээжтэй нь надаас өмнө очиж уулзаад, уучлал гуйх болов уу гэж бодсон юм. Намайг буруутгаж байгаа хүмүүсийг би янз бүрээр бодохгүй ээ. Хамгийн гол нь би хүүхэд зодож байгааг харсаар байж юу ч хийхгүй зогсож чадаагүй. Намайг гар утсаа барьж зогсож байгаад тэр бичлэгийг өөрөө хийсэн гэж ойлгоод байх шиг байна. Тухайн тогооч өмнө нь хэд хэдэн удаа хүний хүүхэд зодож байсан болохоор би тэр үед юмыг яаж мэдэх вэ гэж бодоод өдрийн хоолны цагаар цонхны тавцан дээр утсаа хөдөлгөөнгүй байрлуулчихсан юм. Намайг гал тогооны өрөө рүү явсан хойгуур энэ бүхэн болж өнгөрсөн байсан. Өмнө нь хүүхэд зоддог байхад нь би зүгээр дуугүй өнгөрч байсан удаагүй. Ингэж болохгүй шүү дээ гэдгийг нь тухай бүрт нь хэлдэг байсан. Гэтэл эрхлэгчийн төрсөн дүү болохоор намайг янз бүрээр хэлж, дарамталдаг байсан. Энэ тогооч бол цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэгийн дүү. Тогооч, үйлчлэгчийнхээ цалинг давхар авдаг. Тогоочийн нөхөр нь жижүүрийн цалин авна. Эрхлэгчийн охин нь нягтлангийн цалин авдаг. Ерөөсөө л гадны хүн хоёрхон байсан нь нөгөө бүлгийн настайвтар багш, бид хоёр. Энэ хэргийг нэг тийшээ шийдэгдтэл ажилд орох боломж үнэндээ надад алга. Цагдаагаас байн байн дуудаастай. Дээрээс нь бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш тэр тогоочийн ар гэрийнхэн намайг байнга дарамтлах болсон. Нөхөр нь архи уух бүртээ “Манай эхнэрийн мууг үзсэн. Чамайг ална” гээд гэрт ирж агсам тавьдаг. Үүнээс болоод нөхөр бид хоёр гэртээ очиж чадахгүй, гурван хүүхдээ дагуулаад айл айлаар хонож өнжиж явах болоод байна. Би энэ болгоныг бодож үзээгүй юм. Энэ бичлэгийг ил болговол надад ингэж тэгж нөлөөлөх юм байна гэж үнэндээ төсөөлөөгүй. Тэднийг өөрсдийнхөө бурууг ухамсарлах болов уу л гэж бодож байсан. Тэдний мууг үзэх гэсэндээ биш. Гэтэл эсрэгээрээ намайг хүний муу үзэх гэсэн гэж бодож байна. Энэ хэрэг хамгийн гол нь үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж л хүсч байна.
Дундговь аймагт хувийн цэцэрлэгийн тогооч хүний нялх үрийг зодож, ам руу нь хоол чихэж, яргалж байгаа бичлэг цацагдаад удаж байна. Үр хүүхэдтэй хүн бүрийг бухимдуулсан, сэтгэлийг нь сэмлэсэн энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тогоочоос гадна бичлэг хийсэн багшийг ч бас шалгаж байгаа гэх. Ямар ч байсан энэ балмад үйлдлийнхээ төлөө цэцэрлэгийн тогооч гэгдэж байгаа эмэгтэй ял шийтгэл сонсох байх. Хамгийн гол нь энэ хэрэг эцэг, эхчүүдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэв. Учир нь миний нялх үрийг аль ч цэцэрлэгийн багш, яаж ч тамлаж, зодож байж магадгүй гэх бодолд хүн бүрийг автуулж байна. Зөвхөн энэ хэрэг ч гэлтгүй Сэлэнгийн Мандалд цэцэрлэгийн багш хүүхдийн хөл түлсэн асуудал байна. Саяхан бас фэйсбүүкээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ загнаж, чанга чанга цохиж, уйлуулж байгаа бичлэг тарсан. Ард иргэд өглөөнөөс орой болтол дугаарлаж, зарим нь хонон барин байж цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа.
Зарим хэсэг нь сардаа 200-300 мянган төгрөг төлж, хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч байна. Гэтэл цэцэрлэгийн багш нар, тогооч нь хайр гамгүй зодож, нүдэж, түлж, гэмтээж байна гэдэг арай хэтэрсэн хэрэг биш үү. Тэр дундаа хувийн цэцэрлэгийн тогооч эцэг, эхээс нь мөнгийг авчихаад, хүүхдийг нь зодоод байж байна гэдэг хэтэрхий даварсан хэрэг. Тийм болохоор улс, хувийн гэлтгүй бүх цэцэрлэгийг камержуулмаар байгаа юм. Мөн хүүхэд зодсон, яргалал, хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлсэн багшийн эрхийг шууд хасдаг баймаар байна. Боловсролын яамнаас ийм журам гаргаад, багш нар хатуухан сануулга өгчихөд болохгүй юм байхгүй. Зарим нэг хүн хувийн цэцэрлэгийн тогооч хүүхэд зодсоны төлөө багш нар руу хандууллаа гэж хэлж болох юм. Угаасаа тэгнэ. Гэхдээ өнөөдөр илэрсэн нь л энэ болохоор бидний хүүхдийг хэн гэдэг багш, яаж ч яргалж, хүчирхийлж байгаа юм билээ, хэн мэдэх юм бэ.
Ойрноос л цэцэрлэгүүдэд камер суулгаж, хянаж эхлээд байгаа болохоор хуучин тийм юм байгаагүй. Тэгээд ч одоогоор камергүй, хяналтгүй цэцэрлэг зөндөө л байгаа. Хүүхдийг нь зодчихоод, аятайхан байж чадахгүй бол цэцэрлэгтээ явуулахгүй гэж дарамталж байгаа багш ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Асуудал үнэхээр мундахгүй их гарч байна. Тийм болохоор жаахан хатуухан арга хэмжээ авч эхлэхгүй бол иргэд бүхий л зүйлийн өмнө хүчин мөхөстөж байна. Тэртэй тэргүй хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байгаа. Тийм байхад хүүхдийг нь ганц хоёр алгадсан, цохисоныг эцэг, эхчүүд тоохгүй л өнгөрч байгаа шүү дээ. Ер нь бол цэцэрлэгийн багш гэдэг хэцүү ажил. Тэр олон хүүхдийн уйлаан майлаан, шуугиан дунд хэр баргийн хүн тэсэх хэцүү. Дээрээс нь хүүхдүүд шээс, баастайгаа хутгалдаад байвал бүр ч хэцүү гэдэг нь ойлгомжтой. Мөн хүүхдүүдийг унтуулна, хооллоно гээд бөөн асуудал. Айлын эрх хүүхдийн ааш аяг ч хэцүүхэн л байдаг байх. Бухимдах асуудал захаасаа аваад л урган гарч ирнэ. Гэхдээ л энэ бүхэн цэцэрлэгийн багшид бусдын хүүхдийг нүдэж балбах эрх өгчихөөгүй. Тэд энэ мэргэжлийг сонгосон л бол ном журмынх нь дагуу хийж, цалин мөнгөө авах ёстой. Харин тэр ном журманд нь бусдын хүүхдийг зодож болно гэж заагаагүй нь лавтай. Тийм болохоор бүх цэцэрлэгийг камержуулъя. Мөн хүчирхийллийн шинжтэйгээр хүүхэд зодсон багшийг насаар нь багшлах эрхийг нь хасч байя. Эсвэл хуульд цэцэрлэгийн багш хүүхдийг зодож, хүмүүжүүлж болно гээд заагаад өгчих, яршиг зүгээр.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: MMinfo.mn