Төрийн хамгаалалтын машинд гар буу сумны хамтаар нууж хил гарах гэж байгаад баригдсан А.Баярсайханыг ГХЯ-аас эргүүлэн татсан хэмээн мэдээлж байсан ч тэрбээр БНХАУ-ын Эрээн хотын консулын газар албан үүргээ гүйцэтгэсээр байгаа.
Түүнчлэн түүний оронд шинээр томилогдон очсон. н.Золзаяад албан тушаалаа өгөхгүй байгаагаас зочид буудалд хоног төөрүүлж, төлбөрийг нь Эрээний консулын газраас төлж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл эх сурвалжаас ахиад мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн баталснаар “Эрээний дэд консул А.Баярсайхан галт зэвсэг нууж хууль бусаар хил нэвтрүүлэх гэж баригдсаны дараахан хятадын тагнуулын байгууллага хөл хөдөлгөөнд орж, Монголын консулын газрын ажилтнуудын гар утсыг чагнаж, мөрдөн, гишгэх газаргүй болгож байна.
Улмаар Шиньжян-Уйгарын гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлээд байгаа. Энэ талын мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч явж байна. Дээр нь ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн гар хөл, хамаатан садан, багш, шавь нараар Монгол Улсыг төлөөлж Хятадад сууж байгаа элчингийн газрууд дүүрсэн. Хайлаарт төрсөн дүү нь, Эрээнд, Хөх хотод ах дүү амраг садан нь элчингээр суух боллоо. Тэднээрээ дамжуулж маш том машины сүлжээ бизнес эрхэлж байна” гэв.
Түүнчлэн А.Баярсайхантай холбогдох хэрэг гарсан өдөр Монгол Улсыг төлөөлөн суугаа Эрээний консулын ажил цалгардаж 75 хүнд үйлчилснээс 45 нь гомдол гаргасан байна. Гэвч ямар учир шалтгаантай нь тодорхойгүй гэнэтхэн л дээрх иргэд шүүхэд өгсөн гомдлоо эргүүлэн татсан гэдгийг дуулгав.
Иймд бид эх сурвалжаас авсан мэдээллийг нягтлахаар ГХЯ-ны “Мэдээллийн цаг” уулзалтанд очсон юм. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшингээс доорх тодруулгыг авлаа.
-ГХЯ-аас А.Баярсайханаас албан тушаалаас нь буулгаж, эргүүлэн татсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ А.Баярсайхан өнөөг хүртэл албан тушаалаа хашиж, ажилчдаа хагаралдуулаад зогсохгүй, Эрээний консулын газарт амьдарсаар байна. ГХЯ-аас яагаад өнөөг хүртэл түүнийг эргүүлэн татахгүй байна вэ?
– А.Баярсайханыг албан тушаалаас нь буулгасан. Гэвч хуулиндаа зааснаар элчин сайдууд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар тухайн улсад оршин суудаг учир хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг зохицуулах гээд хэд хоног саатаж байгаа.
-Гэтэл түүнийг албан тушаалаа өгөөгүйгээс болж шинэ консул н.Золзаяа буудалд 20 гаруй өдөр хоног төөрүүлж, төлбөрийг нь Эрээний консулын газраас өгч байгаа гэсэн. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Дипломат төлөөлөгчийн ажиллагсад зочид буудалд амьдардаггүй л дээ. Тэд өөрийн гэсэн орон байртай. Зарим нь Монгол Улсын өмч, зарим нь түрээсээр байраа эзэмшээд явдаг. Тэрэнд ямар нэгэн илүү санхүүжилт гарна гэсэн ойлголт байхгүй.
-н.Золзаяагийн тушаал нь гараагүй, консулын газартаа ч очоогүй байж тэндэхийн 20 гаруй ажилчдыг хольж солих тушаал гаргасан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар?
-н.Золзаяагийн тушаал нь гарсан байгаа. Ажиллагсдыг дипломат газрын тэргүүлэгч нь чөлөөлдөггүй. Хуулиараа ГХЯ-ны дэргэдэх салбар зөвлөл гэж байдаг. ГХЯ-ны салбар зөвлөл хуралдаад тухайн дипломат зөвлөлийн газар ажиллагсдыг томилдог.
– А.Баярсайхан галт зэвсэг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж оролдсоноос үүдээд Хятадын тагнуулын газар хөдөлгөөнд орж манайхныг тагнаж чагнаж эхэлсэн талаар мэдээлэл байна. Энэ тал дээр ГХЯ-аас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
– Хятадын тагнуулууд манайхныг тагнаж чагнаж байна гэсэн мэдээлэл надад алга. Хятадын хил хяналтын байгууллага дээр тэр буу зэвсгийг илрүүлсэн учраас бид өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд албан тушаалаас нь буулгаж тухайн байгууллагад нь шилжүүлсэн. Түүний дараа тухайн байгууллага нь болоод хууль хяналтын байгууллага нь өөрсдөө арга хэмжээгээ аваад явах байх” гэсээр гарч одлоо. Түүнээс нэмж мэдээлэл авах гээд хүч хүрээгүй юм.
Гэхдээ эндээс нэг л зүйл харагдсан гэдгийг нуух юун. Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшингийн баталснаар Монгол улсыг төлөөлж гадаадын улс оронд суух элчин сайд, консулын газрын ажилчдыг ГХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлөөр шийддэг. Гэтэл буу зэвсгийн хэрэгт холбогдохоор “бид албан тушаалаас нь буулгасан. Тухайн байгууллага нь арга хэмжээ аваад дараа нь хууль хяналтын байгууллагад шилжүүлж өгнө” гэдэг ямар учиртай үг вэ? “Тухайн байгууллага” гэж ямар байгууллагыг энд дурдаад байна вэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Магадгүй эндээс эх сурвалжийн баталсан шиг Төрийн нарийний ах дүү, амраг садангийн асуудал ч яригдаж байж болох юм. Аль эсвэл үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг ТЕГ-тай ч холбогдоотой байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Б.Хишигдэлгэр
Монголчууд мвьсныинь дээ.Явсан газар болгондоо өмхий үнэртүүлж, эх орон элгэн садныхаа нэрийг баастай хутгаж яваа энэ эрхэмүүд манай нийгмийн бүтээгдэхүүн шүүдээ. Та нарын өмнөөс ичиж үхэх дөхөх юм.Энэ төр засаг, төрд ажиллах хүнээ ч зөв сонгож чадахгүй өөрсдийн өрөөсөн дугуйнуудыг энд тэндэхийн албан тушаалд тавьсныг горыг бид амсах ёстой гэж үү
Билгээгийн дэндүү чалчаа, нэг талыг барьсан,ховч авгай нар шиг яриа энэ нэвтрүүлгийг гутааж байна шүү. Нэвтрүүлгийн ихэнх цагийг ганц хоёрхон асуудлаар дэндүү их чалчаа Билгээгийн яриа эзэлж байгааг анхаарна уу?