Comment.mn

Абдул Карим гэрээгээ цуцалж, Ерөнхийлөгчийн хориг дэмжигдсэн долоо хоног

Хэвлэх үйлдвэрийн барилгаас Карим Абдул яагаад татгалзав

“Улаанбаатар таймс” сонины барилгыг өнгөрч буй долоо хоногт дуудлага худалдаагаар Араб гаралтай, Монголын иргэн Абдул Карим худалдан авсан олны анхаарлыг татлаа.

Тэрбээр, уг барилгыг 24 тэрбум төгрөгөөр авсан бөгөөд дээрх газар дээр шилэн цамхаг байгуулна гэдгээ мэдэгдсэн. Хотын төвийн А бүс болох Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгын доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон үнэ хаялцаж, худалдан авсан юм.

Харин түүнтэй холбоотой янз бүрийн мэдээллүүд хэвлэлээр гарсан бөгөөд өчигдөр орой Абдул Карим дуудлага худалдаагаар авсан дээрх обьектоосоо тодорхой шалтгааны улмаас татгалзаж буйгаа албан ёсоор илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээн авах шийдвэр гаргалаа.

Ерөнхийлөгчийн хоригийн тухай асуудал 49 хувийн дэмжлэг авч, УИХ хоригийг хүлээж авсан юм. Энэ үеэр гишүүд 49 хувийн дэмжлэг авсан байхад яагаад хоригийг хүлээж авч байна вэ гэдэг асуултыг зарим гишүүн УИХ-ын чуулганыг даргалж байгаа Р.Гончигдоржоос асуусан. Тэрбээр “Хууль зүйн байнгын хороогоор дэмжээд явуулсан учир чуулганы хурлаар 33,3 хувийн дэмжлэг авсан байхад л хангалттай байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээж авна гэж заасан байдаг байна. Үүний дараа хоригийг тогтоолыг батлах санал хураалт явуулж 52,9 хувийн саналаар УИХ-ын тогтоол батлагдсан.

Г.Шийлэгдамбатай нэр бүхий гишүүд уулзжээ

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс авилга авсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Тодруулбал, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татан, цагдан хорих хугацааг 2 сар сунгасан. Ингэснээр Г.Шийлэгдамба өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс хойш хоригдож байгаа юм.

Түүнийг хоригдож байх хугацаанд АТГ болон ШШГЕГ-ынхан сайд асан Г.Шийлэгдамбыг хэнтэй ч уулзуулахгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь хүний эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл АТГ-ын байцаагчид өнгөрсөн хугацаанд Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн ар гэрийнхэн болон намын нөхөд, УИХ-ын зарим гишүүд очиж уулзсан байна.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр 5-ны өдөр УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар очиж уулзсан бол мөн сарын 24-ны өдөр түүний төрсөн дүү Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг нар очиж уулзсан нь тэмдэглэгдэн үлджээ. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, 24-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хүсэлт гаргаж уулзсан байна. Харин одоогоор намын дарга Н.Энхбаяр уулзаж амжаагүй байгаа аж.

Ерөнхий сайд Л.Жамбалжавыг сайд болгохоос татгалзав

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн ням гарагт хуралдаж Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.

Тэрбээр, “Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан ЭМС-ын сайдын суудлыг өөрсдөө авахаар ярилцаж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд ийм шийд гаргасан гэнэ.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.