АН-ын бодлого шийдвэр, тэр тусмаа Женко Х.Баттулга гэдэг хүний санал, санаачилгаар биелэлээ олох төмөр замд цэрэг эрсээ дайчлах ажил шүүмжлэл дагууллаа. Өөрөөр хэлбэл, АН-ын журмын нөхөр Э.Бат-Үүл Баатар цэрэгжсэн эдийн засгийг бий болгоноор бүх салбар уналтад орж, хувийн хэвшлээ тэнхрүүлэх биш сөхрүүлэх алхам болно гэдэг нэгэн шинэ гарц, гаргалгааг гаргасан нь зарим нэгнийх нь дургүй хүргэж, олон нийтэд таагүй уур амьсгалыг бүрдүүлчихэв. Э.Бат-Үүл даргын цэцэн мэргэн ухаанаар бол Х.Баттулгын “Сталин, Гитлерийн сүнсийг босгож” ирсэн гэх төмөр замжсан бодлого урагшлахгүй бололтой. Тэрбээр төмөр замд цэрэг эрсийг дайчлан ажиллуулах, гаднаас ажиллах хүчин оруулж ирэхгүй байх АН-ын өгөөжтэй бодлогын талаар ийн дүгнэсэн юм.
Х.Баттулга дарангуйлагч уу
“Ардчилал хөгжсөн Монгол оронд, 25 жилийн дараа зочирдмоор зүйл харж байна. Төмөр замыг 10 мянган цэргээр бариулна гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ нь чөлөөт эдийн засаг, ардчиллыг сүйтгэнэ. Цэргийн эдийн засаг бий болгоно гэсэн үг. Жишээлбэл, Гитлер олзны цэргүүдээр замаа бариулж, олзны хоригдлуураар цэргийнхээ хэрэгтэй зүйлийг хийлгэж байсан. Сталин олзлогдсон цэргүүдээр төмөр замыг тавиулсан. Өөрөөр хэлбэл, Германы талд урвасан олзлогдсон цэргүүдээр Монгол дахь төмөр замыг Хятад руу зэр, зэвсэг зөөхөд зориулж барьсан. Эрээнцаваас-Чойбалсан, Хиагтаас-Урд хил хүртэл ийм төмөр зам тавьсан. Гитлер, Сталин, тэр битгий хэл коммунистууд хүртэл цэргийн коммунизмаасаа жийрхдэг байсан. Нэг үгээр хэлбэл, цэрэгжсэн эдийн засаг бүх салбарыг дампууруулна. Хувийн хэвшил байхгүй болно. Ажил хийе гэвэл цэрэгт л ордог болох нь. Тэгэхгүй бол ажлын байр олдохгүй болно гэсэн үг. Гэтэл ийм аймшигтай юм яриад сууж байна. Зориуд хэлэхэд, хүн төрөлхтөнд ийм бизнесийг дарангуйлагчид хийж байсан. Энэ хүмүүс юу ярьж байгаагаа ерөөсөө ойлгосонгүй. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэхэв. Ийм ардчилсан үзэлтэн, ийм цэргийн коммунист гэж би яаж мэдэхэв дээ. Өөрөөр хувийн хэвшилд ажиллаж байсан хүн. Энэ нь хувийн хэвшлийг бүгдийг нь дампууруулна гэсэн үг. Ямар юм руу явж байгаа үр дагаврыг ерөөсөө ойлгохгүй байна” гэсэн байр суурийг хотын дарга илэрхийлж, Үүл, Тулга хоёр төмөр зам дахь зөрчилдөөн цахим ертөнцийн орчинд хүчтэй өрнөж, тэднийг даган дуйраагчид мэтгэлцэж эхэлсэн.
МоАХ-ын партизанууд 9 хоногийн хугацаа өглөө
Тэр байтугай Үүл даргын Тулгад өгсөн цэцэрхлээс МоАХ удирдлагаа солиход хүрсэн юм. МоАХ-ын партизанууд Э.Бат-Үүлийн үгээс дөрөөлж “Х.Баттулгын ганцаарчилсан тоглолт” гэсэн эсэргүүцлийг бичиг цацаж эхэлсэн юм. Нөгөөтэйгүүр Х.Баттулгыг МоАХ-ын удирдлагын ажлаа хүлээлгэж өгөхөд 9 хоногийн хугацаа өгч, сануулга хүргэв. Тэд “Х.Баттулгын ганцаарчилсан тоглолт” гэсэн эсэргүүцлийн үгэндээ “10 жил болсон байна! Зүгээр л ажлын тайлан тавьж ний нуугуй яримаар байна. Эх оронч санал санаачилга, хүчин чармайлтууд хийсэн бутээсэн бүхнийг нь үгуйсгээгүй. Гэхдээ доод, дунд, түвшинд МоАХ-гоор тоглоод дууслаа! МоАХ улс орон даяар бүтэцтэй түг түмэн гишүүнтэй. УИХ дахь МоАХ фракц, Монголын Ардчилсан Холбоо хоёр арай өөр, өөр үүрэг функцтэй өөр өөр бүтэц юм л даа. Тэгээд нэгийг нь нөгөөгөөр нь хараад баясаад суугаад байж яав ч таарахгүй. Тиймээс МОХ-ны ерөнхийлөгч асан М.ЗоригтыгМоАХ-ны даргад нэр дэвшүүлж байна” хэмээн илгээж эхэлсэн юм. Тэгэхээр Үүл даргын үг МоАХ-ын партизануудаас Х.Баттулгад гарчиглаж, чиглэсэн дайралт болж хувирахыг хэн санах билээ. Ямар ч байсан ардчилсан хувьсгалыг тэмцэгч партизануудаас нь өнөөдөр МоАХ-ныхоо даргыг ингэтлээ жихүүцэхэд хүргэсэн хэн, хэндээ гомдсон гоморхол байхыг үгүйсгэхгүй биз.
А.БИЛГҮҮН
Эх сурвалж: News.com