Улаанбаатарын хот төлөвлөлт алдагдсанаас Үндсэн хуулиар олгогдсон Нийслэлчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Эмх замбараагүй байдлаас үүдэж, иргэдэд явах газар ч бараг үгүй болж, явган хүний замыг хааж таглаж, барилга байгууламж барихаас гадна хууль бусаар авто зогсоолын газар ажиллуулдаг асуудал газар авч иргэдийг бухимдуулсаар байгаа юм. Алга дарам газрыг ч автозогсоол болгож ард иргэдээсээ мөнгө саах гэсэн арга улам нарийсчээ. Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд машин тавих зогсоолоо огтхон ч шийдэж чаддаггүй. Тэгсэн хэрнээ үйлчлүүлэхийн тулд машинаа түр тавьж, авто зогсоолыг ажиллуулж байгаа хүний “аманд орсон” мөнгийг төлөхөөс өөр аргагүй болдог.
Тиймээс бухимдсан иргэд Нийслэлийн авто замын газарт өнгөрсөн долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 30-аад байршил дээр гомдол гаргаж өгчээ. Тус газарт иргэдийн гомдлыг шалгах эрх зүйн үндэслэл байхгүй учраас Мэргэжлийн хяналтын газарт иргэдийн гомдлыг шалгуулах албан бичиг хүргүүлдэг ажээ. Ихэвчлэн иргэдээс “Нийтийн эзэмшлийн талбай ашиглаж машины зогсоол болгочихоод мөнгө аваад байгаа нь зөв үү, шалгаж өгөөч” гэсэн гомдол ирдэг байна.
Уг нь нийслэлийн хэмжээнд Засаг даргын захирамжийн дагуу автозогсоол байх зөвшөөрөлтэй 12 газар байдаг. Тодруулбал, “Хангарьд ордон”, “Спортын төв ордон”, “Замын цагдаагийн газар”, “Уул уурхайн яам”, “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”, “Сангийн яам”, “УДЭТ”, Барилгачдын талбай, “Гурван гал” худалдааны төв, “Ханбүргэдэй” “Сүхбаатар дүүрэг” зэрэг 12 газар автозогсоолын зөвшөөрөлтэй бөгөөд журамд заасны дагуу төлбөрөө хурааж, 60 хувийг нь авто тээврийн санд орлого гэж оруулдаг ажээ. Иргэдийн бас нэг бухимдах шалтгаан нь төлбөрийн мөнгө нь замын санд орохгүй байгаад ундууцдаг гэнэ. Түүнээс гадна ил далд хэлбэрээр Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжийг түрүү барьж, худлаа хэлж авто зогсоол ажиллуулдаг олон газрууд бий. Тэдний тоог гаргах боломж байхгүй гэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль, дүрэмд нь захирагдаж хотын даргын болон улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал огтоос тоодоггүй, шийдвэр биелүүлдэггүй аж ахуйн нэгж, албан байгууллага байдаг аж.
Тухайлбал, УБТЗ-ын автовакзол, Удирдлагын газрын удирдлагууд албан байгууллагынхаа үүдэнд зөвшөөрөлгүй автозогсоол ажиллуулдаг байна. Тэдэнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын акт үйлчилдэггүй, хүлээж авдаггүй, хэрэгжүүлдэггүй, “Бараг та нартай харьцах шаардлага байхгүй. Цаашаа бай” гэх ухааны юм урдаас нь яриадаг гэнэ.
Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаах зогсоол руу машин ороод гарсан ч хэдэн цаг болсон ч 1000 төгрөг авдаг бол “Бишрэлт” зочид буудлын гадаах төлбөртэй зогсоол өглөө 08-аас оройн 20 цаг хүртэл байлгаад 2000 төгрөг авдаг аж. Харин Улаанбаатар зочид буудлын зүүн талд машины зогсоол байх бөгөөд “зочны машинд хамаарахгүй” гэж бичсэн хэрнээ, манаачийн байрны ар талд нь “төлбөртэй зогсоол” гээд үнийг нь доош нь цувуулж бичсэн харагдана. Энэ талаар манаачаас нь “Төлбэртэй зогсоол чинь яг аль нь юм бэ” гэж асуухад “Манайх төлбөртэй зогсоол ажиллуулдаггүй. Тийм зүйл байхгүй” хэмээн худлаа хэлээд халгаасангүй. Энэ мэтээр хууль бусаар төлбөртэй зогсоол ажиллуулж, авсан мөнгө нь хувь хүний халаас руу ороод байгаад хамаг учир байгаа юм. Гол төлөв худалдаа үйлчилгээний төвүүдийн үүдэнд зогсоол хүрэлцээгүй учраас иргэдээс мөнгө хурааж машиныг нь тавиулаад байгаад ихээр бухимддаг аж. Тиймээс Нийслэлээс зөвшөөрөлгүй автозогсоолыг цэгцлэж, мөн төлбөртэй зогсоол нэмэгдүүлэх нь зөв хэмээн үзэж энэ ондоо багтаж тендэр зарлахаар болжээ.
Ингээд дээрх зөвшөөрөлгүй газруудад шалгалт хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч Д.Өлзийбаяраас зарим зүйлийг тодруулав.
-Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй автомашины зогсоол болгож, иргэдээс хууль бусаар мөнгө аваад байна гэсэн гомдол Нийслэлийн автозамын газарт иржээ. Үүнд танайхаас хяналт шалгалт хийсэн гэсэн?
-Манайхаас Нийслэлийн автозамын газрын албан бичгийн дагуу өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автозогсоолын хэд хэдэн газруудаар хэсэгчилэн шалгалт хийсэн. Төлбөртэй зогсоолын зөвшөөрлөө аваагүй хууль бусаар машины зогсоолын газар ажлуулдаг газрууд байна. Тэдэнд акт тавьсан ч тэд хүлээж аваагүй, биелүүлдэггүй, тоодоггүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулаад байгаа юм. Тиймээс манайхаас Нийслэлийн цагдаагийн газарт болон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст албан бичиг хүргүүлсэн.
-Хэчнээн газарт акт тавьсан байгаа вэ. Яагаад улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлдэггүй юм бэ?
-Зургаан аж ахуй нэгжид акт тавьсан байгаа. Эд нарт авто зогсоол ажиллуулах зөвшөөрөл огтоос байхгүй, бас аваагүй хэрнээ улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлдэггүй юм даа. Тодруулбал, УБТЗ-ын авто вокзал, УБТЗ-ын Удирдах газар, “Грандплаза”, Хорооллын “Өргөө -1”, “Хархорин”, “Барс” , “Нарантуул” зэрэг газруудыг шалгасан бөгөөд бүгд зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж байна. Ер нь бол нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй газрууд олон байгаа даа. Жишээлбэл, “Тэнгис” кинотеарт, “Бөмбөгөр”, “Бишрэлт” зочид буудлын гаднах талбай гээд бүгд зөвшөөрөлгүй хэрнээ машин тавиулаад мөнгө аваад байгаа.
-Төлбөрийн хувьд хэд байх ёстой вэ. Их мөнгө нэхдэг нь жолооч нарыг бухимдуулаад байдаг?
-Зөвшөөрөлтэй газрууд бол журамд заасны дагуу 30 минут нь 500 төгрөг, 60 минут нь 1000, 90 минут нь 1500, 120 минут нь 2000 мянга түүнээс дээш минут зогсвол зогсоохгүй буюу зөвшөөрөхгүй. Гэтэл зөвшөөрөлгүй газрууд дурын буюу аманд орсон үнээ хэлж иргэдийг саах шулах тохиолдол бий дээ. Уг нь журам дээр заасны дагуу л төлөх бас авдаг баймаар юм.
-Тэгээд захирамж болон мэргэжлийн хяналтын байцаагчдын тавьсан актыг биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх нь нээлттэй байгаа биз дээ?
-Хуулийн хариуцлага хүлээлгэхээр цагдаад хандсан байгаа гэдгээ хэлсэн шүү дээ. Тэндээс ямар дүгнэлт ирэх нь үү, түүнийг нь харж байгаад хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох буюу 768 мянгаар торгох хүртэл арга хэмжээ авна даа. Хууль хэрэгжүүлэгч байгууллагуудтай л хамтарч арга хэмжээ авахгүй бол хүчрэхгүй ээ.
-Танайд иргэдээс гомдол ирдэг үү?
-Цөөхөн ирнэ дээ. Ихэнх тохиолдолд иргэд Нийслэлийн автозамын газарт ханддаг юм билээ. Манайд нэг иргэн “Барс” захын хойд “Анар” зочид буудлын гадаа автозогсоол ажиллуулж төлбөр хурааж байна” гэсэн гомдлоор очиж шалгаад үйл ажиллагааг нь зогсоосон.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com