Comment.mn

Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу

Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой.

Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон л бол “идэж уухаа” урьтал болгож асуудалд орж, дээд эзнийхээ хамгааллыг авч чадахгүй бол шууд л  гадаад уруу зугтдаг жишиг тогтов. Улсад их хэмжээний хохирол учруулсан тэднийг интерполоор эрэн сурвалж олсон ч цаадах нь иргэдээ өмгөөлж хамгаалдаг барууны томоохон гүрний иргэншилтэй болсон байх жишээтэй.  Ингээд хэсэг хугацааны дараа гэмгүй иргэний хувиар эргэн ирж, төрд шургалахыг хүсдэг ба басхүү АНУ, Канад зэрэг барууны орны давхар иргэншилтэй түүнийг саатуулан шалгаж эрхэнд нь халдаж болохгүй. Ийм л байдал Монголын улстөрд тогтох гээд байна.

Саяхны нэгэн жишээг дурдвал Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр саатуулан шалгах явцад “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг шалгах шаардлагатай болсон ч тэд аль хэдийнэ гадаад руу зугтжээ. Ингэх болсон нь ч цаанаа учиртай бөгөөд Б.Батзаяаг бодвол Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар дээрээ “том ах”-гүй. Тиймдээ ч гадаад уруу зугтжээ. Тэгвэл Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалж, Ч.Ганбатыг олоход мань хүн АНУ-д бүгж байсан бөгөөд тус улсын иргэншил авсан байжээ. Түүнчлэн түүнийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин танил тал, санхүүгийн байдлаа ашиглан аль эрт давхар иргэншил авсан байх магадлалтай хэмээн үзжээ.

Мөн үүнтэй холбогдуулан төрд томоохон албан тушаал хашиж буй болон тэдний гар хөл болсон давхар иргэншилтэй хүн ганц дээрх жишээгээр хязгаарлагдахгүй хэмээх хардлага төрж байна. Нөгөө талаас Монгол Улс төрийн томоохон албан тушаалд ажиллаж буй хүмүүсээсээ эхлээд давхар иргэншилтэй эсэхийг нь шалгаж үзэхэд гэмгүй санагдлаа.

Учир нь авлига аваад арын хаалга нь дийлэхгүй асуудалд орохоороо гадаад уруу зугтаж, тэндээсээ эх орон уруугаа нулимж, хууль эрх зүйн чадамжгүй байдлыг нь тохуурхан суудаг боллоо.

Э.Төгс

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.