Comment.mn

УИХ-ын даргын ҮХ зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай мэдээллийг нь хянасан цэцийн гишүүний шийдвэрт гомдол гаргажээ

Тэрбээр Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы тов, хэлэлцэх асуудлыг тогтоох тухай 156 дугаар захирамж гаргахдаа эрх бүхий субъектээс УИХ-д огт өргөн мэдүүлээгүй, өргөн мэдүүлэх эсэх нь ч тодорхой бус зарим асуудлыг тусгасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд…төрийн байгууллагын …шийдвэр, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасныг Цэцийн гишүүн Д.Солонго хянан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 16-нд гаргасныг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргажээ.

Нэг. Тэрбээр өөрийн гаргасан мэдээллийн агуулга, шаардлагад огт хамааралгүй үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзжээ.

Тухайлбал, түүний мэдээллийн агуулга, шаардлагад УИХ-ын дарга ээлжит бус чуулган санаачлан хуралдуулах бүрэн эрхтэй эсэх, ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох гэх шаардлага байхгүй ба Д.Солонго гишүүн дээрх үндэслэлээр шийдвэр гаргасныг эс зөвшөөрчээ.

Иргэн М.Төрбат нэгдүгээрт Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай саналыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бол:

1.УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гэснээр Ерөнхийлөгч болон нэр бүхий УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн;

2.Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлснээр сая УИХ-ын дарга уг асуудлыг захирамжиндаа тусгах эрх үүсэх хуулийн шаардлага хангагдсан эсэх, мөн дээрх эрх бүхий субьектүүд тухайн асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн эрх зүйн баримт бичиг байгаа эсэхийг Д.Солонго гишүүн нягтлан тогтоож дүгнэлт гаргаагүйг Цэцийн бага суудлын хуралдаанаар хянуулан тогтоолгож дахин дүгнэлт гаргуулахыг хүсчээ.

Хоёр. Тэрбээр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын…бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” , Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг УИХ-ын дарга зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахыг хоёрдугаарт хүссэн байна.

Гэтэл цэцийн гишүүний тогтоолд энэ тухай огт дурдагдаагүй, ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисныг мөн Цэцийн бага суудлын хуралдаанаар хянуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэйгээ онцолжээ.

Цэцийн гишүүн шийдвэртээ “Иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргаас холбогдох тайлбарыг гаргуулан авсан болно” гэж тэмдэглээд, “…УИХ-ын дарга …ээлжит бус чуулганыг 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлан 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр …зарлах тухай 156 дугаар захирамж гаргасан байна”гэсний дараах 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд …2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” асуудлыг ЗГ-1/176 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байх бөгөөд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан байна. Уг хурлаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон байна” гэж УИХ-ын даргаас ирүүлсэн тайлбарыг үндэслэн дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь УИХ-ын дарга 156 дугаар захирамжийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасныг, харин Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай саналаа Үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрх, Монгол Улсын Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн зарчим зөрчигдсөнөөс хойш есөн өдрийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг маргаангүйгээр нотолж байна гэж үзсэн байна.

Ингэснээр Д.Солонго гишүүний тогтоол нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын…бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэх зөвхөн Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг болон Монгол Улсын Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг УИХ-ын дарга зөрчсөнийг давхар нотолжээ.

Зүй нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ дагуу дээрх асуудлыг 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өргөн барьсны дараагаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд…төрийн байгууллагын …шийдвэр, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг баримтлан УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулан захирамжлах нь Үндсэн хуульд нийцэх байсан гэж гомдолдоо дурджээ.

Гурав. Тэрбээр 1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг ард нийтээр гурван сар хэлэлцүүлэн, нийт ирсэн 200 мянган саналаас 44 хувийг нь тусгасан төслийг Улсын Бага Хурлын гишүүд дөрвөн хэлэлцүүлэг дамжуулж хоёр удаа, Ардын Их Хурлын 430 депутат 50 гаруй хоног хоёр удаа үг нэгбүрчлэн хэлэлцэж эцэст нь цэг, таслалгүй нягталж, уншиж, сонсч, батлан гаргасныг иш татсан байна.

Ингэхдээ хууль тогтоогчид төрийн эрх мэдлийг хуваарилах тухай эрдэмтэн судлаачдын онол, сургаал, ардчилсан орнуудын түүхэн туршлага, өмнөх нийгмийн алдаа, сургамжийг үндэслэн төрийн эрх мэдлийг нэг хүний, нэг байгууллагад төвлөрүүлэхийг халах, эрх мэдэл харилцан хяналттай байж, бие биенийхээ бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцдоãгүй байх үзэл баримтлал, зарчмыг удирдлага болгон Монгол төрийн эрх мэдлийг хууль тогтоох буюу УИХ, гүйцэтгэх засаглал буюу танхимын зарчмаар ажиллах Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт болон хараат бус шүүхэд хуваарилан энэ тухайг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт баталгаажуулсныг хэн нэгэн субьект зөрчвөл Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

Гэтэл Үндсэн хуулийн дээрх үзэл баримтлал, зарчим, заалтыг УИХ-ын дарга зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллийг хянасан Д.Солонго гишүүн энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг мөн Цэцийн бага суудлын хуралдаанаар дахин хянуулж дүгнэлт гаргуулахыг мөн хүссэн байна.

Дөрөв. Иргэн М.Төрбат Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “УИХ-аас …томилогдсон албан тушаалтны …огцруулах санал гаргах,…” гэсний…огцруулах…” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын…бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” , Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж уг хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу УИХ-ын даргад ч хамаарах ёстойг тэмдэглэжээ.

Тав. Цэцийн гишүүний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Гэтэл эдгээр үндэслэлүүдээс аль нь ч Цэцийн гишүүний тогтоолд байхгүй байгаа нь энэхүү гомдлыг гаргах бас нэгэн үндэслэл болж байгааг мөн дурдсан байна.

Иргэн М.Төрбат УИХ-ын даргын дээрх үйлдлийг “УИХ-ын дарга Цэцийн хэн нэг гишүүнийг Цэцийн дүгнэлт, анх дэвшүүлсэн байгууллагын санал гараагүй байхад эгүүлэн татах асуудлыг аль нэг улс төрийн намын шийдвэрийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд урьдчилан оруулж хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, уг асуудлыг тогтоосон хугацаанд заавал оруулж ир гэж Цэцийн даргыг шахаж байгаагаас ялгаагүй Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилсан үзэл баримтлал, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүний хараат бус байдал, бүрэн эрхэд халдсан үйлдэлтэй агаар нэг” гэж зүйрлэснийг Цэцийн бага суудлын хуралдаан анхаарахыг хичээнгүйлэн хүссэн байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч эс зөвшөөрч гомдол гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж заасан байдаг байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.