Зовлон зүдгүүрийн дунд жинхэнэ хүн чанар танигддаг гэсэн үг байдаг. Хайртай эхнэрээ алдсан нэгэн франц залуугийн террористуудад хаягласан захидал дэлхий дахинд өргөн тархаж өр нимгэн хүмүүсийн сэтгэлийн утсыг чамгүй хөндөж байна. Энэхүү захидлын орчуулгыг Болдбаатар Доржсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчийн орчуулгаар хүргэе.
Би та нарыг үзэн ядахгүй ээ!
Баасан гарагийн орой та бүхэн нэгэн хүний амийг авч одлоо. Олноос онцгой тэр хүн бол миний хамгаас хайртай хань, хүүгийн минь эх байсан боловч би та нарыг үзэн ядахгүй ээ.
Би та нарын хэн байсныг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Учир нь та бүхний сүнс нэгэнтээ үхсэн гэдэг нь гарцаагүй.
Хэрвээ та бүхэн ариун дээд шүтээнийхээ төлөө утга учиргүй аллага явуулж тэгснээр бидэнд тэрхүү шүтээнийхээ гэгээн дүрийг харуулна гэж бодсон бол эхнэрийн маань биед шигдсэн сум болгон ариун шүтээний чинь зүрхэнд шарх болон үлдсэн болохыг мэдсүгэй !
Тийм болохоор би та бүхэнд өшөө хорслоор хариу барьмааргүй байна. Та бүхний өшөө хорслын хойноос хөөцөлдөх бурангуй үйл өөрсдийг чинь өнөөдөр ийм байдалд хүргээд байгаа бөгөөд хэрвээ би уур хилэнгээр өшөө хорсолд хариу барьваас үнэн хэрэгтээ бусармаг үйл ажиллагааны чинь өмнө бууж өгснөөс өөрц юу байх билээ.
Та бүхэн намайг айлгаж, үл итгэсэн харцаар элэг нэгтэнгүүдээ гөлөлзөн ширтсээсэй гэж бодсон буй за. Түүнчлэн аюулгүй байдлынхаа төлөө өөрт олдсон эрх чөлөөгөө золиослоосой ч гэж горьдсон байж таарна. Харин би та нарын санаархлыг хэрхивч гүйцэлдүүлж чадашгүй нь.
Хэд хоног хүлээсний эцэст өнөө өглөө би түүнийгээ дахин олж харлаа. Тэр маань Баасан гаригийн орой гэрээсээ гарах агшинд нүдэнд хоногшин үлдсэн тэр л үзэсгэлэнтэй төрхөө хадгалсан хэвээрээ байсан. Арван хоёр жилийн өмнө чухам тэрхүү үзэсгэлэн гоо төрхтэй ханийнхаа төлөө би ухаангүй дурлалдаа шатаж байсан даа.
Үнэндээ тэрхүү гашуудлын мэдээг сонсоод элэг зүрх хоёр минь эмтрэн уначихав уу гэмээр болсныг нуухгүй ээ. Энэ удаа өчүүхэн ялалтыг та бүхэнд найр тавьсугай! Гэхдээ энэ бол түр зуурын ялалт шүү гэдгийг битгий мартаарай. Хайртай эхнэр минь үүрд бидэнтэйгээ хамт үлдсэн бөгөөд хэзээ нэгэн өдөр бидний эрх чөлөөт гэгээн сүнс энхжингийн оронд эргэж уулзах нь дамжиггүй. Тэр цагт диваажингийн орны дааман хаалга та бүхний өмнө тас хамхигдсан байх нь ч тодорхой.
Бидний эв нэгдэл түмэн цэргээс ч илүү хүчтэй болохоор хүүтэйгээ би хүний орчлонг амь нэгтэй туулах болно. Надад та бүхэнд зориулах илүүдээ гарсан цаг алга. Учир нь дөнгөж сая унтаад сэрсэн бяцхан Мэлвил хүүгээ асрах хэрэгтэй болчихлоо.
Ой долоохон сартай бяцхан хүү маань юу ч болоогүй юм шиг боорцог идэж надтай цуг наадан тоглож өөрийн эрх чөлөө, баяр хөөрөөр та бүхнийг газар дор ортол ичээх нь гарцаагүй. Яагаад гэвэл хүү маань ч гэсэн надтай адилхан та нарыг үзэн ядахгүй байгаа болохоор тэр юм.
– See more at: http://www.unen.mn/content/56810.shtml#sthash.NnaLb1QS.a1arofd8.dpuf