Comment.mn

Парисын халдлагыг зохион байгуулагч Абделхамид Абаауд гэж хэн бэ

Парисын халдлагыг зохион байгуулагч гэх Абделхамид Абааудыг өчигдрийн баривчилгаагаар устгасан эсэхээ Францын цагдаагийнхан ДНК-ийн шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байх хооронд  130 шахам хүний аминд хүрч, 350 гаруй хүнийг шархдуулсан энэ хэргийн гол буруутны талаарх мэдээллүүд хэвлэлээр гарсаар байна.  Энэ тухай өмнөх мэдээллийг энд дарж уншина уу.

Абделхамид Абаауд нь халдлагад оролцсон бусад амиа золиослогчийн нэгэн адил Бельгийн Бруссель хотноо амьдардаг байжээ. Түүний эцэг эх Морокко гаралтай, 40 жилийн өмнө амьдралын эрхээр Бельгид цагаачлан ирсэн хүмүүс аж. Тухайн үед аюулгүй, тайван газар байсан ч одоо бол лалын хэт үзэлтнүүдийн орогнодог газар болоод буй Моленбик дүүрэгт тэднийх суурьшиж, дэлгүүр ажиллуулснаар ойр хөршүүдээсээ хамгийн чинээлэг айл болон амьдралаа дээшлүүлж чадсан байна. Эцэг эх нь хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хүүхдүүдээ сайн сургуульд сургахыг хичээдэг, бусад муслим шашинтнууд шиг сүмд нэг их яваад байдаггүй, дүүргийнхээ бусад дэлгүүртэй адил лалын шашинтнуудын хувцас хэрэглэл ч зардаггүй, барууны загварын хувцас худалдаалдаг эгэл жирийн айл байсныг хөршүүд нь хэвлэлд ярьжээ.

Абделхамид Абааудыг ч багадаа сурлага сайтай, хүмүүжилтэй сайн хүү байсныг хөршүүд нь мэддэг гэнэ. Гэвч өсвөр наснаасаа буруу хүмүүстэй нөхөрлөж эхэлснээр эцэг эхийнхээ чихнээс хонх уяж эхэлсэн байна. Архи уух, мансуурах, хулгай хийх мэтийн муу муухай бүхнийг тэднээс суралцаж эвдэрсэн тул аав нь сургуулийг нь өөрчилж, Брусселийн өндөр төлбөртэй сургуулийн нэгд оруулжээ. Гэвч тэр жилийн дараа сургуулиасаа хөөгдсөн бөгөөд тэр үеэс эхлэн эцэг эхийнхээ хяналтаас бүрэн гарчээ. Ингэж яваад нэг удаа ял шийтгүүлсэн бөгөөд Бельгийн шоронд байхдаа лалын хэт үзэлд автаж, огт өөр хүн болон гарч иржээ. Бельгийн шоронд янз бүрийн үндэс угсааны хоригдлуудыг нэг дор хорьдог нь үнэндээ тэднийг хүмүүжүүлэхээс илүүтэй нэгнийхээ буруу үлгэр дуурайлд автах нь их байдаг гэнэ.

Түүнийг шоронгоос гарч ирэхдээ л сахал үсээ ургуулдаг, жинсний оронд мусульман шашныхаа хувцсыг өмсдөг, хүнтэй бараг дуугарахаа больсон, хүйтэн хөндий нэгэн болсон байсныг гэр бүлийнхэн нь ярьжээ. Ингээд тэр удалгүй 13 настай дүүгээ хэтэрхий баруунжсан хүмүүжилтэй боллоо гээд Сири рүү дагуулж явж, эцэг эхээ хүнд цохилтод оруулжээ. Тэр үеэс түүний эцэг хүүгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хэлж, холбоогоо тасалсан байна. Өнгөрсөн намар Сириэс тэдний гэр бүлд мэдээ ирж, хүү нь ариун дайнд амиа өргөсөн хэмээн мэдэгдсэн байна. Үнэндээ энэ мэдээ үнэн байгаасай гэж гэр бүлийнхэн нь хүсч залбирч байсан гэнэ. Огт өөр хүн болон хувирч, насанд хүрээгүй дүүгээ хүртэл дайны талбар руу дагуулсан явсан түүнийг үхсэн нь дээр хэмээн эцэг эх нь үзэж байж. Гэвч тэдэнд ирсэн мэдээ худлаа байсан нь Парист өнгөрсөн долоо хоногт гарсан халдлагаар тодорхой болсон.

Абделхамид Абаауд Сириэс Европт эргэн ирэхдээ олон зуун хүний цус урсгах аймшигтай төлөвлөгөө боловсруулсан байжээ.  Ингэхдээ тэр Бруссельд нэг дор амьдардаг байсан ах дүү Абдесламуудаас гадна хэд хэдэн хүнийг төлөвлөгөөндөө багтаасан байв.

Лалын хэт үзэлдээ автсан түүний шашин нэгтнүүддээ хандсан суртал ухуулгын дүрс бичлэгүүд сүүлийн үед интернэтээр цацагдсаар байна. Тэрбээр мусульманчуудыг “Америк, Европ, Африк гээд хаа ч байсан тухтай амьдралдаа шигдэж суучихаад өөрийгөө муслим гэх үү, сэрцгээ, босоцгоо” хэмээн уриалж байсан нь дүрс бичлэгт үлджээ. Мөн машиныхаа араас амьд хүмүүсийг чирэн зугаацаж буй бичлэг нь ч онлайнаар цацагдсаар байна. Ийм л харгис хэрцгий алуурчин Парисын цуврал долоон халдлагыг зохион байгуулсан гэж цагдаагийнхан үзэж буй бөгөөд одоо амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Францын цагдаагийнхан өчигдөр өглөө түүнийг баривчлахаар Парисын захын дүүрэгт тусгай ажиллагаа явуулж, хоёр террористыг устгасан. Тэдний нэг нь Абделхамид Абаауд байж болзошгүй хэмээн таамаглаж, одоо цогцост нь ДНК-ийн шинжилгээ хийж байгаа юм. Учир нь, түүний орогнож байсан байшинд дэлбэрэлт болсноор цогцсыг шууд таних аргагүй байгаа аж.

Эх сурвалж: Dailymail

Б.Сэвжидмаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.