С.Зоригийг алагдахаас нэг жил гарны өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б. Билэгт Согтуудаа «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С.Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» гэж хоёр ч удаа ярьж байжээ.
С. Зоригийг амьд байсан цагт Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүй. Тиймдээ ч С.Зоригийг аллаа гэхэд зөвхөн энэ хоёр хүнд л ашигтай байсан учир тэд аллага захиалсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд нэлээд гардаг байсан ч тэгэс хийгээд намждаг байв.
Мөн С.Зоригийг алагдсны дараа “Э. Бат-Үүл тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар хэргийн газар дуудан, ирүүлж, талийгаачийн цогцсон дээгүүр алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан байдаг аж. Мөн аллага гарсны маргааш буюу1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С. Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан тухай Д.Нинж ярьжээ.
Үүнээс гадна 1999 онд өнөөгийн IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд түүнийг ирэхэд Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гарч нэгч улстөрийн албан тушаалтныг Богдтой уулзуулахгүй гэсэн зарчим баталжээ. Гэтэл Монголоос ганцхан улстөрч түүнтэй уулзсан нь одоогийн Ерөнхийлөгч аж. Ц.Элбэгдорж тухай үед «Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байна. Ингэхэд нь IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц. Элбэгдорж толгой дохин ном уншуулсан ажээ.
Тухайн үед Д.Нинж С.Зоригийн хэргийн талаар IX Богдоос асуухад «Уг нь гал шиг дүрэлзсэн адал явдалтай амьдралтай хүн юм. Гэхдээ энэ хүн муугаар төгсөхийг нь би харж байна» гэж хэлсэн аж.
Мөн 1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С. Зоригийн гэргий Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байжээ. Түүнчлэн Д.Булганы амаа даруулан боолгосон гэх алчуурыг буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг байна. Ер нь улстөрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй юм билээ. Харин Д.Булганыг амьд үлдээсэн нь нэлээд хачирхалтай хэрэг байгаа юм.
Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д. Нинж хэмээх эр одоогоос дөрвөн жилийн өмнө дээрх асуудлыг илчлэн, хэвлэлд ярилцлага өгч байсан юм.
Гэтэл тэр эр энэ тухай ярилцлага өгсөнөөсөө хойш бас л чимээгүй болсон байна. Харин сонгууль дөхөх бүрт шуугиан тарьж, ядарсан иргэдэд горьдлого төрүүлдэг С.Зоригийн аллагын талаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн шуугилаа. Цорын ганц гэрч гэх Д.Булганыг хорьж, гэмт хэрэгтэн болох хоёр эрийг Эрдэнэтээс баривчилсан гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм. С.Зоригийн хэрэг илрэх цаг болсон гэж хэлээд, уг ноцтой хэрэгт одоогийн улс төрийн өндөр албан тушаалтан эрхмүүдийг буруутай хэмээн зоригтой ярьж байсан Д.Нинж хаачив. Түүний ярьснаар С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар алсан уу.
Н.Чимэг