УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэснээр өнөөдөр гурван ч байнгын хороо хуралдахаар цаг товлогдоод байна.
Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч хараахан эхлээгүй байгаа юм. Тус байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ нь малчдын тэтгэврээ тогтоолгох хугацааг 1.2 жилээр тооцдог болох тухай зохицуулалт юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Байнгын хороодын хуралдааны хуваарь
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох /Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.