Жил бүрийн 11-р сарын 17-ны өдрийг дэлхийн хэмжээнд дутуу төрсөн нярайд анхаарал хандуулах зорилгоор 2009 оноос тэмдэглэж эхэлжээ. Дэлхийн өнцөг булан бүрт энэхүү өдрийг хүүхдийн болон эх барихын эмч нар дутуу төрсөн нярайн асаргаа, эмчилгээний сүүлийн үеийн арга, туршлагаасаа хуваалцаж тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Жил бүр дэлхийн хэмжээнд 15 000 000 хүүхэд дутуу тээлттэй төрдөг. Өөрөөр хэлбэл дунджаар 10 хүүхэд тутмын 1 нь дутуу тээлттэй төрж байгаа гэсэн үг юм. Нэг жилд дутуу төрсөн хүүхдүүдээс нэг сая гаруй нь төрсний дараахан нас бардаг бол үлдсэн хэсэг нь бие мах бодийн болон сэтгэцийн хөгжил дутуу байдаг. Үүний улмаас сурч боловсрох цаашлаад нийгэмд байр сууриа олох зэрэгт өдөр тутам олон бэрхшээлтэй тулгардаг байна.
Тэгвэл “Монгол эм импекс концерн” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нярайн эндэгдлийг бууруулах, эх барих, хүүхдийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Дутуу нярайн менежмент” сэдэвт сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, “Монгол эм импекс концерн”-ы ТУЗ-н гишүүн Б.Ундармаа санаачлан ОХУ-ын Анагаах ухааны их сургуулийн нярайн ерөнхий эмч, доктор, профессор Алексей Мостовойг урьж Монгол эмч нарыг сургалтад хамрууллаа. Сургалтын үеэр олон улсын практикт ашиглаж байгаа сүүлийн үеийн эмчилгээний талаар эх барих болон хүүхдийн эмч нар заасан юм. Тус сургалтад Улаанбаатар хотын төрөхүүд, Өргөө амаржих газар, Хүрээ, Амгалан, ЭХЭМҮТ амаржих газрууд хамрагдсан бөгөөд НАМЭХ-н ТУЗ-ын гишүүд дэмжин оролцлоо.
Монгол улсын хэмжээнд 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1% нь нялхсын, үүнээс 54,2%-ийг нярайн эндэгдэл эзэлж байна. Улсын хэмжээнд 100 амьд төрөлтөнд ноогдох нярайн эндэгдлийн төвшин 10, нярайн эрт үеийн эндэгдлийн төвшин 8,1% байна. Өвчлөлийн бүтцийн хувьд нийт эндсэн нярайн 34% нь амьсгалын хямралын улмаас эндсэн ба тэдгээрийн 88,5% нь дутуу нярай байгаа юм. Тиймээс дутуу төрсөн болон бага жинтэй нярайн эрт үед үзүүлэх тусламжийг сайжруулснаар нярайн эндэгдлийг бууруулах, тэдэнд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх барих ба нярайн эмч нарын мэдлэг ур чадварын нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтын “Монгол эм импекс концерн” амжилттай зохион байгуулж байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байдаг эх барих ба нярайн эмч нарт энэхүү оюунлаг хөрөнгө оруулалтыг хийсэн НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, “Монгол эм импекс концерн”-ы ТУЗ-н гишүүн Б.Ундармаад талархлаа илэрхийлж Өргөө 1-р амаржих газрын дарга Д.Энхбаяр дурсгалын зүйл гардуулж цааш цаашдаа эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хөтөлбөрт сургалтуудыг санаачлан зохион байгуулж байхыг хүслээ.
“Монгол эм импекс концерн” нь 1923 онд байгуулагдаж өдгөө 92 дахь жилдээ Улаанбаатар хотын 14 болон хөдөө орон нутгийн 21 аймгийн салбар нэгжүүдээр дамжуулан эрүүл мэнд эмийн салбарт тогтвортой үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг тогтмол оруулдаг Монголын ууган, үндэсний хэмжээний байгууллага юм.