Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа дөрвөн үндэслэлээр тайлбарласан юм.
Тэрээр хэлэхдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй. Тиймээс энэхүү үндэслэлээ дөрвөн үндэслэлээр тайлбарлая.
Нэгдүгээрт, манай улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намуудын дөрөвний гурав нь одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй. Жишээ нь, Үндсэн хуулийг эх хууль гэж нэрлэж байгааг, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох гэж байгааг, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг ажлын хэсгийн гишүүдтэйгээ огт ярилцаж тохироогүй. Хуйвалдааны юм уу эсвэл ямар нэг арга замаар нэг хүн ажлын хэсгийн төвшинд огт яригдаагүй асуудлыг төсөлд оруулж ирсэн гэж ажлын хэсгийн гишүүд ярьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй. Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй хэмээн манай хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татвал ажлын хэсгийн гишүүдийн санал 50 хувьд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс төслийг хэлэлцэхэд хүндрэл гарна.
Гуравдугаарт, нэг үйл ажиллагааг хийхийн тулд хэд хэдэн хууль өөрчлөхийг буруу гэж үзэж байгаа. Нэг компанид, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй юм. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй.
Дөрөвдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн явдалд Үндсэн хууль буруугүй. Үндсэн хууль 25 жил мөрдөгдөж байгаа. Харин сүүлийн гурван жил нь л “хөөх, яана даа” гэж бүх нийтээрээ шогшроод байгаа хүндрэлтэй байдал бий болсон. Өмнө нь Үндсэн хуулиар улс орны тулгамдсан асуудал, олон харилцааг зохицуулсаар ирсэн. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд, хууль зүйн хэм хэмжээний хувьд, санаачилсан гишүүдийн байр суурь, Монголын улс төрийн намуудын баримталж буй байр сууриудыг ч үзэхэд энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй гэж үзэж байна” гэлээ. .