Comment.mn

Хот нь хоньгүй, охид нь хормойгүй болсон цагт Монгол мөхнө

Нэг. Хониноосоо салвал Монгол мохно.

ХVII жарны “модон Хонин” жил шувтарч яваа энэ үед “Өдрийн сонин”-ы 2015 оны 10 дугаар сарын 12-ны 248 дугаарт Н. Гантулгын бичсэн “ Монгол хүн хониныхоо зунгагнаас салсан цагт хөгжил дэвшилд хүрнэ” гэсэн гарчигтай монгол хонь түүгээр дөрөөлөн жилийн дөрвөн улиралд хөдөө хөрч, гадаа гандаж явдаг малчид төдийгүй эрүүл саруул ухаантай, малчны удамт Монгол хүн бүрийн жигшил зэвүүцэл төрөм хараал зүхэл, гүтгэлэг доромжлолоор дүүрэн “бичвэр” нийтлэгдлээ.

Ер нь ийм зүйлийг өдөр дутмын энэ том сонин байн байн нийтэлж Монгол мал, малчид руугаа дайрч давшилж харааж зүхэх боллоо. Анх тус сонины эрхлэгч Ж. Мягмарсүрэн гэгч өөрийн сониндоо “ Мал дагавал мал болно” гэж тунхаглан зарлаж, Соёлын гавьяат зүтгэлтэнийхээ хувьд малчдыг “сэнхрүүлэн соён гэгээрүүлж” их алдаршсан юм байх. Үүний дараа мөн сонины 2014 оны 12 дугаар сарын 13-ны 229 дэх дугаарт Я. Мөнгөнцэцэг “Мал гэдэг шүтээн нь хараал болон хувирчихаж” гэж сонины эрхлэгчийнхээ бичснийг ихэд сайшаан дэмжиж, аргаа олж ядан долдойдсноор барахгүй “Малчдад малаас өөр шүтэх шүтээн алга. Мэдэх зүйл, ярих сайн сайхан ч алга. Ямар тамын амьдрал вэ?, Мал, малчин хоёр угтаа нэг нь нүүрэндээ үстэй, нөгөө нь нүүрэндээ үсгүй мал …” гэгчлэн санаанд багтамгүйгээр доромжлон гутаасан.

Гэтэл саяхан дээр дурдсан зүйл гарч бас малчдыг элдвээр зүхэж, гүндүүгүй сайхан сэтгэлд нь хар хорын бузар үгс харамгүй цацлаа. Үнэндээ энэ бүхэн тус сонины нийтлэлийн бодлого болон өрнөж байх шиг санагдана. Чухам яалаа гэж энэ вэ? Малчид ер нь ямар гэм хийж, ямар гай тариад байгаа юм? Зуун зуунаар Төв Азийн энэхэн зайд таван хошуу малаа маллаж, Алтай Таванбогдоос Халхын зүүн хязгаар хүртэл нутгаа сахин хамгаалахын хамт нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнтэй бүхнийг хадгалж, дамжуулж ирсэн малчид “нүүрэндээ үстэй мал” юм бол тэдний үр хүүхэд бид бүгд, үүний дотор энэ бүхнийг бичээд номлоод байгаа сэтгүүлч Та ч бас мал болох биш үү. Малаас хүн төрдөггүй мал л төрдөг энгийн үнэнийг уг нь хүн бүр мэднэ дээ.

2015 оны эхний байдлаар 294 мянган малчинтай , 150 мянган өрх бүхий энэ том салбарын хамт олныг хичнээн гутаан доромжилж байлаа ч “Жингэр нохой боргож л байг, жингийн цуваа хөвөрч л байна” гэгчээр тоолгүй байгаад байя гэтэл ийм их үзэн ядалт, хараал зүхэл он он дамжин талын түймэр мэт газар авч байгаа болохоор малчдаа өмөөрч энэ бүхнийг учирлаж сууна. Мэдэхгүй байж хамаа намаагүй бурж, худал цэцэрхэх нь даан ч жигшилтэй агаад бас гутамшигтай. Ноён Гантулгын бичсэн дотор үнэний хувьтай юм үнэхээр хомс юм. Заримыг нь ишлэж авч үзье. Түүний дэвшүүлэн тавьж байгаа гол санаа нь “ Үнэхээр амьдын там болсон мал ам тостох биш амь тасддаг болсон. Аз жаргалтай амьдрахын тулд тамын малнаасаа ялангуяа шивтэр шээг, зунгаг ханхалсан хониноосоо салах хэрэгтэй. Тэгж байж хөгжил дэвшилд хүрнэ” гэжээ. Энэ эрүүл хүний үг мөн үү та минь. “Там болсон амьдрал”, ” амь тасддаг мал” гэгчлэн үгс хөөцөлдөж маргахаа болье. Чухам яагаад буянт мал, малчныг ингэж үзэн ядаад байгаагийн учир шалтгааныг хэрхэн тайлсныг цухас авч үзмээр санагдана.Эхлээд л “монголчууд бид хониноосоо болоод дэндүү хоцрогдмол, бүдүүлэг аж төрж байна” гэжээ. “Хонь гэдэг амьтан монгол хүнтэй их адилхан. Ухаандаа бор, шар нүдтэй. Номхон томоотой” гэнээ. Өөрөөр хэлбэл Монголчууд бид чинь хонь шигээ л юм байх нь. “Манайхаас өөр улс оронд хонийг үнэндээ тооддоггүй, тэр бүү хэл өндөр хөгжилтэй орнууд хонины махыг холестерин ихтэй гээд огт идэхээ больсон” гэгчлэн буржээ. Арай ч дээ. Гэтэл баримт ямар байна гэхээр өнөөдөр дэлхий дээр 100 гаруй улс оронд 1162.0 сая хонь үржүүлж байгаа нь үхрийн дараа л орно. Нэг үгээр жилдээ 15-20 торой гаргадаг нэн төлөрхөг амьтан болох гахайнаас ч олон хоньтой юм. БНХАУ гэхэд 175 сая, Австрали 75.5 сая, Их Британи 33.0 сая хоньтой аж. Манай улс хониныхоо тоогоор дэлхийд 15-д жагсаж байна.

Түүнчлэн Монгол хүн зүрх судас, саахрын шижингээр өвчилж жараас хол давахгүй нүд аниад байгаа нь хониныхоо холестерин ихтэй махыг идсээр байгаатай холбоотой гэж цэцэрхжээ. Сүүлийн үед Монголчуудын дунд хэт таргалалт, хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчин, мөн саахрын шижин өсч байгаа нь үнэний хувьтай байх. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хонины махнаас шалтгаалж байна гэвэл дэндүү өрөөсгөл болно. Ер нь ийм дүгнэлтийг хэн ч хийгээгүй. Яагаад гэвэл холестирен чинь бүх төрлийн сүүн тэжээлтэн амьтны тодоруубал аль ч малын гаралтай өөх тосонд байдаг зүйл.

Ихэвчлэн хөдөөгийн бус, суурин газрын хүн амын дунд байгаа эдгээр өвчлөлийн үндсэн шалтгаан нь хүнсний (тэр дундаа өөх тос, саахар чихэр, цагаан гурил, давс, зэрэг цагаан) бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал хоёроос шалтгаалдаг гэж учир мэдэх хүмүүс ярьж бичиж байгаа. Хүн төрөлхтөн өнөө үед амьтны гаралтай уурагт хүнсээр ялангуяа махаар дутагдаж тэр бүү хэл сая сая хүн өлөн зэлмэн хооллож, өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Ийм үед амин зуулга болох малаа адлаж устгаж үгүй хийхийг эрүүл ухаантай ямар ч монгол хүн үл хүснэ.

Харин далайгаас алслагдсан орнууд гахай, шувууны зэрэгцээ хивэгч (үхэр, хонь, ямаа) малынхаа зах зээлийн эргэлтийг түргэтгэж аль болохоор өсвөр насанд нь нядалгаанд оруулах замаар өөх тосны гарцыг багасгах аргад шилжиж байна.Ийм замаар өөх тос багатай, уургаар баялаг махны хэрэглээг өсгөж чаджээ. Жишээ нь хамгийн олон хоньтой Хятад, Австрали улсад хургыг 25-30 кг жинд хүрмэгц маханд борлуулж эм хонины хувийн жинг 75-аас доошгүйд хүргэх технологийг хонины аж ахуйд нэвтрүүлсэн аж.

Манай бэлчээрийн 3000 шахам зүйлийн ургамлаас 500 гаруйг нь сорчлон идэшлэдэг монгол хонины тураг маханд 20 шахам үл орлогдох шүвтэн хүчил, бас олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдгийг судлаачид тогтоожээ. Олон үзүүлэлтээрээ дэлхийд ижилгүй хүнс юм. Ийм учраас монгол хонины махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн, эмийн чанартай ч гэдэг. “Хонины махны шүүс нь таван хөнөөл, долоон гэмтэл хийгээд цул савын хүйтэн хийг засна” гэж Монголын уламжлалт анагаахын ном сударт дурдсан байдаг нь санамсаргүй хэрэг биш. Бас хонины ноос нь үнэгүй, арьс нэхий нь ч үнэгүй гэж ирээд л зоосны нүхээр шагайж адлажээ. Монголчууд эртнээс нааш хүүхэд төрмөгц нэхий өлгийд боож, хонины сүүл нялхасдаа хөхүүлж ирсэн уламжлал одоо улирч баларсан юмаа гэхэд хот хөдөөгүй олон мянган айл өрхийн аж төрж байгаа Монгол гэрийн үндсэн давхарга нь хонины ноосон эсгий байгааг мэдэхэд энүүхэн “Долоон буудал” ороход л болно шүү дээ. Мөн өвөлд нь нэхий дээлээ, хавар намартаа үзүүрсэг, сэгсүүргэн дээлээ өмсөөд малынхаа дэргэд улаа бутарч яваа малчин хүн хонь болж харагддаг баймааргүй юм.

Монголчууд малынхаа хүчинд тэр дундаа хониныхаа буянд л улс гэрээ авч явж, тусгаар тогтнолоо хадгалж, хамгаалж ирсэн нь бодит үнэн. Энэ тухай Дэлхийн 100 оюунлаг эрхэм хүний нэг, эрдэмтэн, зохиолч Л. Түдэв “Хониноос ийнхүү хувцас хунар, хүнс тэжээл, уух ундаа, орон гэр, илч дулааныхаа бүх хэрэгцээг хангасаар хэдэн мянганы урт замыг туулсан монгол хүн хонио дээдлэн, хонио өсгөн, хоньчин гэдэг нэрээрээ бахархан, хундан цагаан хониныхоо майлах дуунд ээнэгшин хот дүүрэн цагаан сүргийнхээ дунд жаргалтай байсаар байгаа билээ” гэж арав гаруй жилийн өмнө бичиж байв(Бүтээлийн чуулган XXVI боть, 270 дахь тал ). Өмнө зүгээс эртнээс нааш дамжиж ирсэн “Монголчуудыг шөлний хоньгүй болгочихвол өөрсдөө аяндаа дуусна” хэмээх үгийг манай зарим сэтгүүлчид хэрэгжүүлэх гэж яасан их санаархаж байх юм.

Хоёр. Малчнаасаа салвал Монгол мөхнө

Монгол малаасаа салах нэгэн шалтаг нь Н. Гантулгын бичснээр “хонио дагасан малчид нэг л гиюүрсэн, гансарсан, уйтай, хэзээ ч аз жаргал гээчийг амсдаггүй” гэнэ. Үүний учир нь малын хараал хүрсэнд юм байна. Яагаад гэвэл “манай малчид хонио тэжээлээр бэлтгэн, дулаан оромжинд байлгадаггүйгээс хэдэн саяар нь хөлдөөж, осгоож, өлсгөж алдаг”. Бас “Адуу сургана гэж амыг нь урж цуу цуу татаад, тархи толгойгүй нүдэж байж сургадаг. Үхрийг хөллөгөөнд сургахдаа хамрыг нь цуу татан дөрлөөд нойтон хусан мунаар хавирга нурууг нь хуга цохиж байж номхруулж авдаг” гэхчлэн нь бичжээ. “Согтуу сэтгүүлчийн солиорсон үг” гээд өнгөрөөе гэхэд ямар ч сонин хэвлэлийн газар ийм юмыг анзааралгүй явуулчихна гэж баймгүй санагдана. Сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд засаад залруулаад өгөх хүн чанартай, ёс суртахуунтай ажилтан баймаар даа. Хонио тэжээлээр бэлтгэнэ, малыг оромжинд байлгана гэж юу яриад байгаа юм бол доо. Малчдаа л доромжилж гутааж байвал юу ч хэлсэн хамаагүй хэрэг үү.

Гэтэл хоног хоногоор өргөжин тэлж байгаа хотод сайн сайхан нь байвч “тамын амьдрал” гээд байгаа хөдөөгийн нүүдэлчдийн ахуй орчинтой зүйрлэх аргагүй зовлон, бэрхшээл бий шүү дээ. Зөвхөн 2000 оноос хойш малчдын тоо 30 хувь буюу 128 мянгаар цөөрсөн бол энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам хагас саяар нэмэгдсэн нь хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байгааг харуулна. Энэ хирээр хот сууринд ажилгүй, орон гэргүй ядуучуудын тоо өсч архидалт, янхандалт, хүчирхийлэл, өлсгөлөн, гэмт хэрэг муу муухай бүхэн бугшлаа. Хотын гудамжинд золбин нохдод ам хамраа долоолгон хөндлөн гулд хэвтэх согтуучууд энд тэндгүй таарна. Орой бүр гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад цус нөжтэйгөө хутгалдсан, орилсон чарласан улс чихцэлдэж байх нь яг л дайнтай кинонд гардаг дүр зураг шиг. Архи дарсны нөлөөгөөр жил бүр нэгэн бэсрэг армийн бие бүрэлдэхүүнтэй тэнцэх дайны хүний амь нас сүйдэж байна гэж ном хэвлэлд бичээд л байгаа. Харин малчид бол ийм гай түйтгэрээс хол хөндий юм. Хэдэн мянгаар тоологдох хүн машин тэрэгний дугуйнд нялгадуулж нилээд нь хорвоог орхиж нэг хэсэг нь насан туршийн тахир дутуу болж хоцорч байна. Гэтэл хониныхоо хойноос явж байгаад “хөлдүүс” болсон малчин ийм олон гэж үү.

Хот тойрон бүсэлсэн гэр хорооллын айл өрхүүдийн өтгөн утаа майны гайгаар хотынхон хордож гүйцэж байгаа . Монгол газар буумагц үнэртдэг гээд байгаа чинь хонины зунгаг биш харин хотын утаа угаар, гол руу цутгасан ялгадас бохирын үнэр биз дээ. Хотын агаар орчны ийм бохирдлоос болоод бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой нялхсын тоо одоо манай цэргийн албан хаагчдын тооноос хэдий нь давчихсан аж.

Монгол үндэсний өв их соёл, уламжлалт зан заншил чухамдаа хот сууринд л даяаршлын шуурганд өртөж бүдгэрэн алга болсоор байна. Монгол хэлийг үнэндээ хотын сэхээтнүүд тэр дундаа төрийн албан хаагч түшмэдүүд, сэтгүүлчид эвдэн булигартуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагаан захтай эрхмүүд үг болгоныхоо завсар “энэ утгаараа”, “тэр утгаараа” гэж “мөөрөлдөн” монгол хэлний чамин тансаг найруулгыг эвдэн бусниулаад зогсохгүй хэл ярианы дэмий чамирхал нь ямар их гай тарьдгийг харуулна. “Ингэж тэгээд аягүй гоё байж, аймаар баярласан” гэж хэлээ зажилсан бүсгүй цэнхэр дэлгэцнээ өдөр алгасахгүй залрах жишээтэй.

Хотод гудамж алгасалгүй таарах “Зочид буудал” нэртэй газруудад цэцэг цэврүү шиг охид хүүхнүүд биеэ үнэлж ариунаа алдаад зогсохгүй хэвлийдээ бүрэлдсэн үрээ хөндүүлэн мөхөөж хүний амь бүрэлгэсэн нүгэлтэн, ахин төрөхгүй өвчтөн болсоор байна. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосноос хойших хугацаанд албан бус тооцоогоор наад зах нь 600 мянга орчим Монгол үрс нар харж чадалгүй устгагджээ. Ингэхээр жинхэнэ тамын зовлон, зовлонгийн шалтгаан чинь хотод байгаа юм биш үү. Эцэст нь “ Хот нь хоньгүй, охид нь хормойгүй” болсон цагт Монгол үнэхээр мөхнө гэдгийг санаж даяаршилтай хөл нийлүүлэн ижилсэхийн зэрэгцээ өөрийн хэл, зан заншил, уламжлал ялангуяа ертөнцөд хосгүй нүүдлийн соёл иргэшлээрээ ондоошин үлдэхсэн дээ.

Д. БУЯНХИШИГ

bolod.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.