Өнгөрсөн шөнө Францын нийслэл Парис хотын долоон өөр газарт зэвсэгт халдлага болжээ. Үүний улмаас 153 гаруй хүн амиа алдаад байна гэж Reuters агантлег мэдээллээ.
Алдарт Батакланы концертын танхимд зэвсэглэсэн 6-8 этгээд 118 хүнийг барьцаалж, амь насыг нь хөнөөсөн байна. Тэнд байсан гэрчийн мэдүүлж байгаагаар зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалж, тэднийг нэг нэгээр нь буудаж байжээ.
Мөн концертын танхимаас холгүйхэн орших Ле Камбож ресторан болон Ле Кариллон баар, Лес Холл дэлгүүрийн ойролцоо 40 хүн буудуулж амиа алдсан бол 60 гаруй хүн хүнд шархдсан байна. Үүнээс гадна Файдербын гудамж, Бомаршегийн өргөн чөлөө, Альбертын гудамжнуудад халдлагууд болсон байна.
Энэ гудамж нь Шарли Эбдо сэтгүүлийн газрын ойролцоо байдаг юм байна. Түүнчлэн, Франц, Германы үндэсний хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байсан State de France цэнгэлдэхийн ойролцоо амиа золиослогч халдлага үйлджээ.
Халдлагын голомтод одоогийн байдлаар 1500 гаруй цэрэг, дайчид ажиллаж байна. Мөн Францын ерөнхийлөгч Франсуа Олландын зарилгаар улс даяараа онц байдал зарлаж, бүх хил боомтоо хаагаад байгаа аж.
Халдлага гарсны дараа Францын Засгийн газраас мэдээлэл хийж, иргэд олон нийтийг гэрээсээ гаргахгүй байхыг уриалсан байна. Мөн эдгээр халдлагыг Исламын улсын үйлдэл хэмээн үзэж байгаа байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдээлэл хийхдээ “Манай улсад өнөөдөр хар баасан гариг боллоо. Урьд өмнө хэзээ ч ийм олон энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн тероррист халдлага гарч байгаагүй. Энэ тероррист үйлдэл нь Францын Шарли Эбдо сэтгүүлд гарсан нийтлэлийн төлбөр хураамж бололтой” хэмээн мэдэгджээ.
Үүний дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Засгийн газраа яаралтай хуралдуулсан байна.
Мэдээллийн телевизүүд шууд дамжуулж байх хооронд Ballate хөгжмийн танхимын гадна дахин таван дэлбэрэлт болж, халуун цэг дээрээс шууд дамжуулалт хийж байсан BMG телевизийн хоёр хүн амиа алджээ.
Б.Дэжид