Эвслийн эсвэл зөвшилцлийн гэх Засгийн газар байгуулагдсан тохиолдол хавчуурганд нь заавал явдаг нэг албан тушаал бол дэд сайдын суудал юм.
Салбар хариуцсан сайд, төрийн нарийн бичгийн даргыг бодвол дэд сайдад хийх ажил тун бага. Зарим тохиолдолд засгийн хуралд оролцох, ажлын хэсэг ахлахаас цаашаа гарсан мэдэл тэнд даанч байхгүй. Нэг ёсондоо “гуя дагаж хүзүү” гэдэг шиг бэлгэдлийн шинж, чанар бүхий субъект билээ. Тийм ч учраас үеийн үед дэд сайдуудыг “нүд үзүүрлэж” байдаг юм. Өнгөрсөн нэгдүгээр сард дэд сайдын орон тоог байхгүй болгох гэсэн боловч байнгын хорооны хурлаар тэднийг авч үлдсэн түүхтэй.
Тэгвэл энэ намар Засгийн газар, Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн тодотголоор бүх яамдын дэд сайдын орон тоог хасч, тэдний ажлын алба, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасахаар оруулж ирсэн. Уг нь Сангийн сайд хэлэхдээ “ирэх оны төсвөөс дэд сайдуудыг орон тоог хасч шинэчлэл хийхээр болсон” гэж мэдэгдэж байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр энэ оны төсвийн тодотголд тусгагдсан нь энэ юм. Ингээд чуулганы хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасахыг дэмжиж 17 дэд сайдыг “гудамжинд гаргаад” 2015 оны төсвийн тодотголыг эцэслэчихсэн. Төсвийн тодотголыг батлагдсан өдрийн маргаашнаас хэрэгжүүлэх хуультай. Үүнийхээ дагуу өнгөрсөн долоо хоногт цомхтголд орсон дэд сайдууд ажлаа хүлээлгэж өгч дууссан. Үүнийгээ Засгийн газрынхан “төсвийн мөнгөнөөс хагас тэрбум төгрөг хэмнэлээ” хэмээн тайлбарлаж олны дэмжлэгийг авахыг хичээж байна.
Гэвч энэ нь харагдах байдлаасаа л хэмнэж байгаа юм шиг боловч үнэн хэрэг дээрээ огтхон ч хэмнээгүйтэй адил зүйл болсон. Зүгээр л хэмнэж буй мэтээр “матрын нулимс” унагаж байгаа хэрэг. Учир нь төрийн албан тушаалаас гэнэт халагдсаны тэтгэмжийг зургаан сараар нөхөж олгох хуультай. Тэгвэл дэд сайдууд долоон сарын хугацаанд ажиллах үүрэгтэй байв. Эндээс хэмнэлт хийсэн биш харин хэмнэлт хийсэн мэт дүр үзүүлсэн болох нь харагдаж байна. Зургаан сарын турш энэ хүмүүс ажлаа хийсэн бол нэлээдгүй зүйлийг салбартаа амжуулна.
Яамны дэд сайд сард дунджаар 950 мянган төгрөгийн цалин авдаг. Үүн дээрээ нэмээд төрийн албаны ангиллаасаа шалтгаалаад цалингийн нэмэгдэл авна. Цаг тухай бүрт нь дэд сайд, түүний ажлын алба, жолооч, туслах, шатахуун тосны мөнгийг нь олгоод явах боломж байсан ч бүгдийг нь халснаар энэ их зардлыг нэг дор бүгдэнд өгөх болчихлоо. Ингэснээр төсвийн тодотголоор төсөв хэмнэлээ гэж баахан сүр болсон ч ердөө ганцхан сарын төсвийг нь л хэмнэсэн байна. Харин тэдний тэтгэмжийг хараахан өгч амжаагүй байна гэж эх сурвалж мэдээлсэн юм. Төсвийн нөхцөл байдал хүнд байна гэж олон нийтийн өмнө ярьдаг ч гэсэн ард түмнээ хуурсан дээрх мэт үйлдлийг хийхгүй байхыг төрийн алба хашиж яваа эрхмүүдээс хүсмээр байна. Дэд сайдуудыг цомхтгосноор тэдэнд зарцуулагдах байсан долоон сарын төсвийг нь хэмнэж байгаа юм шиг боловч яг үнэндээ ганцхан сарын төсвийг нь л хэмнэлээ. Нөгөө “эхийн эцээхгүй, тугалын тураахгүй” шийд гаргасанаас өөрцгүй үйлдэл боллоо.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
s
Эрүүл мэнд спортын сайдыг Ламбаа даргаар сонгож өгөөчээ. Маш сайн сайд байсан. ийм чухал салбар дээр намаар нь биш хүн сэтгэлээр нь сонгохыг иргэдийн эрүүл мэнд шаардаад байгаа юм бишүү. Авилга авсан гишүүний нам арай манайх дахиж сонгоно гэж тэнэгтэхгүй байлгүй дээ. ард түмний эрүүл мэнд тоглоом биш.