Comment.mn

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Орон нутгийн залуус мэдээллээр цангаж байна. Зорьсон мэдээллээ олж авах интернэт орчин, баг хамт олноороо тойрон сууж санал бодлоо нэгтгэж ном, сэтгүүл уншихаас эхлээд хууль эрхзүйн талаарх мэдлэгээ зузаатгах, сэдэв солилцох боломжтой тухтай газар суманд амьдарч байгаа залууст тэр бүр байдаггүй. Залуусын хөгжилд үнэн, зөв мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй байгааг олж харж шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Галт сумын НАМЗХ-ны залуус нэгдэж төрөлх сумандаа “Иргэдийн мэдээллийн төв” байгуулжээ. Тус сумын МАН-ын хороо, гишүүд дэмжигчид болон “Галт ирээдүй хөгжлийн сан”-аас залуусынхаа санаачлагийг дэмжиж үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн нутгийн иргэдийн хандив тусламж өргөө гэрийнхээ үүдийг нээхэд урам зориг өгч байсанд баярлаж талархаж байгаагаа залуус илэрхийллээ. Сумын НАМЗХ өөрийн гэсэн байртай болж нутгийн иргэдийнхээ оюунлаг оролцоог дэмжсэн үйл ажиллагаа өрнүүлэх боломж нээгдэж байгаад баяр хүргэхээр НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нийслэлээс 1000 км алслагдсан Галт суманд ирсэнд сумын иргэд талархаж байлаа. Галт сумын “Иргэдийн мэдээллийн төв” бүрэн интернэтэд холбогдсон, цаг үеийн мэдээ мэдээллийг багтаасан сэтгүүл, сонин, олон сувгийн зурагттай, нэг удаадаа 50 хүний уулзалт зохион байгуулах талбай, ширээ сандалтай гээд санал бодлоо солилцох бүхий л нөхцөлийг хангажээ. Мөн тус суманд улс орон даяар өрнөж байгаа “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаа болж аймгийн МАН хорооноос мэдээлэл сургалт хийж бүтэн өдрийн турш шагайн харваа, бөхийн барилдаан, гар бөмбөг, шатар, даалууны тэмцээн болж аваргуудаа тодруулжээ. Галт суманд зохион байгуулагдсан “Бид хамтдаа” аянд нийтдээ 600 гаруй иргэд оролцлоо. Мөн Галт сумын МАН-ын хорооноос гишүүд, дэмжигчдийнхээ дунд азын сугалаа зохион байгуулаад зогсохгүй үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулсан МАН-ын хорооны үүрийн дарга нартаа гадаадад аялах эрхийн бичиг гардуулсан байна.

Тус төвийг байгуулахад гар бие оролцсон Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Д.Пүрэвдоржоос цөөн асуултад хариулт авч сэтгэгдлийг нь сонслоо.

-Сумын залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан төвтэй болжээ. Та бүхний хөдөлмөр, санаачилгын үр шимийг хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нутгийн иргэд их ам сайтай байна. Залуустаа зориулсан ийм сайхан бүтээн байгуулалт хийхэд гар бие оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Өмнө нь залуучуудтай уулзахад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байна гэж ярьдаг байсан. Гуанз эсвэл баар цэнгээний газар хэсэх нь холгүй байдаг. Тэгээд залуус хоорондоо суугаад ярилцдаг. Санаа бодлоо солилцог тийм газар хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн л дөө. 21 зуун бол мэдээллийн эрин зуун. Тэгэхээр орон нутгийн залуус ч мэдээллээс хоцрохгүй орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах шаардлагатай байгаа юм. Энэ үүднээс иргэд интернэтээс хүссэн мэдээллээ шууд авах боломжийг хангасан нь сайхан байна. Орон нутгийн иргэдийн олонхи нь улс төр, нийгмийн амьдралын талаарх төсөөлөл ерөөсөө “Монгол коммент” гэж нэвтрүүлгээр хязгаарлагдаж байна гэвэл хилсдсэн болохгүй. Зөвхөн нэг улстөрчийн ярьсан эсвэл нэвтрүүлгээр мэдээллийг хязгаарлаж болохгүй. Хүн бүхэн нээлттэй, өргөн хүрээтэй мэдээлэл авах ёстой. Энэ боломж бүрдсэн гэж хэлж болно.

-Танай сумын “Ирээдүйн хөгжил сан” орлого багатай иргэдийг дэмжиж бага хүүтэй зээл өгдөг гэж сонссон. Энэ тухай ярихгүй юү?

-Миний бие Галт сумын Ирээдүйн хөгжил санг хэдэн жилийн өмнө байгуулж байлаа. Энэ сан нэн ядуу болон орлого багатай иргэдэд бага хүүтэй зээл олгож, аж амьдралд нь тус дэм болдог юм. Одоогийн байдлаар нийт орлого багатай, сурлага сайтай 40 гаруй оюутанд сургалтын төлбөрийн зээл олгосон байна. Мөн зарим иргэдэд гэр олгосон. Энэ мэтчилэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна даа.

Ярилцсанд баярлалаа.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.