Шүүгчдийн цалинг бууруулахгүй байх асуудалд Ц.Нямдорж гишүүн цор ганцаар “Би шүүхт сайн нэртэй байсан ч яалаа, үгүй ч байсан яалаа. Шүүгчид ер нь даварч байгаа шүү” хэмээн эсэргүүцэж байгаа бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Шүүхийн төсвийг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй” гэж хуульд заасны дагуу эерэг байр суурьтай байгаагаа тууштай илэрхийлж байгаа. Тэд Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хурал дээр хэдэнтээ санал зөрөлдсөн нь баасан гаригийн орой улам хурцдав.
Ц.Нямдорж гишүүн өөрийн харьяалагддаггүй Төсвийн байнгын хорооны хурлыг анан байж, шүүгчдийн цалингийн асуудлаар хөөцөлдөж орж ирээд, ийнхүү хэлэв.
“Гишүүд, ажлын хэсэг эргэж хармаар байгаа юм. Шүүгчдийн цалинг Үндсэн хуулиар тогтоодоггүй юм, Ганбат аа. Шүүгчийн цалинг УИХ тогтооно гээд 5 сард хуулинд нь нэмэлт өөрчлөлт оруулчихсаншд. /Та өөрийнхөө байнгын хороонд ярь гэж Д.Ганбат гишүүн хэлэв/ Одоо бол хүчинтэй байгаа хуулиараа шүүгчдийн цалинг баримжаалж тогтоох ёстой. Наадах чинь УИХ дээр очоод унана даа. Та нар тийм их мөнгөтэй юм бол 2,3 саяын цалинтай шүүгчдийн цалинг биш 7,8 цаг хөл дээрээ зогсож мэс засал хийдэг эмч нарын цалинг нэм. Хүүхдүүдийг чинь сургах гээд чих нь дүлийртэл ширээн доор зогсож байгаа багш нарынхаа цалинг нэм. Үнэхээр эх орныхоо төлөө та нар юм хийх гэж байгаа бол ийм хүмүүсийнхээ цалинг нэм ээ. Яахаараа шүүгчдийн цалин прокурорынхоос 3 дахин их байдаг юм. Шүүгчдийн цалин гээд үсчээд байх юм. Шүүгчдийг мэддэг нь ганц чи юм уу, Ганбат аа. Тэгж ярих юм бол чиний дэргэд наад шүүхтэй чинь 30 жил зууралдаж, хамгийн олон байшин бариулж өгсөн хүн би энд сууж байна,за. Дахиад шүүх дээр 7 тэрбум нэмнэ гээд ороод ирж байна” гэж хэлснийх нь дараа Төсвийн байнгын хороо санал хураав. Бүх шатны шүүгчдийн цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүйгээр УИХ-аас тогтоох, үүнтэй холбогдуулан урсгал зардлыг 7 тэрбумаар нэмэгдүүлэх гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны 17 гишүүний 13 нь буюу 76.5 хувиар дэмжигдсэн юм.
Ийнхүү шүүх эрх мэдлийн хараат бус байдал, цаашлаад шүүхийн шинэтгэлийг хууль тогтоогчид дэмжиж, шүүгчдийн цалинг нэмдэггүй юм гэхэд хасахгүй байя гэдэгт санал нэгдэж байхад ясны хуульчаараа гайхуулдаг, Хууль зүйн сайд нь байсан Ц.Нямдорж ийнхүү зориуд хориг тавьж байгаа нь юуны учир вэ гэдэг нь сонирхол татаж байна. 30 жил шүүхтэй зууралдсан хүн харин ч зовлон бэрхшээлийг нь гарын арван хуруу шигээ мэдэж, бусдаасаа илүү бодитой, ухаалгаар хармаар санагдах юм. Үнэхээр олон сая доллараар хийж хэрэгжүүлсэн ажлууд байдаг бол тэрэн дунд нь шүүгчдийн цалин хөлс, нийгмийн асуудал хөсөр хаягдаж ирснийг харин ч Ц.Нямдорж гишүүн засч залруулаад авъя гэж бодмоор. Шүүхтэй зууралдсан гэх 30 жилд нь гялайж үлдсэн зүйл чухам юу байсныг нь өнөөдөр нэг ч шүүгч ам ангайхгүй юм. Шүүхийг шударга ёсны баталгаа гэдэг. Шүүхийг эсэргүүцнэ гэдэг шударга ёсыг эсэргүүцэж байгаатай агаар нэг. Шүүх гэх бүхэл бүтэн засаглал, түүний үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангахыг хамгийн сайн мэдэхийн дээдээр мэдэх хүн нь хэдийнээс уг нь Ц.Нямдорж гишүүн. Хууль тогтоох байгууллагаас ийнхүү шударга ёсонд дайсагнагч төрсөн нь Монгол төрийн эмгэнэл гэхээс өөр юу гэх билээ.
А.Баярмаа