Манай улс анх 1993 онд Эрүүл Мэндийн Даатгалын тухай хуультай болсоноос хойш хуулиндаа нийт долоон удаа шинэчлэл хийжээ. Тэгвэл тус хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн онд хүчин төгөлдөр болсон ч холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэвээр байсан юм.
Харин энэ ондоо багтааж, шинэчилсэн журмыг баталж, ирэх оны нэгдүгээр сараас шинэчилсэн Эрүүл Мэндийн Даатгалын тухай хууль мөрдөгдөж эхлэхээр болсон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ЭМД-ын тухай хуулийг дагаж батлах журамд дараахь хоёр гол өөрчлөлтийг зайлшгүй оруулах шаардлагатай байгаа гэлээ.
Тодруулбал, Эрүүл Мэндийн Даатгалын байгууллагуудыг Эрүүл Мэнд, Спортын яам, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын яамны аль алиных нь харьяанд бус бие даасан байгууллага болгох нь нэн тэргүүнд хийх шаардлагатай алхмуудын нэг үзэж байгаа аж.
Эрүүл Мэндийн Даатгалын Хураамжийн хуримтлал нь төсвийн мөнгө биш, иргэн хүн өөрийн эрүүл мэндийн төлөө өгч байгаа мөнгө. Тэр утгаараа иргэн өөрөө үүндээ хяналт тавих эрхтэй. Гэвч манайд энэ орчин бүрдэж чадалгүй өдийг хүрсэн юм.
Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн байгууллагууд эсвэл харьяалж байгаа яамдууд нь шийдвэр гаргадаг. Нэг ёсондоо даатгуулагч даатгалын мөнгөний зарцуулалтанд шууд оролцох боломжгүй гэсэн үг юм.
Өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-аас түлхүү гаргах
НЭМГ-аас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үйлчилж байгаа зарим үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байя гэсэн саналыг дэвшүүлжээ. Учир нь өнөөдрийг хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвүүд 100 хувь төрөөс санхүүжиж иржээ. Тиймээс иргэдэд эмнэлгийн нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй байдаг юм байна.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 1,200 гаруй эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг ч, томоохон хэд нь л Эрүүл Мэндийн Даатгалаас санхүүжиж байдаг. Гэтэл өрх, дүүргийн эмнэлгүүд ЭМД-ын системд бүрэн хамрагдаж чадахгүй орхигдож байдаг ажээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn