Ойрын хэдэн хоног БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас тус улсад онцгой байдал зарлаад байна. Тэгвэл Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 200 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатаад байгаа тухай ар гэрийнхэн нь мэдээллээ.
Бид бүхэн тэнд буй нэгэн иргэнтэй “WeChat”-аар холбогдож нөхцөл байдлыг тодруулсан юм. Цасанд боогдсон иргэдийн мэдээлснээр, их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замуудыг хаагаад байгаа гэнэ.
Уг тосгонд нийт 38 хүний багтаамжтай 7 автобус байгаа бөгөөд ойролцоогоор 200 гаруй иргэн гурав хоног гацжээ. Харин өчигдрөөс хэсэг хүмүүс нь ачаа бараагаа орхин Хөх хот руу явсан байна. Гэвч Хөх хотоор дамжин Монгол руу буцах нь нэлээд зардал өндөртэй тул мөнгөгүй болсон 100 гаруй иргэд Жин-Тэй тосгонд үлдээд байгаа гэнэ.
Хятадын талаас цас хоёр долоо хоног үргэлжлэн орно гэж мэдээлж байгаа бөгөөд хэзээ зам нь нээх нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин цаасанд боогдсон иргэд хоолны ч мөнгөгүй болж, автобусанд хоноглож байна гэж ярьсан юм.
Иргэдийн ар гэрийнхэн нь тусламж хүсэхээр Монгол улсын Гадаад хэргийн яам руу холбогдсон боловч 62262222 гэх шуурхай утас нь хариу өгөхгүй байгаа аж. Мөн холбогдох хүмүүсээс нэхэн лавлахад амралтын өдөр тохиосон тул ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Б.Саруул
www.eagle.mn