Comment.mn

Дуучин Лодко: Шантармаар байсан ч даваад гарах нь л хамгийн чухал

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч байгаа шинэ залуу чадварлаг уран бүтээлчид цөөнгүй байгаа билээ. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл авъяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. 

Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргье Ярилцлагаа таны урлагийн гараагаас эхлье гэж бодлоо. Урлагт ер нь хэзээнээс хөтлөгдөн орсон бэ? Урлагийн сайхан нь тэр дундаа дуулахын сайхан нь юундаа байдаг вэ?

– Таньд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Би ер нь жоохноосоо л их урлагаар явсан хүүхэд байсан. Сургуульд байхаасаа л ээжээрээ дуу заалгуулж бүжиг бүжиглэж эхэлсэн. Ээж минь л ер нь миний урлагийн хүн болох гарааг минь тавьсан юм уу даа. Арван жилдээ их л идэвхитэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан. Тэр ч утгаараа одоог хүртэл урлагаасаа хөндийрч чадаагүй дуугаа дуулаад явж байгаа байх гэж боддог. Урлагийн хүн байх их сайхан санагддаг. Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулж, уйтгарлуулж бүх л мөчид нь дуугаараа хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Өөрөө ч гэсэн дуулж байхдаа жаргалтай байдаг. Энэ л мэдрэмжүүдийг авах гэж дуулж явна даа.

– Дуулахаас өөр зүйл сонирхдог уу? Дуулахынхаа хажуугаар өөр ажил хийдэг гэж сонссон? 

Залуу хүн учраас олон зүйлийг л сонирхож өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Чимээгүй тухтай орчинд дуртай номоо аваад унших дуртай мөн дугуй унах дуртай. Ялангуяа амарч байгаа үедээ зав гарвал нэг салхинд гарангаа дугуй унахыг хичээдэг. Эрч хүч бас авдаг гэх юмуу даа. Ажлын хувьд нэг студид одоогоор мэргэжлийнхээ дагуу гэх юм уу Sound инженер, mix мастер хийж байна. Мөн МҮИС-ын хууль зүйн удирдлагын сургуулийг энэ жил төгсөж байна.

Уран бүтээлчидэд хамгийн их тулгардаг асуудал нь мэдээж санхүүгийн асуудал байдаг. Ер нь шантрах тохилдол хэр гарч байв? 

Санхүүгийн асуудал ер нь уран бүтээл хийдэг бүх  л хүмүүст тулгардаг асуудал байх л даа. Миний хувьд мэдээж мундаг мундаг уран бүтээлч ах эгч нар шигээ дуучин болоогүй байгаа учир энэ талын асуудал гарнаа. Тэглээ гээд шантархыг хүсдэггүй. Хүн өөрөө л хүсэх юм бол боломжгүй зүйл гэж байдаггүй шүү дээ. Харин тэр хэцүү шантармаар үеэ даваад гарах нь л хамгийн чухал гэж бодож байна.

Юунаас ? Ямар уран бүтээлчээс эрч хүч, урам зориг авдаг вэ ? 

Хүнд хамгийн эрхэм ойр дотны хүмүүс бол гэр бүлийн хүмүүс байдаг. Тэр ч утгаараа аав, ээж хоёр минь намайг дэмжиж надад маш их урам хайрладаг. Хэрвээ тэд минь байгаагүй бол би аль хэдийнээ буугаад өгчих байсан байхаа даа. Тэднээсээ л урам, урагшлах эрч хүчээ авдаг юм уу даа. Уран бүтээлчийн хувьд гэвэл монголд минь маш сайн уран бүтээлчид олон байдаг гэж боддог. Тэдний шинэ соргог гэсэн уран бүтээлүүдийг нь сонсож өөрийгөө эрчилж үлгэр дуурайл авч хурцлагддаг даа.

– Таныг “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Лхагваатай их адилхан хоолойтой гэж ярьдаг. Лхагвааг ер нь хэр сонсдог вэ? 

Лхагваа ах бол их сайн дуучин. Монголын урлагт “Мөнхийн реп” хамтлаг өөрсдийн гэсэн тодорхой орон зайг бий болгож чадсан хамтлаг гэж боддог. Багаасаа л ер нь дуунуудыг нь сонсч дагаж дуулж өссөн дөө. Тэр ч утгаараа Лхагваа ахыгаа их сонсож хүндэлдэг. Зарим хүмүүс миний дуулахыг сонсоод Лхагваа ахтай их адилхан хоолойтой гэдэг Мэдээж хэрэг миний хүндэлдэг дуучинтай адилтгаж байхад баярлалгүй яахав. Магадгүй зуун хувь адилхан гэж хэлэхгүй тэмбэрийн зөрөө бол байгаа байхаа.

Таны гаргаж байсан уран бүтээлүүдээс тань сонсогчдын зүгээс өөрт тань хамгийн их урам өгсөн уран бүтээл нь юу вэ ?

Гаргасан уран бүтээлүүддээ бүгдэд нь л их хайртай. Миний хувьд бүгд л өөрийн гэсэн үнэ цэнэтэй дуунууд л даа. Сүүлд гаргасан “Хагацая даа”, “Галзуу хулгана” зэрэг дуунууд хүмүүст хүрч байгаад их таатай байна. Сонсож дэмжиж урам хайрладаг бүх хүмүүсдээ баярласанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

– Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна ? Цаашдын зорилго, төлөвлөгөө ?  

Ажиллаж байгаа хэд хэдэн дуунууд байгаа. Удахгүй гарах уянгын дуунуудаараа та бүхэнтэйгээ эргээд уулзах байхаа .Мөн цомгийн ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ярилцсанд баярлалаа

 

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Мундаг дуучин шүү. Урлаг уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
    Хэзээ ч битгий шантраарай

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.