Comment.mn

Цэл залуухан бүсгүйн амийг 8 сая төгрөгөөр үнэлжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажлын хариуцлага алдсанаас цэл залуухан бүсгүй амиа алджээ. Харин хэргийн буруутнуудад 8-хан сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад зүгээр өнгөрчээ.

Энэ мэдээллийг аваад та гайхаж магадгүй. Гэвч яг ийм үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд гарчээ. Тодруулбал эмч нарийн хариуцлагагүй, ар гэрийнхнээс нь хандив харж, ажилдаа хайнга хандсанаас онцгой хяналтанд авах ёстой жирэмсэн эх эндсэн байна.

Энэ харамсалтай явдлын мөрөөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас жирэмсэн эх нас барсан шалтгааныг шалгаж, Шинэжинст суманд ажиллахад дүгнэлтээр жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүйн улмаас нас барсан нь тогтоогджээ. Эрх бүхий байгууллагаас зөрчил гаргасан найман эмч, эмнэлгийн ажилтнуудад нийт найман сая гаруй төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Улмаар Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг ажлаас халуулах саналыг Сумын Засаг даргадаа уламжилсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас эрсдэл өндөр, элэг цөс бөөрний суурь эмгэгтэй жирэмсэн эхийг онцгой хяналтад аваагүй, жирэмсний хяналт дутмаг, эхийг төрөх үед төрөлтийг буруу удирдаж анхаарал халамж сулруулсан учир эхийн эндэгдэл гарсан гэжээ. Өөрөөр хэлбэл эхийн умай урваж, цус алдаж, өвдөлт, цус алдалтын шок, ДВС, хурц цус алдалт, амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагааны хурц дутагдлаар нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүй эх нас барсан байна хэмээн дүгнэсэн байна.

Хэдийгээр эхийн эндэгдэл буурч байгаа гэж ярьдаг ч энэ мэтээр хөдөө орон нутагт жирэмсэн эх эндэх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа аж. Судалгаагаар, эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа гэсэн дүн гарчээ.

Тэгвэл яг энэ дүр зураг өнөөдөр хөдөө орон нутаг ч гэлтгүй улсын томоохон эмнэлгүүдэд хорт хавдар мэт бугшаад буй. Ус нь гараад 12 цаг болж, гэдсэндээ хүүхэд нь бүтэх шахсан эхийг “Битгий маяглаад бай. Савны амсар чинь нээгдэх болоогүй” хэмээн төрөх орон дээр ч гаргалгүй, эмнэлгийн өрөөнд хүлээлгэх, ар гэрээс нь мөнгө ирэнгүүт төрүүлэх, хандив өнөөгүй эхийг “Би төрөх гээд байна. Намайг төрөх орондоо гаргаад өгөөч” хэмээн уйлж гуйгаад байхад хайхрамжгүй хандсанаар эх эмч нарын тусламж авч чадалгүй өөрөөрөө төрөх, дөнгөж төрсөн нярайг хөл гарнаас шүүрч авах зэргээр төрөх өрөө бол дайны талбар болсон гэдгийг улсын эмнэлэгт төрсөн бүх эхчүүд мэднэ.

Үүнийг ч батлах мэт нэртэй хувийн эмнэлгийн эмч нэгэнтээ “Нэг сая төгрөгийн төгрөгийн цалин амлаад байхад л эх барих эмч нар ирдэггүй, 400-хан мянган төгрөгний цалинтай улсын эмнэлэгтээ бугаад байдаг. Энэ нь далд орлогондоо амташсан байгаагийн л илрэл” хэмээн ам алдаж байлаа.

Гэвч салбарынхнаас энэ мэт мэдээлэлд “төрөх эмнэлэг ачааллаа даахаа больсон. Өдөрт хэдэн зуун эхчүүдийн үйлж гийнганах дуу, улаан цусан дүнд хоёр яс салгана гэдэг баргийн хүний хийх ажил биш. Нэг эх барих эмч 10 хүний хийх ажлыг нэг дор амжуулдаг” хэмээн мэдэгдэх нь бий.

Тэгвэл эх, хүүхдийн амь насыг тав, аравхан төгрөгөөр үнэлж, хэн мөнгөтэйд нь үйлчилж, мөнгөгүйг нь үхүүлэх төрийн гажуудлыг хэн засч залруулах ёстой вэ?

Энэ асуултад эрүүл мэндийн салбарынхан боломж бий гэсэн хариулт өгдөг. Гэхдээ эхийн эндэгдэлээс урьдчилан сэргийлэхэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгахаас гадна тухайн эх болон түүний ар гэрийнхэн илүү анхаарал халамжтай хандахыг зөвлөж байна. Эхийн эндэгдэл буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, иргэний эрүүл мэндийн боловсрол дутмаг, жирэмсний хяналтын чанар хангалтгүй, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл судалгаа муу, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо сул зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Тиймээс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулан, эрүүлжүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар, нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, төрөлтийн болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан хэвээр байна.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.