Comment.mn

“… Авлигачдыг өршөөхгүй”

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг ер дөө л энэ байсан юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхэд л авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй болох байлаа. Гэвч бүтэн гурван сарын турш хуульд ямар ч засвар өөрчлөлт оролгүйгээр улс төрийн түгжил үүссэн билээ.

Ямартай ч түгжил үүссэн хуулийн төсөл өчигдөр эцэслэн хэлэлцэгдэж, бидний ойлгосноор авлигачдыг өршөөхгүй болж байна. Тэгвэл өршөөлийн хуулиар яг хэнийг өршөөхгүй болов. Энэ талаар тодруулъя.

Өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг л энэ.

Тэгвэл “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулахаар болов. Энэ зүйлчлэлээр ихэнхдээ нягтлан бодогчид хэрэг үүрч, шоронд хоригдож байгаа учраас нэг удаадаа өршөөх ёстой хэмээн УИХ-ын гишүүд үзсэнтэй холбоотой юм.

Гэвч ердөө ийм л зүйлийг батлахын тулд бүтэн гурван сарыг алдчихлаа. Хуулийн төсөл наймдугаар сард батлагдсан. Хэрвээ тэр хэвээр явчихсан бол дээр дурдсан авлига албан тушаалын хэрэгтнүүд өнөөдөр өршөөлд хамрагдчихсан явж байх ёстой байв. Нэг талаас УИХ-ын гишүүн нэр хүндээ бодож хамсаатнуудаа өршөөсөнгүй гэх хардлагач байна. Гэхдээ улаан цайм нөхдөө өмгөөлж, өршөөл үзүүлэх тухай хуулийг анхны хэлбэрээр нь батлуулахаар зүтгэсэн гишүүд цөөнгүй байлаа. Тэднээс болоод гурван сар түгжилдсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз.

Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хоёр удаа, “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр удаа завсарлага авчээ. Уг нь өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирснээр нь явуулчихсан бол ямар ч асуудалгүй байх байж. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлгээс хуулийн төслийг замд нь засварласнаас л дээрх бүх асуудлууд үүсчээ. Гэхдээ тэдний засварыг УИХ олонхиор дэмжсэнгүй. Харин ч бүр олон зүйл заалт нэмж байгаад авлигачдыг өршөөхгүй болчихлоо.

Хэлсэн амандаа хүрсэнгүй, өөдгүй зан гаргалаа гэх мэтийн яриа хуулийн төслийг баталсны дараа гарч л байв. Гэхдээ сонгуулийн жил бүр өршөөлийн хууль гарч “цагаан захтнууд”-ыг өршөөгөөд байна гэж юу байх вэ дээ.

Гурван сарын хугацаанд түгжилдсэн хуулийн төслөөс болоод жирийн иргэд ихэд хохирлоо хэмээн зарим гишүүд үг унагаж байв. Яг үнэндээ жирийн иргэд хэзээ ч “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэх мэтийн гэмт хэргийг үйлдэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Уянга хэлсэн юм.

Зарим гишүүд ууртай, зарим нь хоржоонтой инээдтэйгээр хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингээд удаан хүлээлгэсэн өршөөлийн хууль батлагдаж, өчигдөр /2015.10.29/-өөс дагаж мөрдөхөөр болов.

Хууль батлагдсны дараа гишүүд хэрхэн нүхээ малтаж, нэрээ цэвэрлэхээр оролдож байгааг харсан хүмүүс надтай адил өмнөөс нь ичсэн байлгүй.

А.Аюуш

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.