Comment.mn

Өршөөлд хамрагдаагүй Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулж “өшөөгөө авна”

Өршөөлийн хууль гэх “урт настай хууль” удтал хүлээгдсний эцэст өчигдөр арай гэж эцсийн  байдлаар батлагдаж дууслаа. Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд долоон зүйл ангиар хориг тавьсан. Өчигдрийн хуралдаанаар гишүүд албан тушаалаа урвуулах ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, бусдын эд хөрөнгийг залилах зэрэг таван зүйл ангийг өршөөнө хэмээн байнгын хороо үзсэн байсныг дэмжсэнгүй. Ингэснээр дээрх тодорхой хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар тогтлоо гэсэн үг. Мөн байнгын хороо дэмжсэн буюу хээл хахууль авах гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн.

Ингээд авилгын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй байхаар шийдлээ. Шударга ёс эвслийнхэн өршөөлийн хуулийг анх батлагдсан хэлбэрээр нь явуулах гэж гурван сарын турш тун ч идэвхтэй зүтгэсэн ч харамсалтай нь намын даргаа өршөөлгөж чадсангүй. Өчигдөр батлагдсан хуулиар 150.3-ыг өршөөхөөр болсон. Энэ зүйл ангиар МАХН-ын дарга Н.Энхбаяр ял авч байсан. Гэхдээ ялын хугацаа дууссан учир Өршөөлийн хуулийн энэ зүйл анги түүнд ашиггүй болж байгаа юм. Мөн түүнд АТГ-аас МАХН-ын байртай холбоотойгоор дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад буй Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дэх хэсгийг Өршөөлд хамааруулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Ингэснээр төдийгөөс өдий хүртэл зүтгэж ирсэн бүх хэрэг нь ач холбогдолгүй болж, “хумхын тоос” боллоо. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараахан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилж байсан. Анх санаачилж байх үеэс л эхлээд энэ хуулийн цаана далд ашиг сонирхол явсан. Тэр шийдвэрээ гаргуулах гэж хэдэн ч намар, хавар, ээлжит бус чуулгануудыг дамначих уу бүү мэд. Гэхдээ шийдвэр гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөхгүй. Харин энэ шийдвэр нь засгийн тогтвортой байдлыг алдагдуулж магадгүй.

Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ойрын үед “жихүүн салхи” сэвэлзэж ч болзошгүй нь бололтой. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намууд Өршөөлийн хуулиар “бооцоо” тавьж Засгийн газрыг тогтоож яваа. Хэрэв уг хуулийн өөрсдийн талд шийдүүлж чадахгүй бол засгаа “нураах” гэнэ. Засаг огцрохгүйгээр тэсч үлдэх хамгийн сүүлийн арга нь Өршөөлийн хуулиар авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх явдал байв. Намууд болон эвслийнхэн Засгийн газраар шантааж хийж Өршөөлийн хууль дээр тохиролцоо хийх гэсэн боловч харамсалтай нь чадсангүй.

Өчигдрийн чуулган дээр үүнийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва баталсан гэхэд болно. Тэрбээр хэдийгээр төсөвтэй холбож УИХ, ЗГ-ыг тарах нь зүйтэй гэсэн боловч “шийдвэр гаргаж чадахаа байсан УИХ, ЗГ цагаасаа эрт тарах хэрэгтэй” гэв. Энэ нь цаагуураа эвслийнхэн тун удахгүй хөдөлгөөн хийнэ гэдгээ битүүхэн илчлээд ч байх шиг. Саарал ордонд ийм таамаг яваад эхэллээ.

Эвслийнхэн намрын чуулган эхлэхээс өмнө Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж, О.Баасанхүү гишүүн “Эвслийг задлаад ч хамаагүй огцруулна” гэж нэлээдгүй шантаажилсан. Харин чуулган эхэлж Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш бараг сар гаруйн хугацаанд чимээгүйхэн байлаа. Учир нь Засгийн газарт шантааж үзүүлчихсэн зөвхөн өчигдрийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байсан хэрэг. Тиймээс өчигдөр Өршөөлийн хууль олон нийтийн өмнө Ерөнхийлөгчийн хүссэнээр батлагдлаа. Одоо харин “ичсэн хүн хүн ална” гэгчээр эвслийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяагаар “тоглох” уу. Хэрэв тэд нэг л шийдвэл энэ нь маш амархан байх болно. Гарын үсэг цуглуулж гүйх шаардлагагүй. Харин эвслийг задлаад л бүх зүйл дуусна. Үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Г.Лхагваа

Эх  сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.