Монголын оюутны холбоо “Улс төрчдийн утсан хүүхэлдэй” бус мөнгө угаах том хэрэгслийн “эзэд” болжээ. 170 гаруй мянган оюутны эрх ашгийг хамгаалж тэнд үйлчлэх учиртай төрийн бус байгууллага өдгөө оюутнуудын нэрийг барьж, өөрсдийн халаасыг дүүргэдэг улс төржсөн увиагүй байгууллага болсон нь өнгөрсөн долоо хоногт олноо ил болов.
Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхээ эдлэнэ гэх шалтгаанаар улс төржсөн МОХ-ны хуурамч багыг Хотын дарга хуулж, үнэн нүүр царайг нь олонд дэлгэсэн.
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Энэ үер Хотын дарга Э.Бат-Үүл МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг “Хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картын мөнгийг хурааж олон мянган оюутныг хохироосон” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татав.
МОХ-ны удирдлага гэдэг мөнгө угаах зөөлөн сэнтийний эзэн болжээ
МОХ нь оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картын мөнгөөр санхүүжиж, удирдлагууд нь халаасаа зузаалдаг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Энэ жишиг олон жил үргэлжилж, МОХ-ны удирдлага гэдэг мөнгө угаах зөөлөн сэнтийний эзэн болсон гэдгийг ч үе үеийн жирийн оюутнууд өгүүлдэг.
Хамгийн ойрын жишээ гэхэд л МОХ өнгөрсөн хавар оюутнуудаас нийтийн тээвэрт үнэгүй зорчих картын мөнгө хэмээн 8900 төгрөг хураан авсан ч өдгөө оюутнуудад дээрх карт нь ирээгүй байгаа аж. Энэ мөнгө хаачсан, хэний халаасанд орсон нь ч тодорхойгүй таавар хэвээр байгаа юм. 8900 төгрөгийн задаргаа, тайланг МОХ оюутнуудад тайлагнаж, мэдээллээгүй нь хардлага төрүүлэх гол шалтгаан болж байна.
Угтаа бол өнгөрсөн хавар нийтийн тээврийн шинэчлэл явагдаж, 3600 төгрөгийн цахим карт ашиглах тухай нийтийн тээврийн газраас болон хотын удирдлагууд сануулсан атал МОХ дур мэдэн оюутнуудаас 8900 төгрөгийн картын захиалга авсан байна. Гэвч тэд үнэнд гүйцэгдэхийн цагт оюутнуудынхаа нэрийг барьж, өлсгөлөн зарлана, хотын даргыг огцруулна гэж хүртэл сүржигнээд амжсан юм. Гэтэл оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг эдлүүлэх, тэдний унааны мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах шийдвэр гарсан ч МОХ-ны удирдлагуудын санаа амарсангүй 8900 төгрөгний тайлан тооцоог гаргаж учрыг тайлагнахын оронд хэвлэлийн бага хурал зарлаж, өөрсдийгөө буруугүй хэмээх мэдээллийг хийгээд сууж байх юм.
Хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийх нь бас л төлбөртэй. Гэтэл 100 гаруй мянган төгрөгийн өртөгтэй хурлын зааланд долоо хоногт хоёр ч удаа хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийх төсөв уг нь тус байгууллагад суугдаагүй л баймаарсан.
НИТХ-ын тогтоол гарч оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг эдлүүлэх, журам шийдвэр гарсны МОХ эсэргүүцэж “2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан хууль бус шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь хоёр cap хассан үйлдлээ хаацайлах журам гаргасан нь ирээдүй рүүгээ нулимсан арчаагүй үйлдэл боллоо” гэх хачирхалтай мэдэгдлийг хийв.
Учир нь Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Нийслэлийн хэмжээнд нийт 113 мянга орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 мянган төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байна” хэмээсэн нь МОХ-ны дургүйцлийг төрүүлсэн бололтой.
Арга ч үгүй биз. МОХ-ны мөнгө угаах гол хэрэгсэл болсон нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих картыг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь МОХ-г хоолноос нь салгаж байгаагаас өөрцгүй учир ийнхүү бухимдаж, удаа дараа мэдээлэл хийхэд хүргэж байна гэдгийг хэлэх оюутан олон байна. Түүнчлэн оюутнууд МОХ-ны удирдлагуудыг ойрын хугацаанд холбооныхоо тайлан тооцоог ил болгож, тайлагнахыг ч шаардаж байгаа юм.
Ямартай ч Монгол Улсын ирээдүйг хөтлөх оюунлаг залуус маань улс төрчдийн утсан хүүхэлдэй, мөнгө угаах эзэд бололгүй улс орныхоо ирээдүйн хөгжил, оюутан залуусынхаа мэдлэг боловсрол тэдний сурч боловсрох, хөгжин цэцэглэх ирээдүйн төлөө дорвитой зүйл хийгээсэй гэж хүсэх байна. Оюутан залуусын төлөөлөл, манлайлал болсон МОХ-ны удирдлагуудын үлгэр дууриал өнөөдрийн нийгэмд өгүүлэгдэж байгааг ч дурьдах нь зүйтэй болов уу.
Б.Энхжин
http://www.24tsag.mn