Comment.mn

ХЯТАД ТЭРБУМТНЫХАА ТООГООР АМЕРИКИЙГ ДАВЛАА

Хятадын эдийн засгийн өсөлт суларч, өнгөрсөн зуны хөрөнгийн зах зээлийн хямралаар олон арван баячууд тэрбум, тэрбумын алдагдал хүлээсэн ч БНХАУ одоо дэлхийн хамгийн олон тэрбумтантай улс болоод байна. Шанхайд төвтэй “Hurun Report”–ын явуулсан судалгаагаар эх газрын долларын тэрбумтнуудын тоо 596 хүрсэн нь Америкийг /537 тэрбумтантай/ хүртэл ардаа орхив.

Хэрэв эх газрын тэрбумтнууд дээр Хонконг, Тайвань, Макаогийн баячуудын оруулвал дээрх тоо бүр 715 болох аж.

Хятадын эдийн засгийн өсөлт саарсны нөлөө дэлхий даяар мэдэгдэж байхад эх газарт хөрөнгөжиж буй  хятадуудын тоо юунд ч үл сааран өссөөр, нэг жилийн дотор 242 хүн тэрбумтан болсон байна. Үүнээс харвал Хятадын баячуудын хувьд хамгийн таатай жил болж өнгөрлөө ч гэж хэлж болох нь.

Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг энэ удаа “Ванда” группийн эзэн Ван Жианлин 34,4 тэрбум ам.доллараар тэргүүлжээ. Түүний хөрөнгө жилийн дотор 50 хувиар өссөнөөр “Алибаба” компанийн эзэн Жак Магаас  давж гарч, улсынхаа толгой баян болжээ. Энэ онд Алибабагийн Нью-Йоркийн бирж дээрх хувьцааны ханш сайнгүй байснаас багагүй алдагдал хүлээсэн бөгөөд, эзэн Жак Магийн хөрөнгө 22,7 тэрбум ам.долларт эргэлдэж  байна.

Хятадын гурав дахь баян эр бол “Wahaha” хэмээх ус ундаа, хүнсний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч группийн эзэн, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Зон Цинхоу юм. Хятадын мэдээллийн технологийн салбарын томоохон төлөөлөгчид болох “Tencent”-ийг үндэслэгч Пони Ма, смартфоны үйлдвэрлэлээр Apple, Samsung-ийг хүртэл айлгаж байгаа “Xiaomi”-гийн захиралч Лей Жун, “Baidu”-гийн эзэн Робин Ли нар топ 10 тэрбумтны тоонд багтжээ.

Эх сурвалж: Fortune

Б.Сэвжидмаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.