Comment.mn

Засгийн газар Гацууртын ордыг “хөдөлгөхөөр” болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй билээ. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрын хохь” хэмээн зарлаж, өнгөрсөн өвөл, хаваржин өлсгөлөн зарласан тэмцэгчид “Ноён Уулаа хамгаалсан гишүүддээ баярлалаа” гэсэн үйл ажиллагаа хүртэл зохион байгуулж байв. Тэгвэл өнгөрсөн 9-р сараас Гацууртын орд тойрсон асуудал дахин идэвхжиж, нинжа нар уг ууланд олборлолт хийж буй тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Уржигдар Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцсон билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн газрын “11 11” төвд мөн мэдээллүүд ирж байгааг хэлээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас энэ талаар тодруулсан юм.

Хариуд нь ЦЕГ-ын дэд дарга : Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарч байна. Хөвсгөл, Архангай, Дархан, Төв, Сэлэнгээс 1800 орчим иргэн очиж хууль бусаар ашигт малтмал ухах ажиллагаа явуулсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байна.

Нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч чадсан. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд гарч байна. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрч байна. Цагаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч ийм үйлдлүүд удаа дараа гарч цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна.

Өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулаад байна гэсэн юм.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид :
Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, 120 сая ам.доллараар бууруулсан байна. Ажлын хэсэг тавьсан зорилтоо биелүүлж, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрсэн тухай өгүүлсэн .
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эцэст Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт үүрэг болгосон юм.
Энэ нь ч ажил хэрэг болж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.10.23/ өргөн барилаа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар 11 сарын 10-наас өмнө Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, улмаар “Сенттерра гоулд” компанитай гэрээ байгуулахаар төлөвлөөд буй ажээ.

Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн гэгддэг юм.

С.Сарнай

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.