Ардчилсан нам 2012 оны сонгуулиар парламентад олуулаа болсон нь, 2013 оны төрийн тэргүүний сонгуульд намаасаа Ерөнхийлөгчтэй болсон нь “Авлигатай тууштай тэмцэнэ” хэмээн олон нийтэд итгэл хүлээлгэсэнтэй салшгүй холбоотой. Тухайн үед АН-ын дарга байсан Н.Алтанхуяг “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон хэлсэн байх. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Түүхийнхээ туршид монголчууд төрдөө хуулийн засаглал тогтоон улс орноо удирдаж ирсэн. Авлигатай холбоотой хэнийг ч хатуу цээрлүүлсээр ирсэн. Хөгжиж буй орнуудын хувьд авлига нь ардчиллын хамгийн аюулт дайсан нь юм. Түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох учиртай бөгөөд үүнийг бид эрхэм зорилгоо болгоно. Хаана их авлига байна, тэнд хөгжил сул дорой байна. Авлига Монголыг муухай харагдуулж байна” гэсэн байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч, “Авлигатай тууштай тэмцэнэ. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохирлыг заавал төлүүлдэг болно. Албан тушаалтнуудыг хууль биелүүлдэг болгоно. Төрөөс тэрбумтан төрдөг явдлыг таслан зогсооно” хэмээн мэдэгдэж байсан.
Ийнхүү “Авлигатай тэмцэнэ” гэдэг үгээр “зэвсэглэж” төрийн эрх барьсан АН-ынхан өдгөө энэ амлалтаасаа буцах бололтой. Учир нь 2012 оны сонгуулиас өнөөг хүртэл төр барьсан АН энэ хугацаанд авлигатай тэмцэх нь битгий хэл намын дарга байсан хүнийх нь ойр орчмын нөхөд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон дүр зурагтай л байна. Хамгийн ойрын жишээ татахад экс намын дарга Н.Алтанхуягийн Засгийн газрын үед түүний хүргэн Г.Дэнзэн, намын нөхөр Я.Батсуурь, зөвлөх Л.Гансүх нар АТГ-т шалгагдаж эхнээсээ ял сонсоод байна. Тэгвэл Н.Алтанхуяг хэдийгээр намын даргын суудлаа өгсөн ч журмын нөхдөө аврахаар цагаан захтнуудыг өмгөөлөх хуулийн төсөл санаачлаад амжсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан өдгөө УИХ-ын чуулганаар хэлэлцэх болчихоод байна.
Энэ оны тавдугаар сард Н.Алтанхуяг дээрх хуулийн төслүүдээ санаачилж, улмаар зургаадугаар сард УИХ-д өргөн барьсан. Түүний санаачилсан хуулийн төсөл өнгөн дээрээ Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциор хүлээсэн Монгол Улсын үүргийг биелүүлэх ач холбогдолтой хуулийн төсөл гэж тайлбарлаж байгаа ч хуулийн төслийн давхар санаа нь, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, мөнгө угаах гэмт хэргийг АТГ-ын шалгах харьяаллаас хасахад оршиж байгаа нь нэгэнт ил болсон. Иймдээ ч ҮАБЗ-өөс бичиг дээрх хуулийн төслийг зогсоож байсан юм.
Гэтэл Н.Алтанхуяг хэдэн сарын дараа хуулийн төслөө УИХ-аар хэлэлцэх асуудалд оруулж чадсан нь энэ. Н.Алтанхуягийн санаачилсан энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдээс үзэхэд тэрбээр цагаан захтнуудын гэмт хэргийг өмгөөлсөн зүйл заалт нэлээд байгааг анзаарч болно. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь таван зүйлтэй байгаа юм. Тухайлбал, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэл явуулна” гэсэн 26.1 дэх хэсэг нэмсэн” гэсэн байгаа юм. Энэ тохиолдолд АТГ-ын дэргэд байгаа Мөрдөн байцаах албыг салгаж, ингэснээр улс төрийн буюу цагаан захтнуудын хэрэгт хэрэг бүртгэл явуулах эрх зүйн орчингүй болох байдал харагдаж байна.
Түүнчлэн “Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 268 /хээл хахууль авах/, 269 /хээл хахууль өгөх/, 270.1 /хээл хахууль зуучлах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг мөрдөн бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэсэн байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа “Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
270 дугаар зүйл. Хээл хахууль зуучлах
270.1.Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан. Энэ хэсгүүдэд өөрчлөлт оруулна гэдэг нь хээл хахууль авсан албан тушаалтныг өмөөрсөн хэрэг болно.
Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 26 дугаар зүйл. Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага 26.2. Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263.1./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 270.1./Хээл хахууль зуучлах/, 273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
27 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага
27.3.Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265.2/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268/Хээл хахууль авах/, 269/Хээл хахууль өгөх/, 270.2./Хээл хахууль зуучлах/, 2701/Хууль бусаар хөрөнгөжих/, 273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйл болон өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661/Мөнгө угаах/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” зэргийг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачилсан нь АТГ-т өндөр албан тушаалтнууд шалгагдаж байгаа энэ үед тэдгээрийг өмгөөлөх төсөл болжээ гэж үзэхэд хүргэж байна.
Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төсөл батлагдвал АТГ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрхгүй болох юм. Ийнхүү АН 2012 оны сонгуулийн амлалтаасаа буцвал “Авлигатай тууштай тэмцэнэ” гэсэн уриагаа орхиж, “Авлигатай тэмцэхгүй нам” болсноо албан ёсоор зарлах бололтой.
Эх сурвалж http://www.info.mn