Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой ноцтой гэмээр мэдээллүүд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тус мэдээлэлд дурьдагдснаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хууль зүйн яаманд ажилладаггүй нэр бүхий 8 хүнд Хууль зүйн яаманд ажилладаг мэтээр холбогдох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж Төрийн албан хаагчидад олгодог хямдралтай орон сууцыг өөрийн хамаатан садан болон ойр тойрны хүмүүст олгуулсан тухай мэдээлэл юм.
Энэ асуудлын талаар тодруулахаар Хууль зүйн яамтай холбогдож мэдээлэл өгөөч гэж хүссэний дагуу Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга И.Зоригт 10 сарын 12-ны 16:00 цагт бидний цөөн тооны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ: “…юуны өмнө нэг талаас энэ асуудлын талаар сэтгүүлчид та бүхэн тодруулах өгөхийг хүссэн, нөгөө талаас Төрийн албан хаагчидад орон сууц хувиарладаг журам алдагдсан тухай гомдлууд удаа дараа бидэнд ирсэн байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг та бүхэнд өгөх нь зүйтэй гэж бид үзсэн юм” гэснээр яриагаа эхлэлээ.
Ямартай ч Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн удаа төрийн албан хаагчидад Орон сууц олгох тушаал гаргасан нь үнэн, эдгээр тушаал дотор хэвлэл мэдээллээр яриад байгаа шиг Хууль зүйн яаманд огт ажилладаггүй 8 хүнд орон сууц олгосон мэдээлэл бол ташаа мэдээлэл. Харин нэр бүхий 3 хүн нь Хууль зүйн яам болон тус яаманд харъяалагддаг агентлаг, газруудад огт ажиллаж байгаагүй талаарх мэдээллийг бид саяхан холбогдох газруудаас авсан, эдгээр нь Х.Тэмүүжингийн хамаатан садан гэдэг нь тогтоогдоогүй байна гэж Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга И.Зоригт мэдээллээ.
Эндээс хэд хэдэн асуудал зүй ёсоор урган гарч байгаа юм.
Нэгдүгээрт: Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин үнэхээр Хууль зүйн яам болон түний харьяа агентлаг газруудад ажилладаггүй нэр бүхий хүмүүст хөнгөлөлтэй орон сууцанд орох боломж олгохдоо Хууль зүйн яаманд ажилладаг гэсэн холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн үү? Хэрвээ тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол түүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Хоёрдугаарт: Төрийн албан хаагчидад хөнгөлөлттэй үнээр олгох орон сууц хувиарлах тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гаргасан тушаалд 1 м2-ийн үнийг 900 мянган төгрөг байхаар бодоод, үүнээс байр хүссэн албан хаагчидад тухайн үнийн дүнгийн 30% буюу 300 мянган төгрөгөөр бодож төрийн албан хаагчидад олгохоор шийдвэрлэсэн байх юм. Үнэхээр 1м2-ыг нь 300.0 мянган төгрөгөөр бодож төрийн албан хаагчдад олгодог юм бол хүмүүс төрийн албанд орохын тулд үхэн хатан тэмцдэгийн нууц үүгээр тайлбарлагдаж болох.
Гуравдугаарт: Улс эх оронд хууль ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй Хууль зүйн сайд нь өөрөө хуулиа зөрчөөд, төрийн албан бичгийг хуурамчаар үйлдэн төрийн албанд ажилладаггүй хүмүүст төрийн албанд ажилладаг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн байр орон сууц олгуулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Үүнийг цаашид хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
Дөрөвдүгээрт: Төрийн албаны тухай хуулийн дагуу тодорхой болзол шалгуур хангасан төрийн мэргэшсэн албан хаагчид орон сууцанд орж чадалгүй ээлж дараалалаа хүлээж байхад тэдний өмнүүр сайдын “садангууд” тэр тусмаа төрийн албанд ажилладаггүй хүмүүс “очер дугаар” дайран орж асуудлаа шийдвэрлүүлсан байдлыг харахад Хууль зүйн сайд нь цаг нар, өдөр шөнөгүй ажилладаг энгийн албан хаагчидаа үл тоон басамжилсан хэрэг биш гэж үү.
Түүгээр зогсохгүй Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний орон сууц хувиарласан тухай тушаал Хуульзүйн яамнаас олдохгүй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл экс сайд маань өөрийн “ойрын хүмүүс”-тээ байр олгосон тухай тушаалаа “устгасан” байж болох талтай юм билээ. Хууль зүйн яамны мэргэжилтнүүд байр орон сууц олгосон сайдынхаа тушаалаа олж чадаагүйн улмаас Шүүхийн шийдвэр биелүүлэх газар болон холбогдох газруудад хандаж экс сайдынхаа тушаалын хуулгыг олж авчээ.
Тушаалд нэр дурьдагдсан Д.Дагвагүнчин, Ц.Пүрэв-Очир нарын 3 хүн Баянзүрх дүүргийн 25-р хороонд баригдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын барьсан орон сууцанд Хууль зүйн яамны ажилтан нэрээр хөнгөлөлтэй үнээр орон сууц авсан ажээ. Энэ хүмүүс хэзээ ч Хууль зүйн яаманд урьд хожид хэзээ ч ажиллаж байгаагүй гэдэг мэдээллийг Хууль зүйн яамны хүний нөөцийн ажилтнууд нь тогтоож И.Зоригт даргад мэдээлсэн байна. Түүнчлэн орон сууц олгосон талаарх мэдээлэл яамны тайлан албан мэдээлэлд дурьдагдаагүй, хамт олны хурлаар асуудал нь орж хэлэлцэгдэлгүйгээр асуудал нь шийдэгдээд явжээ.
Ярих хэлэх бүрдээ шударга ёсны төлөө гэж үг унагах Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний хийсэн үйлдэл, хэлсэн үг нь ийнхүү зөрүүтэй байдаг нь нотлогдож байх шиг. Хууль зүйн яамныхан эхлээд дээр нэр дурьдагдсан гурван хүний байрыг тэднээс буцааж өөрийн мэргэжилнүүддээ шилжүүлэх, дараа нь хууль бус тушаал гаргасан экс сайдтайгаа хэрхэн учраа олох асуудал нь нээлттэй хэвээр үлдэх шив дээ.
Ц.Мөнх
Эх сурвалж: Ugluu.mn