Comment.mn

Д.Амарсайхан:Бид оюутан байхаасаа л “Охин үр” дууг хамтарч дуулдаг байсан

Ж.Солонго:С.Вандан, Д.Дуламсүрэн нар бидэнд хоёр удаа хос ятга бэлэглэсэн

Цагийн цагт давалгаалж байдаг нийтийн дууны урлагт шинэ цагийн давалгаа хүчтэй түрэн ирж байна. Энэ их давалгаан дунд өөрийнхөөрөө байж, өөрийн гэсэн байр суурийг эзлэх амаргүй. Тэр тусмаа хосоор дуулж гарч ирнэ гэдэг тийм ч амар биш. Тэгвэл Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Дашзэвэгийн Амарсайхан, Жигмэдийн Солонго нарын олон сайхан уран бүтээлийг ард түмэн хэдийнээ хүсэн хүлээдэг болжээ. Гэр бүлийн хоёрын дуулсан “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” гээд дуунуудыг нэрлэхээр эрхэм хоёрыг хэн ч мэдэж таарна. Ингээд эрхэм хоёр уран бүтээлчтэй уншигч олноо уулзуулж байна.

-Ярилцлагаа шууд та хоёрын ирээдүйн мөрөөдлөөс эхлээд өнөөдөрт золгуулж тэгээд он цагийн урсгал руу буцаж өнгийх үү. Эсвэл өнгөрснөөс одоо, тэгээд ирээдүй рүү явах уу?
-Д.Амарсайхан:Ирээдүйгээс эхэлнэ гэвэл бидний хувьд ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлтэй болохыг хүсдэг. Өнө мөнхөд дуулагдаж байх тийм л уран бүтээлтэй болох хэрэг шүү дээ. Ерөөсөө уран бүтээлч бүгдийн мөрөөдөл энэ байх. Ард түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлтэй байна гэдэг юу юунаас том шагнал биз дээ. Яг л ардын дуу шиг дуулагдаж байх тийм уран бүтээлтэй байхыг хүсдэггүй уран бүтээлч юу байхав. Үүний төлөө хөдөлмөрлөж хичээх болно.
-Ж.Солонго:Би ирээдүйгээ их өөдрөгөөр төсөөлдөг. Манай хүний хэлж байгаа шиг ард олондоо хүндлэгдсэн тийм уран бүтээлтэй болох. Хамгийн ойрын үеийн мөрөөдөл бол нийт монголчууддаа зориулж нэг сайхан бие даасан тоглолт хиймээр байна. Ойрын үеийн төлөвлөгөөнд байгаа ч хараахан хэзээ вэ гэдгээ одоогоор хэлж мэдэхгүй юм. Ямартай ч нэг сайхан тоглолт хийнэ дээ. Хамгийн гол нь бид хоёр энэ тоглолтоороо ард түмний дунд хэр хэмжээнд байгаагаа мэдрэх гэсэн юм. Д.Амарсайхан, Ж.Солонго гэдэг хүмүүс ард түмэндээ хэрхэн үнэлэгдэж, хаана яваагаа мэдэх нь чухал.

-Тэгэхээр хөгжмийн багшаар ажиллаж байсан хүмүүс чухам ямар учраас нийтийн дууны урлагт хөл тавив. Тэр тусмаа хосоор дуулах болов. Энэ тухай хуучлаач?
-Д.Амарсайхан: Бид 2004 онд болсон “Зууны манлай хос дуучид” С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит “Хос дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-д “Хос заяа” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэгэхэд бид хоёрт хос ятга бэлэглэж байлаа. Үүний дараа тэр хос ятгаараа анхны уран бүтээл болох “Хос заяа” дуугаа дүрсжүүлж олны хүртээл болгосон. Үүнээс хойш л дууны уран бүтээлд гүнзгий орсон доо. Үүнийгээ ч ихэд бэлгэшээж боддог юм.
-Ж.Солонго:Уралдаанд түрүүлж авсан тэр хос ятга бид хоёрыг хосоор дуулахад эргэлт буцалтгүй оруулсан гэж боддог. Үүнээс хойш олон уран бүтээл хийж, “Хосоор жаргалтай” цомог гаргалаа. Бид хоёрын цомгийн баярт С.Вандан, Д.Дуламсүрэн нар ирэхдээ мөн хос ятга бэлэглэсэн. Үүний дараа мөн л шинээр уран бүтээл хийсэн. Бидний одоо уран бүтээл хийж байгаа хос цагаан ятга бол өнгө хийцээсээ эхлээд сонгодог хэлбэрийн ятга юм. Ингээд бид хоёр гурван хос ятгатай болчихсон.
-Багшлахын зэрэгцээ 2004 оноос хойш лавтай 10 жил дуулсан байна. Ер нь урьд өмнө дуулдаг байсан байлгүй. Сурагч болон оюутан ахуй цагийнхаа тухай дурсаач?
-Д.Амарсайхан:Дуулалгүй яахав. Хүүхэд байхаасаа л дуулсан. Би нэг зүйл яръя. Бид хоёр гэр бүл болохоосоо өмнө, бүр үерхэж эхлээгүй байхдаа тоглолтод хосоороо дуулдаг байлаа. Оюутан байхдаа ангиараа ч юм уу, ямар нэг тоглолт болоход “Охин үр” дууг хамтдаа дуулдаг байсан.

-Эртнээс хамтарч дуулсан юм байна. Магадгүй энэ нь та хоёрыг гэр бүл болж, үр хүүхэдтэй болох ирээдүйн эхлэл ч байсан юм билүү. Аливаа зүйл чинь заавал нэг утга учрыг агуулж байдаг шүү дээ?

-Ж.Солонго:Бид одоо нэг охинтой шүү дээ. Охин маань дунд сургуульд сурч байна. Бид хоёр нэг курсийн оюутнууд бие биенээ шохоорхож ч хардаггүй байхдаа “Охин үр” дууг дуулдаг байлаа. Магадгүй биднийг энэ дуу ч ойртуулсан байж болно. Түүнээс бус урьд өмнө бид биенээ огт тоодоггүй байсан. Бид хоёр урьд өмнө Дундговь аймгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байхдаа ч зарим тоглолт дээр хамтран дуулсан л даа. Бид чинь хоёулаа Соёлын дээд сургуулийн нэг курсийнх, хөрш зэргэлдээ ангид суралцдаг байсан. Манай хүн чинь сургуульдаа атаман нь байв даа.
Д.Амарсайхан:Ямар юмных нь атаман байхав дээ. Тухайн үед би хөдөө мал маллаж байгаад 20 гарчихсан хойноо оюутан болохгүй юу. Тэгэхээр арван хэдтэй хүүхдүүдээс санаагаараа илүүрхэлгүй яахав. Энэ бүгд нь намайг атаман харагдуулдаг байсан байх. Гэхдээ ч огт хөдөлгөөнгүй хүүхэд байгаагүй л дээ.
-Та хоёр хамтарч дуулаад бас чиг чамгүй хугацааны ард гарч. Энэ хэрээр сонсогч олонтой болсныг бид мэднэ. Дээр ярихдаа тоглолт хийж, ард түмний дунд ямар байгаа хэмжээгээ мэднэ гэсэн. Тэгэхээр цомог ч гарчихсан гээд та хоёр тоглолт хийхэд бэлэн харагдаж байна. Өөрөөр хэлбэл ард түмэн та хоёрт аль хэдийнээ дүн тавьсан биш үү?
Д.Амарсайхан:Гэхдээ бид хоёр баруун аймгуудаар СТА дуучин Г.Мөнхбаяр, П.Жимсээ нартай аялан тоглосон. Ард түмэн маш халуун дотноор хүлээж авдаг юм билээ. Хэд хэдэн удаа дахиулаад маш их урам өгсөн. Мөн зүүн аймгуудаар УГЖ Л.Болдбаатартай хамт аялан тоглолоо. Бас л сайхан хүлээж авч байна лээ. Энэ бол орон нутгаас бид хоёрт өгч байгаа үнэлгээ. Үүнээс маш том урам авдаг юм билээ. Магадгүй энэ урам нь бид хоёрт дараа дараагийн уран бүтээл хийхэд томоохон ташуур болж байгаа байх.

-Та хоёрыг яаж танилцсан тухай яриад яахав, харин гурвуулаа одоо он цагийг ухрааж та хоёрын бага нас руу өнгийвөл яасан юм. Мэдээжийн хэрэг багадаа дуулж хөгжимддөг л хүүхдүүд байсан биз?

Д.Амарсайхан:Манай аав ерөөлч магтаалч, хуурч хүн бий. Ээж маань яруу найрагч. Хоёулаа Соёлын тэргүүний ажилтан цолтой хүмүүс. Миний хувьд яах аргагүй урлагийн гэрт өссөн. Нэгдүгээр ангиасаа л гармон хөгжим тоглодог байв. Харин дөрөвдүгээр ангиасаа хуур тоглож эхэлсэн дээ. Мэдээж энэ нь аавын нөлөөлөл. Намайг тавдугаар ангид байхад Дундговь аймгийн хэмжээнд Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит хуурчдын уралдаан болж, түүнд оролцож тусгай байрын шагнал авч байлаа. Ингээд наймдугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч, адуучин болсон доо. Хэсэг хөдөө байж байгаад хотод хүүхэд харах нэрээр ирээд Хархорин зах дээр нэг жил орчим махны ченж ч хийлээ. Ингээд л Соёлын дээд сургуульд ээж маань хөтөлж оруулсан. Бага насанд маань дуу хөгжимгүй нэг ч өдөр байгаагүй гэхэд болно.
Ж.Солонго:Миний бага нас Увс аймгийн Хяргас суманд өнгөрсөн. Багаасаа л дуулж хөгжимддөг хүүхэд байсан. Амьдралын эрхээр би өвөө эмээгийн хүүхэд болсон. Миний бага насыг ч дуу хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Ээж маань нутагтаа сайхан дуулдаг, ерөөсөө л урлагийн талын хүн. Харин аав маань Сумын заан цолтой барилддаг байв. Манай ах нутагтаа “Ванлий” хэмээн нэрлэгдсэн Цэвээн гэж сайхан дуулдаг хүн байгаад өөд болсон. “Ванлий” гэж дуугаар нэрлэгдсэн Цэвээн ах маань жолооч нарын дунд зарлагдсан улсын дууны уралдаанд ирж шагналт байр эзэлж хүртэл явсан юм билээ. Хоосонгүй л байсан хэрэг. Миний хувьд Хяргастаа 10 жилийн сургуулиа дүүргээд Соёлын дээд сургуульд ирсэн дээ. Би хүүхдэд нэг их сүйд болоод байдаггүй байсан юм. Тэгэхээр бурхан намайг хүүхэдтэй ажиллахаар илгээсэн гэж боддог. Манай Хяргасын 10 жилийн нэг ангийнхан маань бүгд мундаг хүмүүс бий, дандаа л дарга нар болсон байна лээ. Увс аймгийн Засаг даргын орлогч, сумын Засаг дарга гээд салбар бүхэнд маш амжилттай удирдах алба хашиж яваад нь баярлаж явдаг.

-Та хоёр үеийнхнээ бодвол уран бүтээлээ оройтож эхэлжээ. Үеийнхэнтэйгээ дөрөө харшуулчих боломж байгаагүй хэрэг үү?

-Ж.Солонго:Нэг их хүчлээгүй юм уу, амьдралын эрх юм уу. Ямартай ч оройтсон. Би Увсад байхдаа одоо энэ УГЖ Л.Болдбаатар, С.Жавхлан, Д.Бурмаа нартай хамт “Яргуй” наадамд оролцдог байсан. Гэсэн хэдий ч багшийнхаа ажлыг хийгээд хэдэн жил уран бүтээлээс хөндийрсөн дөө. Найман жил боловсролын салбарт ажиллах хугацаанд үеийнхэн маань нэр зүстэй том уран бүтээлчид болцгоосон. Бүгд сайхан уран бүтээлчид болж өсч өндийсөнд баярлаж явдаг.
-Д.Амарсайхан:Миний хувьд ч багшийн ажил хийгээд явсан. Манай хүн чинь бүр боловсролын гурван шатанд ажилласан хүн. Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, их дээд гээд гурван шатанд ажилласан. Гэхдээ уран бүтээлийг эрт орой хэзээ ч хийж болно гэж боддог, хамгийн гол нь чанартай, сайн байх нь чухал.
-Дундговийн Өлзийт, Увсын Хяргас гэхээр монголчууд андахгүй мэдэх байх. Яагаад гэвэл алдартай хүмүүс олон байдаг санагдана?
-Д.Амарсайхан:Манай сумын хувьд алдартнууд олонтой. Сүүлийн дөрөвхөн жилийн дотор А.Дашпэлжээ, Н.Дагийранз, А.Нэргүй гээд гурван Ардын жүжигчин төрөн гарлаа шүү дээ. Ц.Чулуунцэцэг дүү нар болох Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг гээд дотно хүмүүс бий. Яруу найрагчдаас гэвэл Төрийн шагналт Долгорын Нямаагаас эхлээд дурдвал олон. Аргагүй л авьяастны өлгий нутаг гэж болно.
Ж.Солонго:Манай сумыг мэдээж дархан аварга Х.Баянмөнхөөр Монгол Улс хамгийн сайн мэднэ. Энэ хүн Увс аймгийн Хяргас сумыг нэгэн тавин жил монгол бөхийн дэвжээнээ цоллуулж яваа мундаг хүн шүү дээ. Энэ хүн сумыг маань монголчуудыг хэзээ ч мартахгүйгээр таниулсан гавьяатай. Урлаг соёлын алдартай олон хүмүүс миний нутагт бий.
-Д.Амарсайханы ээж аав хоёр хоёулаа Соёлын тэргүүний ажилтан юм байна. Та хоёр бас гэр бүлээрээ Соёлын тэргүүний ажилтан гээд бас л сонин тохиолдол шүү?
-Д.Амарсайхан:Энэ шагнал бол биднийг дууллаа гэж өгөөгүй юм билээ. Учир нь бид хоёр боловсролын салбарт ажиллаж, олон зуун шавийн “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн” гэж болно. Нөгөө талаар бид хоёр багш хүмүүсийн хувиар олон сум, байгууллагын ойн баярын концертыг дэглэж, бас зааж зөвлөсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл соёл урлагийн жижиг том арга хэмжээг олон удаа зохион байгуулж, соёл урлагийг түгээхэд оруулсан хувь нэмэр гэх үү дээ. Тиймээс энэ шагналыг бидэнд олгосон юм.
Ж.Солонго:Хамгийн сүүлд гэхэд л манай хүн өсч төрсөн нутаг Өлзийт сумынхаа ойн баярыг найруулж, цэгцэлж өгсөн байх жишээтэй. Мэдээжийн хэрэг олон зуун оюутанд нот заахаас олон зүйлийг сургахын зэрэгцээ өөрсдөө хөгжмийнхөө төрлөөс оюутан ахуй цагаасаа л өнөөдрийг хүртэл салаагүй яваа зэрэг нь бидэнд энэ шагналыг авчирсан. Түүнээс биднийг хэдэн дуу дуулчихсанд нь өгчихсөн хэрэг огт биш. Шагналд бас ялгаа бий. Чухам юу хийгээд, ямар учраас өгчихөв, авчихав гээд яривал олон зүйл бий.
-Та хоёр “Хосын хорвоо” нэртэй цомог гаргасан байна. Ингэхэд “дуу гурван жигүүртэй” гэдэг. Тэгэхээр хамтарч ажилласан уран бүтээлчид ямар хүмүүс байна?
-Д.Амарсайхан:Олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажилласан даа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр багш, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн нараас эхлээд олон уран бүтээлчийг нэрлэж болно. Нутгийн сайхан уран бүтээлчид ч бидэнтэй хамтарч ажилладаг.
-Б.Бямбабаяр багш гэлээ. Энэ нь ямар учиртай юм?
-Б.Бямбаяр багш чинь биднийг оюутан байхад хичээл заадаг байлаа. Тэр утгаараа багш гэж байгаа хэрэг. Олон сайхан багш нарын хичээл зүтгэлээр уран бүтээлч гэж нэрлүүлж яваадаа баярлаж явдаг даа. Бид хоёр дандаа өөрсдийн шинэ уран бүтээлийг сонсогч олон хүргэсэн. Одоо зарим нэг хуучны сайхан дуунуудаас хүргэх нь зөв гэж бодлоо. Тэгээд “Чи бидэн хоёр” дууг өөрсдийнхөө хэв маягаар дуулж бичүүлсэн. Одоо дүрсжүүлэх гэж байгаа юм.
-Та хоёрын цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсч, хосоор заяатай хорвоогийн утга учрыг сонсогч олондоо үргэлжийн хүргэхийн ерөөл дэвшүүлье. 

С.Ууганбаяр

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.