Comment.mn

Дамбадаржаагийн хийдийн лам нарын дарж чадаагүй хий үзэгдэл

Бурхан шүтээнтэй газар буг чөтгөр байдаггүй, тогтдоггүй юм гэх яриа байдаг ч бас худлаа бололтой. Одоогийн Дамбадаржаагийн хийд байгаа газар албин чөтгөр амилсан мэт аатай байдаг гэнэ шүү. Энэ талаар тус газарт жил гаруй хугацаанд манаач хийж байсан Өвгөнхүү гэж нэгэн өвгөн ярьсан юм. Учир нь, 1950-иад оны дундуур тэнд Сүрьеэгийн эмнэлэг байсан. Одоо ч байхгүй л дээ. Нурааж буулгаагүй, цонхнууд нь онгойж харласан байшингийн суурь тус хийдийн урд талд хэвээрээ байгаа билээ.

Нийслэлд хүн амын төвлөрөл ихтэй учраас газар олдож л байвал хаана ч байсан ямар хамаа байх вэ гэсэн бодлоор шамбааралдан буусан айлууд хаа сайгүй. Дээрхи эмнэлгийн байрыг тойроод ч айлууд нүх зайгүй буусан байдалтай байгаа. Тэдгээр айлууд тус байшингийн балгас болсон байранд шөнө гэлтгүй өдрийн цагаар юм дуугардаг, хүүхэд шуухад уйлалдаж, том хүмүүс хэрэлддэг гэдгийг мэднэ, бүр дасал болсон ч гэх юм билээ. Автобусанд хүртэл явж байгаа хүүхдүүд тэр эмнэлгийн хуучин балгасыг аймаар чөтгөртэй юм билээ гэж ярина.

Дээрхи Өвгөнхүү манаач хийдийг хэдэн жил манасан бөгөөд эмнэлгийн чөтгөрүүдтэй бараг ах, дүү шиг ижил дасал болсон нэгэн гэнэ. Тэрбээр ярихдаа “Би нэг муу жижиг гэрийг хийдийн хашаан дотор буюу яг тэр эмнэлгийн ард талд барьж, ганцаараа амьдардаг байсан юм. Эхэндээ айдаг байсан. Сүүлдээ тоохоо больчихдог юм билээ. Шөнө унтуулахгүй шүү дээ. Түгжээтэй хаалга татна, гэр шөргөөнө, нэрээр минь дуудна. Өглөө босохоор гадаа байгаа зүйлсийг энд тэнд аваачаад хаячихсан байдаг юм. Зарим шөнө яг гэрийн хаяанд нялх хүүхэд уйлаад үнэн зовиуртай.  Нүдээ аниад, чихээ бөглөөд унтсан ч болдоггүй юм. Энэ талаараа хийдийн хамба болоод лам нарт хэлэхэд рашаан, утлага өгөөд бид наад албин чөтгөрийг чинь номын хүчээрээ дарна аа л гэж ярьдаг байсан, дарж чадаагүй юм шиг ээ. Би ч сүүлдээ нөгөө буг чөтгөртэй чинь найз юм шиг болсон шүү дээ. Хоолоо хийчихээд орж ирж хоол идэх юм уу зуун грамм татах уу гээд л дооёолдог юм ш дээ. Тэгэхээр бүр уурладаг бололтой. Гэрийг минь нураагаад хаячих шиг болдог юм.

Гадаа орхисон сүхээ нэг орой олдоггүй ээ. Модоо хагалж чадахгүй, дэлгүүрээс мод авчраад түлчихээд хоолоо хийгээд унтах гээд хэвтсэн чинь миний орны цаана нээх муухай хяхтнасан хоолойгоор “Эмнэлгийн байрнаас орж сүхээ авбал аваарай” гэж хэлэхээр хамаг биений хүйтэн хөлс чийхалдаад айгаад баларсан шүү. Эл явдлаа муу хөгшин болоод үр хүүхдүүддээ хэлсэн. Тэгтэл юундаа хоргодож тэнд байгаад байдаг юм бэ? Одоо муу муухай юмтай нөгцөх чинь дутаа юу?” гэж загнасаар намайг холдуулсан юм даа. Учир нь, хийдийн хамба ламтай нэг нутаг ус болохоор хөгшин намайг зүгээр байж байхаар цалинтай ажиллаж манай хийдийг манаж өгөөч гэсэн саналыг тавьж байсан юм. Тэгээд би зүгээр гэртээ суухаар хэдэн төгрөг олж, гэр орондоо нэмэр болъё гэж бодсон.

Харин манаачийн ажлаа хөдөө уул уурхайн компанид ажиллаж байгаад ажилгүй болсон гэх нэгэн залууд хүлээлгэж өгсөн юм. Гэхдээ эл газраа тийм, ийм шүү гэж хэлээгүй л дээ. Яах вэ, залуу хүүхэд айж эмээгээд ажиллахгүй гээд унавал яахын гэж бодоод юу ч хэлээгүй. Тэгсэн дөрвөн сар ажилласан нөгөө залуу надруу залгаад “Өвгөнхүү ах аа, үнэндээ энд чинь байж чадахгүй нь ээ. Өдөр, шөнө гэлтгүй надад хий юм сонсогдож, манайх нялх охинтой, шөнөд уйлаад унтаж чадахгүй байна. Ийм байдлаас болж эхнэр уурлаад охиноо аваад төрхөмдөө буцсан.

Би ганцаараа хэд хонолоо. Арай л аймаар юм аа. Сүүлдээ найз нараа дуудаж, айдсаа дарахын тулд архидаж хоносоор байтал архичин болж гүйцлээ” гэж ярьж байсан.

Тэгээд хийдийн удирдлагад учир начраа хэлээд ажлаасаа гарсан юм билээ. Дамбадаржаа хийдийн лам нар буг чөтгөрийг дарах, арилгах, бузар дэвийг хөөн зайлуулах ном байнга уншдаг гэсэн ч дарагддаггүй, арилдаггүй албин чөтгөр нүүрлэсэн газар гэж тэд ярьдаг ажээ. Сүрьеэгийн эмнэлэгт л олон жилийн турш муу муухай бүхэн уусан шингэж буг чөтгөртэй болсон гэх яриа байдаг. Түүнчлэн тус эмнэлэг доторхи шалны модноос хуулж хагалж, гал түлсэн хоёр ч айл бузрын хорлол болж, мөн амьдрал нь өөдлөөгүй, үр хүүхэд нь өрөөл татанхай болсон гэдэг юм билээ.

Эх сурвалж : mongoliax.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.