Comment.mn

Цэцийг хардаж, Оюутолгойг онилсон долоо хоног


УИХ-ын чуулган өнгөрөгч долоо хоног 50 гаруй хувийн ирцтэй, хэлэлцэх асуудлаа шуурхайлсан, асуудал бүр нь анхаарал татсан тун ч халуухан болж өнгөрлөө. Пүрэв гарагийн ээлжит хуралдааны үеэр хоёр томилгоо хэлэлцсэн юм. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгээс Хуульзүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Д.Ганбат, байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндорж нарын асуудлаар завсарлага авсан бол Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Ч.Улаан гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр ажилдаа орлоо. УИХ-аар энэ өдөр нэлээд олон хуулийн төсөл хэлэлцсэн юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв. Энэ үеэр Цэцэд Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх хүрээнд шилжүүлсэн 330 сая төгрөг, Цэцийн даргад авч өгсөн “Lexus-570” машины асуудал гишүүдийн анхаарлыг татаж, энэ асуудлаар Цэцийг АТГ-т өгч шалгуулахаар болсон юм. Тэгвэл баасан гарагт хуралдсан ээлжит хуралдааны эхэнд МАН-ын бүлэг Өршөөлийн хуулиар авсан ажлын тав хоногийн завсарлагаа дахин гурав хоногоор үргэлжлүүлэх хүсэлтээ гэдгээ уламжиллаа.Завсарлага авсан шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэгбүрээр нь санал хураал­гах ёстой. Ингэж санал хураал­гах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан” хэмээн тайлбарласан юм. Мягмар гарагт уг асуудлыг ярилцах байсан ч байнгын хорооны даргын асуудлаар АН маргаантай байгаагаас үүдэж хойшилжээ.

Төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл эхний даваагаа давав

УИХ-ын даргад Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга уг асуудлыг нэн яаралтай дэгээр хэлэлцэх захирамж гаргасан билээ. Тиймдээ ч УИХ энэ асуудалд илүүтэй анхаарал хандуулж  баасан гарагт нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайд танилцуулгадаа, “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 576.8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 221.2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөгөөр тус тус буусан үзүүлэлттэй гарлаа. Төсвийн орлого ийнхүү буурахад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн” хэмээв.

Тиймээс хуулийн хүрээнд орлого, зарлагын асуудлыг тэнцвэржүүлэх талаар хэлэлцэхийг хүслээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан Ерөнхий сайдад болон Сангийн сайдад нэлээд шүүмжлэлтэй хандав. Учир нь 2015 оны төсвийн тодотголд 2016 оны наймдугаар сараас хэрэгжүүлэх Засгийн газрын бүтцийн асуудлыг тусгасан нь ямар учиртайг тодруулав. УИХ-ын дарга энэ бол редакцийн алдаа хэмээн тодотгосон юм. Гишүүд хөрсөн дээр буусан алдагдалгүй төсөв батлах хэрэгтэйг хэлж байлаа. Төсвийг алдагдалгүй болгох нь Төсвийн тодотгол болоод ирэх оны төсвийн зорилго гэдийг З.Энхболд дарга хэлээд, хамгийн амархан зам бол  Засгийн газар мөнгө авахаа болиод хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөх гэдгийг онцлов.

Мөн Сангийн сайд Б.Болор төсвөө эрүүлжүүлье гэж байгаа. УИХ-ын даргын хэлсэнчлэн хувийн хэвшлээ дэмжих, мөнгөний бодлогоо зөөллөх бодлогууд гарч ирнэ. Хөрөнгө оруулалтуудын хувьд сүүлийн гурван жилд 50 орчим цэцэрлэг, 70-аад сургууль ашиглалтад орсон хэмээн тайлбар зүүж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Хувийн хэвшлийнхний үүрч байгаа хүнд ачааг багасгая гэсэн төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөлөл орж ирж байгаа. Тиймээс гишүүд ямар нэг асуудал тавихгүйгээр батлах нь зүйтэй. Ингэвэл та бүхний хүсээд байгаа асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Тиймээс шүүмжлэл, дайралт хэрэггүй. Энэ бол гашуун боловч үнэн үг. Өнөөдөр 2016 оны сонгуулийг угтсан шоу хийгээд хэрэггүй” гэв. Ийнхүү маргаан шүүмжлэл, асуулт хариулт үргэлжилсээр уг асуудлын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Мөн энэ өдөр 2016 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа төс­вийн орлогыг бодитойгоор тоо­цох; “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ гэж тооцох,  “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр тусгажээ. Харин төсвийн зарлагын тухайд бүх шатны төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, нийт зардлын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 2016 оны наймдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх гэх мэтээр хэмнэлтийн горимд шилжсэн, хөрсөнд буусан төсөв байхаар боловсруулжээ. Хууль санаачлагчийн танилцуулгын дараа гишүүд орлого зарлага, бүтцийн хэмнэлтийн талаар санал шүүмжлэл өрнүүлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт орлого, зарлагаа хэр бодитой тооцсон бэ гэдгийг тодрууллаа. Үүнд Сангийн сайд “Орлого, зарлагын хувьд бодитой.

Өмч хувьчлал, том төслүүдээ явуулна гэж тооцсон. Ирэх жил төсөл явах бүрэн боломж бүрдсэн. Өмч хувьчлал дээр том обьектууд гарч ирнэ” гэлээ. Ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг байхаар, эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар тусгасан. Энэ нь бодитой тоо гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн Ц.Нямдорж гишүүн Сангийн сайдаар ажиллаж байсан гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж улс төрийн ямарваа нэг зорилгогүйгээр улс орны эдийн засгийн бодлоо ярилцан ойрын төлөв байдлыг сайн нягталж бодит хөрсөн дээр буусан мэргэжлийн санал оруулж хэрэгтэй байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар З.Энхболд дарга зөвхөн Төсвийн байнгын хороо гэхгүйгээр бүх гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж ажиллуулна гэв.

Сайдууд чуулганы танхимд тусгайлсан суудалтай болно

З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар УИХ-ын даргын дэр­гэдэх зөвлөлийн хурлаар хэлэл­цэн шийдвэрлэснийг дуулгалаа. Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр сайдууд нэг дор сууж  гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна. УИХ-ын даргын саналыг ч гишүүд санал нэгтэй дэмжлээ.   Баасан гарагийн чуулган цаг сунган хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбог­дуулан асуулга тавьсан тухай мэдээллийг сонслоо. 

Ерөнхий сайд гишүүдийн асуулгад өгсөн хариултдаа, “Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1,945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Асуулгатай холбогдуулж, гишүүд “Оюутолгой” компани хэдий хэмжээний татвар төлсөн, “Оюутолгой”-д Монголыг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн хэдэн төгрөгийн цалинтай, ногдол ашгийг Монголын тал хэдэн оноос хүртэж эхлэх зэрэг олон асуудлыг гишүүд тодрууллаа.

Тухайлбал, Татварын ерөнхий газрын даргын тайлбараар бол зөвхөн энэ онд есөн сарын байдлаар 137 сая төгрөгийн татварыг “Оюутолгой” ХХК төлсөн бол тус компанид Монголын талыг төлөөлөн сууж байгаа гурван гишүүний цалин хэд болохыг УИХ-ын гишүүн Г.Уянга тодруулав. “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд ““Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүний жилийн цалин бохироороо 100 мянган ам.доллар” гэсэн хариулт өгөв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Гайхамшигтай сайхан төлөвлөгөө чинь Арбитрын шүүхэд  очиход авч хэлэлцэхгүй гэдгээ хэлээд өгөөрэй. Та нарын оронд уг нь татварын байцаагч ярих ёстой. Тэдний актыг Ерөнхий сайд ч өөрчлөх ёсгүй. Дарга нар нь сайд нар нь худалдагдсан байна.

Зургаан тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй, өөрийнхөө өрөнд өгнө. Ногдол ашиг 2030 он хүртэл авахгүй гээд хээвнэг хэлж байна, та бүхэн. Зардлыг хэтэрхий хэтрүүлснээр ашиг авах хугацаа алсарсан. Дээр нь Монголын газар нутгийг тавьж туусан хэмээн бухимдсан бол Ерөнхий сайд С.Ганбаатар гишүүний үгэнд бухимдаж “С.Ганбаатар гишүүн худлаа ярьж байна. Ерөнхий сайд Оюутолгойгоос ТУЗ-аас нэг ч цалин авдаггүй. Би нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй. Та нэг ухаантай юм ярилаа, улсын байцаагч нар хэрүүл хийж байх ёстой гэж. Яагаад УИХ-ын гишүүн асуулга тавиад Ерөнхий сайд ярих ёстой юм.

Улсын байцаагч нь ярих ёстой. Гүтгэж доромжилж болохгүй. Би таниас нэг л зүйлийг асууна, үнэн үү гээд. Та анкет дээрээ гадаадад хоёр их сургууль төгссөн гэж бичсэн. Нэг сургуулийн нэрийг буруу бичсэн, тэнд төгсгөдөггүй мэргэжлийг бичсэн байгаа. Өөрөө та хуурмаг байж” хэмээн багагүй маргаан үүсэв. Оюутолгойн талаар ноцтой асуудал дэлгэсэн гэх УИХ-ын гишүүн Ч.Улаан “Зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн тухай ярьж байна. Үүнээс гадна 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Санхүүгийн зөрчил гэдэг бол хулгайлсан мөнгө. Энийг хүлээн зөвшөөрөөд нотолчихсон гэж байгаа бол та нарт тийм эрх олгогдоогүй. Нөгөө талаар энэ луйврыг хүлээн зөвшөөрч хамгаалах гэж оролдож байгаа нь буруу.

Төрийг, түмнийг төлөөлөөд энэ ордыг ашиглахад өөрсдийнхөө төлөөлөл болгож томилсон. Хандив, тусламжийг зээлийн эх үүсвэрээс хас гэсэн, хассан юм уу. Зээл болоод явж байна.  Тийм учраас энэ бүхнийг нарийвчлах ёстой. Менежмэнтийн багийг өнөөдөр хүртэл томилоогүй. Ийм ажлыг хийгээгүй учраас дуртай ажилдаа менежмэнтийн төлбөр авч байна, 170 сая доллар авсан байна. Зайлшгүй хийх ёстой ажлаа яагаад та бүхэн хийгээгүй юм бэ. Хувь нийлүүлэгчид нь зээлийн хүүг ил тод болгоно, хүүг бууруулах талаар арга хэмжээ авна гэсэн юу ч хийгээгүй” хэмээлээ. Харин Д.Ганболд захирал “Тэр ажлуудаа гайгүй муугүй хийгээд явж байгаа учраас далд уурхайн ажил ойрын хугацаанд эхлэхээр явж байна. Хандивыг яагаад зардалд суулгаад байна вэ, анхны бүтээгдэхүүнээ ердөө ноднин гаргасан. Шинэ үйлдвэр. Ашиг авах болоогүй, өртөг зардлаа нөхөх яагаа ч үгүй.

Аймаг, суманд өгч байгаа мөнгө нь зардал дотор нь ороод л явна. Ашиг авах болоогүй юм чинь. Хандив тусламжууд. Гурван суманд өгөх таван саяыг ашгаас өгч байгаа юм биш. Өнөөдрийн хувьд “Оюутолгой” сонгодог утгаараа ашиггүй байна. Удахгүй 15 банктай тохирно, зээлийн хүү нь өмнөх жилүүдийнх нь авч байснаас хямдаар ногдоно. Нөгөө талд ажиллаж байна гэж зүхэх юм та нар. Гэхдээ ямар ч зардал гарсан бид хамаарахгүй төлөхгүй гээд сууж болохгүй” гэсэн хариулт өглөө. Ийнхүү Оюутолгойн гэрээг тойрсон маргаан үргэлжилсээр төгсгөлд нь асуулга тавьсан гишүүд дүгнэлтээ хийлээ.

Тэрбээр, хөрөнгө оруулагч компани нь хариуцлагатай ажилладаг, оруулсан хөрөнгө нь үр ашигтай зарцуулагддаг байх зарчмын үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Оюутолгойн төсөл хөдөлж байгаа, бас Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байна гээд УИХ-ын тухай хуульд шаардлагатай гэж үзвэл гишүүний асуулгыг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлэхээр заасан байдаг тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм. Эдийн засгийн байнгны хороон дээр ярих эсэх нь гишүүний эрхийн асуудал гэдгийг З.Энхболд дарга хэлсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.