Хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өчигдөр уран бүтээлийн хамтарсан тоглолтоо эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө дүүрэн үзэгчтэйгээр дуу хуур, инээд наргиан, баяр цэнгэлээр цалгиж амжилттай зохион байгууллаа. Хэдийгээр урлагийн хоёр өөр төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдарч яваа ч сүүлийн хэдэн жил хамтран уран бүтээлээ туурвисан тэд хуран цугласан 3000 гаруй үзэгчдэд урлагийн гайхам сайхныг үнэхээр мэдрүүлж чадлаа. Тэдний үзүүлбэр номер бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, нэжигнэсэн халуун алга ташилт, баярын уухайтай бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн юм.
Тоглолтыг хоёр уран бүтээлчид маань өөрсдөө найруулсан нь хошин урлаг болоод нийтийн дууны урлагийг гайхалтай хоршуулж үзэгчдийг инээлгэж, уярааж ёстой л нэг үзэх юмтай тоглолт болж чадлаа. Түүнчлэн тоглолтын төгсгөлд эрхэм уран бүтээлчдэд олон арван мэндчилгээ, талархал ирсэний нэг нь уран бүтээлчдийн маань төрөлх нутаг Хөвсгөл аймгийн удирдлагууд МУСТА Лхагвацогтын Сөрөлтөд аймгийн хүндэт медаль гардуулсан явдал байлаа. Ийнхүү залуу уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, ажил амьдралд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун талархал дэвшүүлэхийн ялдамд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтонд нь урилгаар оролцож үзэгч түмнийг нь баясгасан “Шинэ үе” продакшны хамт олон, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлж амжилт алдарыг ерөөе. Ингээд эрхэм уран бүтээлчдийнхээ үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож буй 12-ны тоглолтонд нь амжилт хүсье.
www.URLAG.mn