Comment.mn

Америкчууд алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ

Афганистаны Кундуз хотноо болсон цэргийн ажиллагааны үеэр 22 хүн амиа алдсанд америкчууд хариуцлага хүлээхээ мэдэгдлээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Америкийн бөмбөгдөгч онгоцууд Афганистаны Кундуз хотноо байрлах “Хил хаязгааргүй эмч нар” олон улсын байгууллагад агаараас цохилт өгч, 22 хүний аминд хүрсэн хариуцлагыг АНУ-ын Засгийн газар хүлээхээр болжээ. Энэ талаар өчигдөр Пентоганы удирдах зөвлөлийн гишүүн, генерал Жон Кемпелл мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид энгийн иргэдийг хохироохыг хүсээгүй. Кундуз хотыг хэт даврагч “Талибан” бүлэглэлээс чөлөөлөхийн тулд шуурхай ажиллагаа явуулсан. Харамсалтай нь америкийн онгоцууд энгийн иргэдийг хохирсоноос гадна Афганистаны ард түмэнд тусалж байсан олон улсын байгууллагын ажилчдыг гэмтээлээ. Гэхдээ энэ бол санаатай аллага биш. Та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид бүх хариуцлагыг хүлээх болно” гэж хэлжээ.

Кемпелл ийнхүү хэлснийхээ дараа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай “Талибан” бүлэглэл болон гэнэтийн ажиллагааны асуудлаар ярилцжээ.  Тэд хагас цаг орчим ярилцсан бөгөөд Гани Америкийг буруутгаж, “Бүх хариуцлагыг хүлээх ёстой” гэж мэдэгджээ.

Кемпелл афганистанчуудаас уучлалт гуйсан ч дээрх асуудалд Афганы удирдлагуудыг буруутгаж, баттай бус мэдээлэл өгсөн хэмээн зэмлэсэн байна. Учир нь цэргийн ажиллагааа явагдахаас хоёр хоногийн өмнө Афганистаны удирдлагууд Кундуз хотод талибанчууд эрхээ тогтоож, хотын иргэдийг хүйс тэмтэрч эхэлсэн хэмээн Пентагонд мэдээлсэн аж. Энэхүү мэдээллийн дараа Пентагон шуурхай хуралдаж, хурлын төгсгөлд Кундуз хотод агаараас цохилт өгөхөөр тохиролцсон байна. Агаарын дайралтын үеэр 22 хүн амиа алдсны дараа “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын удирдлагууд АНУ-ын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж, хариуцлага хүлээхийг шаардсан юм. Америкийн гэнэтийн ажиллагааны уршгаар 300 мянган хүнтэй Кундуз хот ямар ч эмнэлэгийн байгууллагагүй болсноос гадна хэт даврагчдад сайхан боломж олгосон гэхэд болно. Хэт даврагчид гэнэтийн ажиллагааны дараахан тус хотод дараалласан халдлага үйлджээ.

22 хүн амиа алдсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар эмгэнэл илэрхийлж, Кундуз хотыг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Харин Пентоганы тэргүүн Эштон Картер удирдлагуудаа буруутгаж, “Бид энгийн иргэд бус хэт даврагчдад цохилт өгсөн” хэмээн мэдэгдэж, өчигдрийг хүртэл энэхүү байр сууриндаа баттай зогсч байсан ч салхи гэнэт өөрчлөгдөж тэрбээр афганистанчуудаас уучлалт гуйв. Картар “Цэргийн ажиллагааны үеэр хүмүүс амь насаараа хохирсонд харамсч байна.  Энэхүү ажиллагаанаас болж бүх зүйл өөрчлөгдөж, Америкийг буруутгах хүний тоо нэмэгдлээ. Бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Нисгэгчид алдаа гаргаж, эмнэлгийг бөмбөгдсөн. Тэдэнд хариуцлага хүлээлгэх болно. Бид Афганистан улсыг хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, илүү буурь суурьтай хөдлөх болно” гэж мэдэгджээ. Америкчууд буруугаа хүлээж, Кундуз хотод эмнэлэг барьж өгөхөө мэдэгдэхээс гадна цэргийн ажиллагааг буруутгаж, олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдээд буй “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын удирдлагуудтай уулзах санал гаргав.

Тус байгууллагын удирдлагууд америкчуудтай хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд энэ асуудалд НҮБ-ыг анхаарлаа хандуулахыг шаардаж, ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд шаардах бичиг илгээсэн болохоо өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Америкчууд анх удаагаа буруугаа хүлээлээ. Тэд цэргийн ажиллагаа нэрийдлээр олон хүнийг хохироосон. Гэхдээ бид “уучлаарай” гэх ганцхан үгийг сонсоод энэ асуудлыг орхихыг хүсэхгүй байна” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын тэргүүн мэдэгдсэн байна.

Пентоганы тэргүүн Эштон Картер, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нарыг цэргийн ажиллагаанаас болж маргалдаж байх хойгуур Ерөнхийлөгч Барак Обама ирэх оны эхээр Афганистанаас 5000 цэргээ гаргах шийдвэрт гарын үсэг зуржээ.  Тэрбээр Пентоганыг орхих үетэйгээ давхцуулан Афганистанд чөлөөлөх ажиллагаанд оролцож буй армийн бие бүрэлдэхүүнээ нутаг буцахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.