Товчхон
- Авлигын тохиолдол гарсан даруйд Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн албан тушаалтны нэр хүнд, албан тушаалаас үл хамаарч тэр даруй олон нийтэд дэлгэдэг.
19 дүгээр зууны дунд үе хүртэл Швед нь авлигал нэвт шингэсэн орны нэг байв. Харин улс орныг өөрчлөн шинэчлэх шийдвэр гарсаны дараа төрийн албан хаагчид эрх мэдлээ явцуу ашиг сонирхолд ашиглах нөхцлийг үндсээр нь устгахын тулд том бодлого боловсруулжээ.
Төрийн удирдлага аливаа төрийн байгууллагаас өгдөг зөвшөөрөл, хорио цээр дээр бус, харин татвар, хөнгөлөлт, дэмжлэгт үндэслэсэн хариуцлагатай, шударга зарчимд түшиглэдэг болов. Жирийн иргэд төр яаж ажилладагийг ойлгохын тулд төрийн байгууллагын дотоод бичиг баримтуудтай биечлэн танилцах боломжтой байлаа. Шведүүдийн хамгийн гол ололт нь хараат бус, бүрэн утгаараа ажилладаг шүүхийн тогтолцоо юм.
Хууль бус замаар орлогоо нэмсэн хүнд бизнесийн хүрээнд ч тэр, өдөр тутмын амьдралд ч тэр хэн ч итгэхгүй.
Үүний зэрэгцээ Шведийн парламент болон Засгийн газар төрийн албан хаагчдад маш өндөр түвшний ёс зүйн шаардлагыг тавьж биелэлтийг нь хянадаг байв. Хэдэн жилийн дараа шударга зан төрийн аппаратад ажиллагчдын нэр хүндийн баталгаа, нийгэм дэх байр суурийн илрэл болов. Эхэндээ түшмэдийн цалинг 12-15 дахин нэмсэн ч яваандаа цалингийн ялгааг хоёр дахин буулгажээ. Өнөөдөр Швед авлигын хамгийн доод үзүүлэлттэй орны нэг бөгөөд 2014 оны индексээр дэлхийд дөрөвдүгээр байрыг эзэлж байна.
Авлигын тохиолдол гарсан даруйд Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн албан тушаалтны нэр хүнд, албан тушаалаас үл хамаарч тэр даруй олон нийтэд дэлгэдэг.
Түүнчлэн авлигыг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол сүм хийд, олон нийтийн санаа бодол юм. Шведүүд богино хугацаанд их хэмжээний орлого олсон аль ч бизнесмэн, зарлага нь орлогоосоо их албан тушаалтанд таагүй ханддаг. Хууль бус замаар орлогоо нэмсэн хүнд бизнесийн хүрээнд ч тэр, өдөр тутмын амьдралд ч тэр хэн ч итгэхгүй. Сэжиг бүхий төрийн албан хаагч юун түрүүнд албан тушаалаасаа буухаас өөр аргагүй болж, цаашдаа төрд ч тэр, бизнест ч тэр ажилд авах газар олдохгүй. Энэ талаараа Шведийн авлигын эсрэг стратеги маш өвөрмөц бөгөөд үр дүнтэй арга барилд тооцогддог. Олон нийтийн санаа бодол гэдэг бол хуулийн ямар ч зохицуулалт, тэр байтугай ямар ч эрүүгийн шийтгэлээс хүчтэй.