Comment.mn

Улстөр С.БАЯРЦОГТ: О.БААСАНХҮҮГИЙН ГУРВАН ҮНДЭСЛЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

cba53a99-c64e-401f-a85b-9cf8e8a16902Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээлэл хийсний учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэх үндэслэлтэйгээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнтэй холбоотой юм.

Түүнийг ийнхүү огцруулахаар өргөн барьсны дараа Үндсэн хуулийн Цэц хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн нь сайд огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг үгүйсгэж байна гэсэн дүгнэлт гаргасан билээ.

Ийм дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Сайд С.Баярцогтыг огцруулахгүйн тулд улстөржлөө” гэх мэдээллийг хийсэн.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өөрөө ийнхүү тайлбар хийсэн юм.

С.Баярцогт “Цэцийн 11 дүгээр дүгнэлт нь О.Баасанхүү гишүүний ярьж байгаа шиг зүйл биш юм. Арван сарын өмнөөс энэ асуудлыг иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар хөндөж тавьсан.

Тодруулбал, 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргасан. 2015 оны нэгдүгээр сарын 19-нд Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг хянаж үзээд “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гаргасан.

2015 оны тавдугаар сарын 6-нд дээрх нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 07 дугаар магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн.

2015 оны тавдугаар сарын 21-нд УИХ-ын даргын захирамжаар дээрх Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг томилсон.

2015 оны зургадугаар сарын 30-нд иргэн П.Баттулга нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлтэй холбогдуулан Цэцээс Ерөнхий сайдад хандан “Холбогдох тайлбар гаргуулах тухай” 2015 оны 3/280 тоот албан бичиг ирүүлсэн.

2015 оны наймдугаар сарын 12-нд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3/280 тоот албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны ЗГ-1/181 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн илтгэгч гишүүний “Цэцийн дунд суудлын хуралдааны тов зарласан” 88 дугаар тогтоол гарсан.

2015 оны есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан. Ийм процедураар маргаан хэлэлцэгдэж дүгнэлт гарсан.

Үүнийг С.Баярцогт гэдэг хүнд хэргээр хамаатуулж, захиалсан мэтээр гүжирдэж байна. Тэгээд ч огцруулах асуудлыг есдүгээр сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлсэн гэж О.Баасанхүү гишүүн ярилцлагадаа хэлсэн байсан. Есдүгээр сарын 6 нь амралтын өдөр буюу ням гариг. Монгол Улсын Их хурал ням гаригт хуулийн төсөл хүлээж авдаггүй.

Ийм байтал УИХ-ын өндөр нэр хүндийг ашиглаад, хэвлэл мэдээлэл ашиглаад худлаа яриад байна. Баримт бас гаргаж ирж тавихгүй байна” гэсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх үед Засгийн газар ямар үндэслэлээр Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн бэ гэдэг асуудал үүссэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газар Цэцийг авлигадлаа” гэж ярьсан. Энэ тухайд сайд С.Баярцогт “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд хөрөнгө гаргахаар болсон. Түүнээс Цэцэд мөнгө төсөвлөсөн зүйлгүй.

Тус ойг тэмдэглэх асуудал дөрвөн сарын өмнөөс яригдаж, Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны наймдугаар сарын 28-нд гарсан. Зарцуулах хөрөнгийн нийт дүн 933.960 төгрөг. Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ, бэлтгэл хангах хүрээнд ажил хоёр жил дамнан үргэлжилнэ. Гэхдээ эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа” гэв.

Үүний зэрэгцээ тэрээр албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг “Хүлээж авах боломжгүй” гэлээ. Учир нь, ёс зүйн хувьд нийт иргэдээсээ уучлалт гуйж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийн тухай асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газар холбогдолгүй.

Гуравдугаарт, Засгийн газар, УИХ-ыг муу холбон ажиллаж байна гэсэн. Харин ч харилцааг нь сайн барьж ажиллаж байгаа” гэж тайлбар хийсэн юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.