Хохирогч болох Мухаммад Ахлакийн 52 настай ээж
Хохирогч болох Мухаммад Ахлакийг шөнө дунд гэртээ унтаж байхад нь тосгоны хэсэг хүмүүс гэр рүү нь дайрч орсон байна. Тэд Ахлакийг цохиж, зодсоны эцэст гэрээс нь чирж гаргаад тоосгоор нүдэж алсан хэрэг гарсан байна. Тус бүлэг этгээдүүд Ахлакийг үхрийн мах идсэн гэж зэрлэгээр амийг нь хөнөөсөн аж.
Энэтхэг улсын 80% гаруй нь Хинду шашинтан байдаг ба тэдгээр иргэд үхрийг ариун амьтан гэж үхрийн мах идэхээс татгалздаг. Гэсэн хэдий ч 140 сая лалын шашинт иргэд үхрийн мах иддэг байна.
Уг хэрэг Уттар Прадеш мужид гарсан бөгөөд лалын шашинт Ахлакийг өөрийн үхрээ нядалсан гэх хэргээр тосгоны 100 гаруй хүн түүний амийг хөнөөсөн тухай хохирогчийн охин Сажида ярьсан байна.
Хэрэг үүгээр дууссангүй, бүлэг этгээдүүд Сажидагийн ахыг мөн эцгийнх нь адил хэрцгийгээр зодсон бөгөөд 22 настай залуугийн бие нэлээд хүнд байгаа гэв.
Мөн тэд Сажидаг хүчирхийлэхээр завдсан төдийгүй хөгшин настай эмээг нь хүртэл зодож гэмтээсэн байна. Хэрэв Сажидаг цагдаад хэл хүргэх аваас ална хэмээн сүрдүүлсэн бөгөөд тэдний хөргөгчинд зөвхөн хонины мах байсан аж.
Цагдаа нар махыг шалгаж үзээд хэрэв хонины мах гэдэг нь нотлогдлоо ч миний алуулсан эцэг босоод ирэхгүй шүү дээ гэж бүсгүй уйлж байна.
Уг халдлагын үеэр цагдаагийн нэг ажилтан буудуулж, хоёр машиныг шатаажээ.
И.МӨНХЦЭНГЭЛ