Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн хүчирхэг гүрнүүд Сирийн асуудал дээр нэгдмэл байр сууринд хүрлээ. Үүний хамгийн онцлох шийдэл нь АНУ болон ОХУ-тай хамтран Исламын улсад агаарын цохилт өгөх шийдвэр байлаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “Манай улс Исламын улсад зөвхөн агаарын цохилт өгнө. Хуурай замын цэрэг оруулах боломжгүй” гэжээ. Үүний дараа тус улсын 20 гаруй пуужинг Сирийн нутагт байрлах Исламын улсын гол байрлалуудад илгээсэн байна.
Харин АНУ хэдийгээр ОХУ-тай хамтран цэргийн ажиллагаа явуулах болсон ч Сирийн удирдагч Башар Асадын талд туслах бололцоогүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр Сирид ер бусын гурвалжин дайны шинэ зурвас бий боллоо. АНУ эртнээс Башар Асадын бодлогыг эсэргүүцэгч байсан хэдий ч Исламын улс хэмээн шинээр гарч ирсэн алан хядах бүлэглэлийг мөн л устгах хүсэлтэй байсан. Харин ОХУ Асадыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд мөн Исламын улсын үйл хэргийг шүүмжилж байлаа. Ингэснээр америкчуудын дайсан Асад, Асадын дайсан Исламын улс, Исламын улсын дайсан ОХУ нарын дунд гурвалсан сөргөлдөөн эхэллээ. Энэ тохиолдолд Орос, Америктай хамтарч Исламын улсыг цохих бол Асад, ОХУ-тай хамтран Исламын улсын эсрэг, мөн АНУ-ын бодлогын өөдөөс явах болж байна.
Өчигдрөөс эхлэн АНУ-ын сөнөөгчид Ирак, Сирийн нутаг дахь Исламын улсын бүс нутгуудад хэд хэдэн цохилт өглөө. Үүнд НАТО-гийн баталсан бөмбөгдөх бүсийн коридорт ОХУ-ын Сухой-24 сөнөөгчид нэгдсэн юм. Оросын үзэж байгаагаар Исламын улсын 20 гаруй байрлалыг ирэх 12 дугаар сар гэхэд бүрэн сөнөөх боломжтой гэв. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Нэгдсэн агаарын бөмбөгдөлтөд эвсэл болон оролцож байгаа улс орнууд хамтын шугамаар цохилт өгөх нь зүйтэй” гэсэн байна.