Comment.mn

Р.Бурмаа сайд махны экспортыг “атгах”-ыг хүсэв үү

Улс орны “жолоог” атгаж байгаа нөхдүүд зөвхөн өөрсдийнхөө төлөө л шийдвэр гаргаж, өөрт ашигтай хууль, журам баталж байна. Үүний нэг жишээ бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зангидагдаж байсан хөндлөнгийн хяналтын тогтолцоог бага багаар устгах явц юм. Явц гэж яагаад хэлсэн гэдгийг уншигч авхай мэдэж байгаа байх. Сүүлийн үед энэ асуудал эрчимтэй яригдаж байна.

Өнгөрсөн жил санхүүгийн хяналтыг үгүй хийж, Сангийн яам руу нийлүүлсэн. Тэгвэл энэ удаад   Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг  Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлэхээр Засгийн газрын тогтоол гаргах гэж байгаа.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яам гэнэтхэн л малын эрүүл мэндийн хяналт, шалгалтыг өөрсдийн мэдэлд авах гэсэн зорилго нь юу байв. Ийм асуулт яах аргагүй гарч ирээд байна. Одоохондоо энэ асуултад тохирсон ганц л хариулт байгаа нь махны экспорттой холбоотой гэж хардахаас өөр арга алга. Бүр цаашлаад хардвал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өөрийнхөө эрх ашгийн төлөө малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг өөрийнхөө мэдэлд авах гэж улайрч байна уу гэж хардах гээд байна. Яагаад гэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар, Хилийн хорио цээр, хяналтын газар гэсэн том газар хэлтсийг нь өөрийн болгочихоор Хүнс, хөдөө аж ахуйн яам малынхаа эрүүл ахуйг хянана, дээрээс нь махны экспортын квотыг тогтооно. Түүгээр ч барахгүй мах экспортлох үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалтыг хийх дархан эрхтэй болох юм. Зөвхөн шалгаруулалт хийгээд зогсохгүй үйлдвэрүүдийн эрүүл ахуйн хяналтыг ч Р.Бурмаа сайдтан болоод түүний хүмүүс авах юм. Ийм байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт харьяалагдаж байгаа малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг өөртөө авах гэж улайрах нь аргагүй шүү дээ. Тэгэхдээ эвтэйхнээр, Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлэх нэрээр нэгтгэх гээд байна л даа. Учир нь тэд хөндлөнгийн хяналтын системийг огт хүссэнгүй.

Ирэх 2016 онд 5.6 сая малын мах экспортод гаргахаар бэлтгэх төлөвлөгөө гарсан юм билээ. Мөн энэ намраас эхлээд ирэх жилийн хугацаанд дотоодын хэрэгцээнд 10.4 сая малын мах бэлтгэнэ гэсэн тоо баримт байгаа. Улмаар мах бэлтгэлд зориулж 180 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан юм билээ. Дээрээс нь махны экспорт эхлэх сургаар Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болон махны нөөц бүрдүүлэх үүрэг бүхий “Монгол мах корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Засгийн газрын тогтоолоор байгуулчихлаа. Ерөнхийдөө Р.Бурмаа сайдад махтай холбоотой бүхий л зүйлсийг хянах хувьсгалын тохироо бүрдчихлээ. Одоо гагцхүү малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий хоёр газар хэлтсийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас салгаж авах Засгийн газрын тогтоолоо батлуулчихад л болно. Тэгээд л махтай холбоотой бүх хяналт, шалгалтын эрх түүнд шилжинэ дээ. Ингэснээр гадагшаа мах экспортлох эрх зөвхөн түүний мэдлийн, эсвэл эрхэм сайдын найз нөхөд, хамаатан садан, хамсаатан хэлхээтэнд л олдох боломж бүрдэх нь. Нөгөө талаар түүнд хэн хамгийн өндөр авлига өгсөн нь хэдэн хэл мах экспортолж магадгүй. Яагаад гэвэл түүнд хяналт, шалгалт хийх бүх эрх очино. Тэгээд Бат, Дорж, Бурмаа гэсэн гурван хүний махны үйлдвэр гадаад руу мах экспортлохын төлөө өрсөлдөхөд мань сайд өөрийнхөө үйлдвэрийг л тэнцүүлнэ. Ердөө л шалгаад, танайх тэнцэхгүй байна аа гэхэд бусад үйлдвэрүүдийн эзэд юу хэлж чадах юм. Ёстой л ам руугаа “алгадуулаад” л өнгөрнө. Ингээд бичихээр Р.Бурмаа сайд өөр шалгаж, хянахгүй шүү дээ гэж  хэлж магадгүй. Түүний дор бүх байцаагч нар нь байхад энэ үйлдвэрийг тэнцүүл, тэрийг нь болиул гэж хэлээд, дарамтлаад л дуусаа.

Хэрвээ  малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын  чиг үүрэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газартаа байж байвал ямар ч Р.Бурмаа, “Монгол мах” корпорацийн захирлаас хамаарахгүйгээр хөндлөнгийн шалгалтаа хийгээд, энэ үйлдвэр тэнцэнэ, тэнцэхгүй гэдгийг хянаад, Хүнс, хөдөө аж ахуйн яамтайгаа хамтраад экспотын гэрчилгээндээ хамтарсан гарын үсэг зураад л явчихна. Үүнийг нь л тэд хүссэнгүй. Магадгүй Р.Бурмаа сайд ганцаараа биш л байх. Цаана Засгийн газрын олон хүний эрх ашиг байгаа байх. Ямар ч байсан тэд шударга тоглож, хувийн хэвшлийг дэмжиж ажиллахыг хүсэхгүй байгаа бололтой. Түүнийхээ төлөө янз бүрээр ажиллаж, пиараа ч хийж эхэллээ.

Малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын  чиг үүргийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас салгах Засгийн газрын тогтоол гарах гэж байгаатай холбогдуулаад саяхан Р.Бурмаа сайд хэвлэлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзсан байсан. Тэгэхдээ Оросын жишигт нийцүүлж байгаа гэж хэлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, малын эрүүл ахуйн дүгнэлтийг хөндлөнгийн байгууллага хянадаггүй, зөвхөн малын эмч л гаргах ёстой гэж хэлсэн юм байх аа. Тэгээд л Орос руу мах экспортлохын тулд тэдний жишигт нийцүүлж ажиллах юм гэнэ ээ. Энэ талаараа ч пиар хийгээд эхэллээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагад малын эрүүл мэндийг хянаад, шалгаад, мэдээд явчих эмч байхгүй л байв гэж. Зүгээр л хөндлөнгийн хяналтыг устгах, бүх эрх мэдлийг өөрийнхөө гарт атгах гэсэн хүмүүсийн хийдэг сайхан л тайлбар болоод байна. Монголчууд гадагшаа мах эскпортолж, эдийн засагт багагүй мөнгө орж ирэх нь. Гэхдээ хувийн хэвшлийнхэн, махны үйлдвэр байгуулаад зүтгэж яваа залуучууд, бизнесмэнүүдэд хүртээлгүй л болох нь дээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.