Comment.mn

Шинэчлэгсэдийн шийдэл буюу хяналтгүй Монгол

2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болж, Засгийн газраа байгуулж байсан цаг саяхан. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх. Тэр засгийн газар нь “Шинэчлэлийн” гэх гоё тодотголтой.  Өөрсдөө ч болохгүй, бүтэхгүй болгоныг шинэчилж, сайжруулна гээд л сайхан ярьж байж билээ. Уг нь тэд болохгүй байгаа, алдаатай зүйлсийг шинэчилж, сайхан болгоно гэж ярьснаас биш болж байгааг нь өөрчилж, өөрсөддөө хэрэгтэйгээр шинэ болгоно гэж яриагүй шиг санагдах юм.

Гэтэл Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газрын “хөлөг онгоц” живэхээс өмнө буюу 2014 оны 10 сарын 11-нд 327 дугаартай тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Санхүүгийн хяналт, шалгалтын  чиг үүргийг нь салгаж аваад, Засгийн газарт шилжүүлсэн байдаг. Засгийн газарт ч юу байх вэ дээ, Сангийн яам руу аваачаад “наачихсан” хэрэг. Ердөө л нэг тогтоолоор Монгол Улсыг санхүүгийн хяналтгүй болгочихсон гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын газраас нэгхэн хэлтсийг Сангийн яаманд нийлүүлээ л биз, тэрний төлөө санхүүгийн хяналтгүй болно гэж юу байх вэ гэж эрх мэдэлтнүүд тайлбарлах байх. Гэтэл нэгдүгээрт, Засгийн газрын энэ тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус.  Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн бүх хяналт нэгдмэл байна гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн.

Хоёрдугаарт, мөн хуульд “Санхүүгийн хяналт шалгалт нь хараат бус хөндлөнгийн байна” гэсэн заалтыг ч бас зөрчөөд байгаа талаар албаны хүмүүс хэлж, ярьж байна.  Дээрээс нь Сангийн яам санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг өөртөө авснаар энэ чиглэлийн бүх байцаагчийн хөндлөнгийн хяналт хийх эрхийг нь хурааж аваад, дотоод аудит руу шилжүүлсэн байгаа юм. Хуучийн санхүүгийн байцаагч байсан бол Сангийн яам руу очсоноор дотоод аудитын мэргэжилтэн болсон гэсэн үг. Гэтэл дотоод аудит гэдэг байгууллагын даргаас шууд хамааралтай үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд өөрсөддөө дотоод аудит хийнэ гэвэл л хянаж, шалгана л даа. Манай улсад өөрийгөө, эрх мэдэлтэй хамсаатан саднуудаа шалгуулах гээд зогсч байх үнэнч шударга сайд байх уу. Ёстой үлгэрийн далай. Ингэж л хөндлөнгийн хяналтыг үгүй хийж, байцаагч нарыг зүгээр л даргын шийдвэр харсан “утсан хүүхэлдэй” болгочихлоо. Үүнийг Монгол Улс бүхэлдээ санхүүгийн хяналтгүй болчихлоо гэж хэлэхээс өөр яах юм.

2003 оноос өмнө Монгол Улс хяналтын нэгдсэн тогтоолцоогүй байсан. Өөрөөр хэлбэл, яамдууд нь өөрсдөө хяналтаа барьдаг байж. Тухайлбал, эрүүл ахуйн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас хил гааль дээр хяналт тавьдаг. Малын эрүүл ахуй, хил хорио цээртэй холбогдолтой хяналтыг Хүнс, хөдөө аж ахуй яамнаас гардаг байсан. Энэ үед хилээр орж ирсэн хүн 4-5 хяналт дамждаг байсан. Энэ бол 4-5 хүнтэй бүгдтэй нь эвтэйхэн харьцахгүй бол хил нэврэх гэдэг хүнд байсан гэсэн үг.

Харин 2003 оноос энэ бүх хяналтыг нэгдсэн тогтолцоонд оруулж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт бөөгнөрүүлсэн. Энэ бол улс оронд хэрэгтэй шинэчлэл байсан. Гэтэл “Шинэчлэлийн” тодротголтой Засгийн газар нэгдсэн хяналтаас нэг хэсгийг салгаж аваад, санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг  Сангийн яаманд шилжүүлснээр шинэчлэл биш ухралт хийлээ. 2003 оноос өмнөх систем рүү ухарсан гэсэн үг.  Үүнээс нь болоод улсын хэмжээнд 170 гаруй байцаагч ажилгүй болоод л үлдлээ. Яах вэ, 10, 20-хон хүн ажилтайгаа үлдсэн л юм шиг байна билээ. Бусад “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд нэгдэхгүй юу. Дээрээс нь Санхүүгийн хяналтын байцаагчийн Төрийн хяналт шалгалтын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу акт бичдэг, торгууль тавьдаг, алдаа дутагдлыг нь хянадаг энэ хараат бус ажилладаг хяналтыг байхгүй болгосон.

Өнөөдөр Монгол Улсад төсвийн хөрөнгийг идсэн уусныг шалгадаг, илрүүлдэг, шүүх хяналтын байгууллагад шилжүүлдэг тэр хяналт үгүй болчихлоо. Шинэчлэл нэрийн дор хийсэн энэ ухралт бүхэлдээ хууль бус байсныг олон ч баримтаар нотолж байгаа. Ядахын мууд л энэ тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдэж, хүчин төгөлдөр болоогүй. Дээрээс нь энэ тогтоолыг хэрэгжүүлж, санхүүгийн хяналтыг Сангийн яаманд аваачиж “наасан” хүн нь ердөө л Сангийн дэд сайд С.Пүрэв байж. Энэ мэтээр “но” их байгаа.

“Шинэчлэл”-ийнхэн юуны учир санхүүгийн хяналтын тогтолцоог өөрсдийн мэдэлд авав гээд хардаад, элдэв бондтой холбоод явбал хардах зүйл ч их байна.

Нэгдсэн хяналтыг “устгах” хоёр дахь дайралт

“Шинэчлэлийн” Засгийн газрын “амьсгал хураах”-аасаа өмнө хийсэн энэ хууль бус “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар  өөрчлөх байх гэж олон хүн найдаж байсан байх. Тэр хүрээнд ч хандах ёстой газар нь хандаж, багагүй хөөцөлдсөн юм билээ, зарим хүмүүс. Гэтэл юун шийдэж өгөх. Дараагийн дайралт ирж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг  Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлэхээр улайрч эхэллээ.

Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий чиг үүрэг нь малын үүлдэр угсааг сайжруулах. Малын өвчлөлд анхаарч, эрүүл байлгах чиглэлээр ажиллах ёстой. Албан бусаар тайлбарлавал нэг иймэрхүү. Ийм газрын “бөөр”-нд л бүхэл бүтэн хяналтын тогтолцоог аваачиж “наах” гэж дайрч байна шүү дээ.

Хэрвээ энэ шийдвэр гарах юм бол Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар, Хилийн хорио цээр, хяналтын газар гэсэн том газар хэлтэс тэр “мал үржүүлэгчид” рүү  тэр чигээрээ явах болчихоод байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Мал эмнэлэг, үржлийн газар бол ердөө л малын өвчлөлтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Гэтэл малаас хүнд дамждаг өвчлөл гэж байна. Үүнийг “Шийдлийн” тодотголтой Засгийн газрын нөхдүүд мартсан бололтой. Уг нь мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд байснаараа малын болоод малаас хүнд халдах өвчлөл, цаашлаад малын эрүүл ахуйн асуудлыг нийтээр нь хянаж байгаа. Гэтэл энэ хяналтыг нэгдсэн тогтолцооноос салгаснаар олон байцаагч ажилгүй болж магадгүй. Яг л санхүүгийн хяналтын тогтолцооны “амыг барьж”, Сангийн яаманд нийлүүлсэн шиг л юм болно. Магадгүй малын өвчлөл хариуцсан хэдэн байцаагч нь ажилтайгаа үлдээд бусад “лааз өшиглөж” ч болох юм. Ийм л байдал руу аваачиж хийх гээд байна.

Ердөө л Засгийн газрын нэг тогтоолоор л Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцооны нэг хэсгийг “имтэлж” авах гээд байна гэдгийг дахиад хэлье. Аль хэдийнэ санхүүгийн хяналтын тогтолцоог салгачихсан. Одоо малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг салгаж авна гэж байгаа.

Тогтоолын төсөлд дурьдсанаар бол малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг 5 орон тоог Мал эмнэлгийн үржлийн газарт шилжүүлэхийг даалгах юм байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 8, Буянт-Ухаа Олон улсын боомтын 7, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн 33 орон тоог ч мөн “үржүүлэгчдийн” эгнээ рүү “цөлөх” талаар заагаад өгчихжээ.  Энэ хүмүүсээс хэд нь ажилгүй болж, “лааз өшиглөх”-ийг хэн мэдлээ. Ингэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх нэг том газрыг бага багаар тарааж, бутраагаад байвал Ерөнхий газар гэх тодотголтой яваад яана.

“Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу бүдүүлгээр халдах эхлэлийг өнгөрсөн жил тавьсан. Тэгвэл энэ жил “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар дахиад л мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу ээлжит дайралт хийж, нэг хэсгийг нь салгах нь.  Цаашлаад ямар чиг үүргийг нь аль яам, газар руу салгахаар улайрах юм, бүү мэд.

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.