Ерөнхий сайдыг, цаашлаад элэг бүтэн болж ид ажилдаа шамдан орж буй Засгийн газрыг унагахаар, улстөрчид хор найруулан хэлцэж завгүй байгаа тухай мэдээлэл өдөр бүр гарах боллоо.
Дөнгөж саяхан л улсын ажил амьдрал гацлаа, Засгийг бүтэн болгож ажилд нь оруулах хэрэгтэй хэмээн хэлцэж байсан санагдана. Монголын улс төр, намуудын төрд ажиллах арга барил үнэндээ төрийн дайсан болоод хувирчихжээ.
Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд дөнгөж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлж байгаа засгийг огцруулах нь дараагийн ээлжийнхэн, тухайлбал энэ дөрвөн жилийн хугацаанд хоолонд орж амжаагүй улс төрийн хүрээний дараагийн ээлжийнхэний хийж байгаа ажил хэмээн бичиж байна. Энэ нь ч үнэн.
Тэд бол Ч.Сайханбилэгийн засгийн газрыг Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудлаас болж огцрох ёстой хэмээн зүтгэдэг цөөн хэдэн гишүүд, бие даагчдын кноп дээр хуралдаанд оролцохгүй утсаа салгаад алга болох АН-ынхан, сайд болголгүй Н.Энхбаяртаа гомдогсдын арми үүсгэх шахаж яваа МАХН-ын хэдэн гишүүд мөн гэнэ.
Үнэндээ МАН-ыг засгаас хөөснөөр сөрөг хүчний галыг өөр дээрээ татсанаар Ч.Сайханбилэг өөрийнхөө эсрэг хангалттай олон кноп цуглуулчихаад яваа. Яг ийм байдал нь АН-ын дараагийн ээлжийнхэнд завшаан болж байгаа аж.
Нийтлэлч Л.Болормаагийн саяхны нэгэн материалд “Чингис”, “Самурай” бондын дүү бондыг төрүүлэхээр улстөрчид арга чарга сэдэж байгаа тухай дурдагджээ. Энэ нь үнэн бололтой. “Чингисийн дүү”-г төрүүлнэ хэмээн улстөрчид сэтгэснийг бодвол өмнөх бондуудын өрийг хэрхэн дарах, зарцуулалтыг нь зарлах, үр дүнг нь хэлэлцэх сонирхолгүй байгаа аж.
Ердөө л дараагийн 2.1 тэрбумын бонд олж ирж, долларын ханшийг сонгууль өнгөртөл барих, үүнийгээ хямралаас гаргасан болгож зарлах, АН-ын фракц, бүлэглэлүүдэд тустай хэдэн төслийг шуурхай санхүүжүүлж авах яаруу давчуу салхи сэвэлзэж эхэлсэн тухай тэнд бичжээ.
Ард түмний татварын мөнгөөр төлөх 2.1 тэрбум ам.долларын өрийг хэзээ хэрхэн яаж төлөхөө, бондын мөнгийг ямар төслүүдэд хэрхэн яаж зарцуулсанаа тайлагнахаас өмнө ийнхүү дараагийн бондыг босгож олон хүний амыг таглахаар болж.
За тэгээд “дүү” бондын хувьд Ч.Сайханбилэгийн засгийн газрыг унагаж хоолондоо хүрэх дараагийн ээлжинхэний гол тэжээл нь болоод өнгөрөх нь тодорхой.
Улс төрд томорсон зангиатай хэдэн нөхөд төрийн ордны эргэн тойронд ийм л хор найруулж яваа бололтой. Ардчилсан намын засаг барьж байгаа жилүүдэд улс орны байдал ямархуу дүр төрхтэй болж хүндэрч байгааг ард түмэн цуцалтгүй сануулсаар байхад мөн зоригтой нөхөд өө.
Ард олноо, ирээдүйтэй нь хамт долларын өрөнд дарлуулчихаад хөнгөлөх тухай бодох нь бүү хэл улам нэмж хүндрүүлэхээс өөр аргагүй болсон гэдгийг тэд эвтэйхэн эдийн засгийн хэлээр тайлбарлах юм гэнэ. Сонгууль дөхөж байгаа тухай сануулсаар. Тэр тусам дараагийн ээлжийнхэн амжиж хоолондоо орохоор яаравчилсаар, төрийг, олон түмэнтэй нь хамт шим шүүсийг нь улам ихээр сорсоор л.
Дараагийн сонгуульд орохнэр нүүрээ тэд умартан бүхнийг мөнгөний үнэ цэнээр хэмжиж, хүн чанараа өдрөөс өдөрт гээсээр л байгаа.
Н.Умард