Наймдугаар сарын 3: УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдууллаа.
Наймдугаар сарын 6: Парламент Засгийн газарт МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулав.
Наймдугаар сарын 11: Ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав.
Наймдугаар сарын 17: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавилаа.
Есдүгээр сарын 7: УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв.
Есдүгээр сарын 8: Засгийн газрын зургаан сайдыг томиллоо.
Есдүгээр сарын 13: Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн.
Есдүгээр сарын 15: Парламент Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авлаа.
Есдүгээр сарын 23: Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, төсвийн тодотголын нөхцөл байдлыг танилцууллаа. Монгол Улсын төсөв одоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлогын дутагдалтай байгаа бөгөөд оны эцэст 900 тэрбум төгрөгт хүрэх тооцооллыг танилцуулсан юм.
Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон
Болсон үйл явдлыг нийтлэлийн эхэнд ийн сануулсан нь учиртай. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан, сайд нарыг чөлөөлж, томилсон, Өршөөлийн хууль баталсан гээд бүхий л үйл явц өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах цаг болсныг харуулж байна. Намын шийдвэрээр Засгийн газрын сайд нарыг чөлөөлдөг. Дараа нь намууд хоорондоо тохиролцоод, орных нь хүмүүсийг парламентаар томилуулдаг. Нам дотроо фракцаараа ялгараад, тус бүрийнхээ төлөөллийг Засгийн газарт багтаадаг. Дараа нь тэр, энэ “фракцийн сайд” гэх нэр зүүдэг. Ийм жишиг сүүлийн 10 гаруй жил явж ирлээ. Харин одоо энэ жишгийг өөрчлөх цаг болсныг улстөрчид, парламентад суудалтай намууд хүлээн зөвшөөрөх болсон. Гэхдээ тогтолцооны өөрчлөлтийг зориглон хийж чадахгүй байсаар дараагийн сонгуультай золгох бололтой.
Тогтолцоогоо өөрчилье, улстөрчид өө
Монгол Улс 1992 онд шинээр баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалтай улс байна гэдгээ тодотгосон. Ингэхдээ дэлхийн улсуудад байдаг парламентат засаглалын сонгодог жишгээс гажуудуулчихсан гэдэг.
Сонгодог парламентад Ерөнхий сайд илүү хүчтэй байж, багаа бүрдүүлж ажилладаг.Ерөнхий сайд хүсвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах, парламентын доод танхимыг тараах ч эрхтэй. Тэр хэрээр хариуцлагаа үүрдэг. Мөн парламент Ерөнхийлөгчийг томилдог жишиг бий. Манай улс анх 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлаад, анхны Ерөнхийлөгчөө парламентаас томилж байсан туршлагатай. Гэхдээ тэр цагаас хойш ард түмэн сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгосоор ирсэн юм. Харин парламентын сонгууль зургаан удаа болж, гуравт нь МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр удаа АН болон Ардчилсан холбоо эвсэл ялж байлаа. Нэг удаа буюу 2004 оны сонгуульд АН, МАН харилцан адил шахуу суудал авч, эвслийн Засгийн газар байгуулж байсан.
Парламентын сонгууль зургаан удаа болсон ч энэ хугацаанд 14 өөр Ерөнхий сайд томилогдож байжээ. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойших 25 жилийн хугацаанд 14 өөр Засгийн газар байгуулагдсан гэсэн үг. Ийм байхад төрийн тогтвортой бодлого, залгамж чанар, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь ойлгомжтой.
Манайхтай адил 25 жилийн хугацаанд ХБНГУ-д ердөө гурван өөр канцлер томилогдсон байдаг. Анхнаасаа парламентат тогтолцоог сонгохдоо “төгс” хийж чадаагүйгээс ийнхүү 25 жилийн турш нэгдсэн, нэгдмэл бодлогогүй явж ирсэн гэлтэй. Монголын өнөөгийн нөхцөлд бол парламент хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй нь. Парламент хүсвэл хэзээ ч Ерөнхий сайдыг аваад “хаячихаж” чадна. Мөн Ерөнхий сайдыг огцруулдаггүй юм гэхэд баг, фракцаараа нийлж байгаад сайдуудыг нэг нэгээр нь унагаах, унагаадаггүй юм гэхэд Засгийн газрыг “туйлдуулах” бүрэн боломжтой. Энэ жишээг бид Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тод, томруунаар харсан билээ.
Парламент ийн дийлдэшгүй их эрх мэдэлтэй, хүчтэй байхын сөрөг тал олон зүйл дээр ажиглагдах болсон. Юун түрүүнд Монгол Улсын төсөв сүүлийн гурван жил дараалан нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Засгийн газар төсвийг өргөн барьж, УИХ-аар батлуулдаг. Гэхдээ УИХ жилийн жилд төсөвт “бялуу хуваах” зарчмаар хандаж, хөрөнгө оруулалт, орлогын төлөвлөгөөг нь танигдахын аргагүй болтол өөрчилдөг жишиг тогтоод удаж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу