Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох явдал гарч байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт явуулж илрүүлжээ. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, долоон нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоон, экологийн хохирлыг тооцож буй аж.
Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан хоёр ААН-ийг талбайгаас гаргажээ. Алт олборлолтын явцад тогтоосон нууруудын далан хаалтыг сэргээж, шинээр дахин далан, хаалт барьж бохир усыг гадагш урсахаас сэргийлжээ. Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр дээр хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН, 90 орчим иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Тиймээс МХЕГ-ын Ш.Раднаасэд зарим аймгуудад нөхөх сэргээлт нэрээр алт ухах, нөхөн сэргээлт хийсэн талбайд дахин олборлолт явуулж байгаад анхаарах, “Хүний төлөө зөв тус” аяны хүртээмжийг сайжруулж, идэвхижүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг дарамтгүй явуулахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn