Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөөлсөн арван номыг танилцуулж байна. 100 жилийн дараа энэ жагсаалт улам өргөжсөн байх нь эргэлзээгүй биз ээ.
Библийн судар (НТ30-НТ90 он) Шинэ гэрээ
Библийн судар нь ямар ч номноос илүүтэй хорвоо ертөнцийг өөрчилсөн нь маргаангүй юм. Библи нь Иудейчууд буюу Христэд итгэгчдийн хувьд Ертөнцийн Эзэн буюу Бурханы хүн төрөлхтөнд дамжуулсан сургаал бөгөөд нийтдээ 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигджээ.
Энэхүү номонд Ромын Эзэнт гүрний бөө мөргөлтэй байхаас эхлээд Христийн шашинтай болсон тухай түүх бий. Библийн судар бичигдсэн цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Христийн шашин нь дэлхийн хамгийн том шашин буюу 2.1 тэрбум орчим сүсэгтэнтэй болтлоо өргөжжээ.Христийн шашны хамгийн анхны урсгал болох Ромын Католик урсгал нь 1.05 тэрбум орчим итгэгчтэй.
Библийн судар нь Хуучин гэрээ, Шинэ гэрээ гэсэн үндсэн хоёр хэсэгтэй ба Хуучин гэрээ нь Есүс Христийг ирэхээс өмнөх үеийн тухай, Шинэ гэрээ нь Есүс Христ болон түүний элч нарын тухай өгүүлдэг. Гутенберг (Gutenberg) –ийн библи нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном юм.
Коран судар (НТ650-НТ656)
Исламын шашны ариун судар бөгөөд энэхүү судрыг тэнгэрийн элч Габриел Исламын шашныг үндэслэгч Мухаммедад хэлж өгсөн гэдэг. Мухаммед 632 онд нас барсан бөгөөд түүнийг нас барсны бүр дараа нь Коран судрыг бичиж эмхэлжээ.
Түүнээс өмнө зөвхөн амнаас ам дамжин уламжлагддаг байжээ. Коран судар нь Библийн судраас хойш Бурханы хүн төрөлхтөнд дамжуулсан хамгийн сүүлийн судар гэж Исламын шашинтнууд үздэг.
Summa theologica – Томас Аквинат (1265-1274)
Христийн шашны итгэл үнэмшлийг онолын үүднээс нарийн тайлбарласан олон боть ном юм. Энэ номыг хоёр дахь Библи хэмээн нэрлэх нь ч бий. Учир нь энэ ном нь бүх дэлхийн Христэд итгэгчдэд гүнзгий нөлөөлжээ. Одоо энэ ном нь Ромын Католик сүмийн номлолын гол хэрэглэгдэхүүн болжээ.
Хүний эрх (The rights of man) – Томас Пэйн (1791)
Пэйний зохиол бүтээлд ардчиллын нөлөө гүнзгий туссан байдаг. Түүний үзэж буйгаар засгийн газрын цорын ганц зорилго бол хүмүүст төрөхөөс нь заяасан тэр эрхийг хамгаалах явдал аж. Хаант засаглал болон цэргийн дэглэм нь тухайн ард түмэнд ямар ч сайн нөлөөгүй учир хууль бус зүйл гэж Пэйн үзжээ.
Either/ or – Сорен Киеркегаард (1843)
Энэхүү ном нь хоёр ботиос бүрдэх бөгөөд эхний боть нь амьдралыг чин сэтгэлээсээ хайрлах үзлийн талаар бичсэн байдаг бол хоёр дахь боть нь ёс зүй, үүрэг хариуцлагын тухай өгүүлдэг.
Зохиогч уг номыг нууц нэрээр хэвлүүлж байсан бөгөөд аль алиных нь үйл явдал жирийн харилцан яриа маягаар бичигдсэн байдаг. Зохиогч энэ номоороо экзистенциализмийн эцэг гэгдэх болсон бөгөөд бусад олон зохиолчийн бүтээлд хүчтэй нөлөөлжээ.
Коммунист тунхаг (The Communist Manifesto ) – Карл Маркс, Фредрик Энгелс (1848)
Энэ бүтээлийг Коммунист ангийн хүсэлтээр коммунист онолчид Карл Маркс, Фридрих Энгельс нар бичсэн хамгийн нөлөө бүхий улс төрийн ном болжээ. Уг Тунхагт пролетарчууд буюу ажилчин ангийнхан нэгдэн нийлж, хөрөнгөтнүүдийг түлхэн унагаж, ангигүй нийгмийг цогцлоох хэрэгтэй хэмээн бичсэн байдаг.
Experimental Research in Electricity – Майкл Фарадэй (1855)
Фарадэй нь Английн химич, физикч бөгөөд цахилгаан дээр олон янзын туршилт хийж байжээ. Түүний цахилгаанаар эргэдэг бүтээл нь өнөөгийн моторыг хийх суурь болжээ.
Тэр албан ёсоор сургуульд удаан сураагүй ч бие даан шамдан суралцсаар түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг болсон аж. Түүний судалгаа цахилгаан эрчим хүчийг технологид ашиглахад чиглэж байв.
Зүйлийн үүсэл (On the origin of Species) – Чарльз Дарвин (1859)
Эволюцийн онолын тухай уг ном нь биологийн салбарт хүчтэй нөлөөлжээ. Уг бүтээлд цаг хугацааны явцад байгалийн шалгарлаар аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг тухай өгүүлсэн байдаг.
Зөвхөн шашны номлолд итгэж байсан цаг үед ийм ном бичсэн нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. 1831 онд дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлаачаар орж, “Бигль” хөлөг онгоцоор таван жил аялсан нь түүний үзэл бодолд онцгой нөлөөлсөн гэдэг.
Дайвар хүйстэн (The Second sex) – Симон де Бовуар (1949)
Энэ бүтээл нь Бовуарын хамгийн алдартай бүтээл юм. Тэр энэ номондоо өөрийнхөө тухай бичихийг зорьж байжээ. Анх өөрийгөө эмэгтэй хүн гэдэг үүднээс номоо бичсэн ч удалгүй эмэгтэй хүн гэж яг хэн болохыг тодорхойлох хэрэгтэй болохыг ойлгосон гэдэг. Уг номонд эмэгтэйчүүдийг сайтар судалсан бөгөөд феминист үзлийн гол төлөөлөл болсон бүтээл гэж үздэг.
Атлантын нуруу тэнийв (Atlas shrugged) – Айн Рэнд (1957)
Айн Рэнд филисофийн зохиол бичихээсээ өмнө бичсэн хамгийн сүүлийн ном нь “Атлантын нуруу тэнийв” юм. Энэ номонд хожим нь түүний филисофийн цөм болсон олон сэдэв агуулагдсан байдаг. Зохиолч өөрөө уг номыг өөрийнх нь бүх бүтээл дотроос хамгийн их нэрд гарсан баримтат бүтээл хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: Listverse