-Л.Гансүхийн хавтаст хэрэгт 576 сая төгрөг авлаа гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй баримт ч байжээ-
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган 4.6 жилийн хорих ял оноож, төрд ажиллах эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Харин “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган мөнгөөр торгох, төрд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн Л.Гансүх нараас хоёр тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Багануур ХХК-д өгөх шийдвэрийг гаргасан юм.
Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөр ийнхүү олон хүнийг хөлдөө чирлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Энэ ажлын би санаачлан удирдаж явуулсан. Тиймээс буруу зүйл байвал намайг буруутга” гэсэн. Шинэчлэлийн “Цэвэр агаар сан”-гийн хэрэг, “Нүүрс” хөтөлбөр, Тавантолгойн зарим асуудал гээд шүүхийг байгууллагын хаалгыг татах олон хэрэг гарав. Мөн АТГ-т шалгагдаж байгаа Засгийн газартай холбоотой бусад хэргүүдийг Л.Гансүхийн шүүх хурлын нэгэн адил олон нийтэд нээлттэй хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл ямар нэг аргаар хуульд “нууж шургуулан” батлуулж өршөөх үү гэдгийг хамтдаа харах л үлдэж байна.
Харин Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын тухайд удаан үргэлжиллээ. Олон нийт талцан хуваагдаж, шүүх эрх мэдэлд зайнаас оролцон шүүхийн эсрэг элдэв дайралтыг хангалттай хийсэн. Хэвлэл мэдээллийнхэн ч, олон нийт ч сүүлдээ авлигатай тэмцэх эрхэм зорилгоо мартан хувь хүнийх нь хувьд Л.Гансүхийг өрөвдөж, энэ нь улстөржсөн, шоудсан шинж чанартай болж ирсэн. Гэвч шүүх байгууллага, шүүгчид дээрх хүнд нөхцөл байдалд шийдвэрээ хараат бусаар, нөлөөллөөс ангид гаргаж баримт нотолгоог үндэслэн авлигачинд зохих шийтгэлийг нь хүлээлгэсэнд “Браво” гэж хэлэх нь хууль дээдлэх зарчмын үүднээс зөв болно.
Дашрамд дурьдахад шүүх хурлын үеэр хавтаст хэрэгт бүртгэгдсэн баримт, факт бүхнийг дэлгээгүй нь магадгүй, энэ хэрэгт хамааралгүй ч хэн нэгний нэр шүүхийн танхимд дуудагдах, дурьдагдах нь зохимжгүй гэж үзсэнийх болов уу. Тухайлбал, “Ийгл” телевизээр шууд дамжуулж байсан шүүх хурлын үеэр Л.Гансүхийн тэмдэглэлийн дэвтэрт 576 сая төгрөгийг хүлээн авлаа гээд гарын үсгээ зурсаныг хавтаст хэрэгт баримтаар авсныг гаргаж ирэхэд өмгөөлөгч нар шуугилдаж эхэлсэн төдийгүй эфирт гэнэт хаагдаж төдөлгүй реклам сурталчилгаа явуулж эхэлсэн. Энэ бол Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэдийнэ “хайрцагласан”, хөрөнгө мөнгө зарцуулж зорилтот мэдээлэл хүргүүлэхээр төлөвлөсөн байсныг харуулсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр уг хавтаст хэрэгт хөдөлшгүй баримт үүгээр тогтохгүй олон байсан, тэр болгоныг Л.Гансүх өөрөө мэдэж байсан гэнэ. Тэгэхээр нэг жишээ нь л 576 сая төгрөг болохоор, үүний цаана телевизээр шууд дамжуулж байгаа шүүх хурлын үеэр ярьчихаж болохгүй баримтууд цөөнгүй байсан байж болох юм. Нөгөөтэйгүүр наанадаж л 576 саяын асуудал дээр ч ял хүлээхэд түүнд хэлмэгдэж хилсдчихлээ гэх зүйлгүй бус уу. Ямартай ч олон удаа зарлагдаж, олон хоног хуралдсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргалаа.
Харин Өршөөлийн хуулийг, түүнд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хатуу эсэргүүцэж, элдэв арга зам хайсаар байгаа авлигын хэргээр шүүгдэхээр “хүлээж” буй олон эрхэм бий. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний дүү, туслахынх нь ахаас эхлээд, Н.Алтанхуягийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян нарын хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Тэдэнд холбогдох шүүх хурлыг ч Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын адил нээлттэй хийх ёстой. Мөн шинээр нэмэгдэж дуулиан тарих болсон Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр гээд АН-ын олон улстөрч авлигын асуудалд нэр холбогдох болсныг шалгах, шалгалтын явцаа мэдээлж, шүүхээр шийдэх бол нээлттэйгээр шүүн хэлэлцэх нь хууль тэгш үйлчлэх зарчимд нийцнэ. Харин Л.Гансүхээр шоудаж шүүх хурлыг нь нээлттэй хийж “зовоочихоод”, бусдыг нь хөшигний цаана хэлэлцэнэ , эсвэл нуун дарагдуулж чимээгүй өнгөрнө, дараа нь сонгуулийн амлалтыг дүгнэх гэхээр “Бид авлигатай нээлттэй тэмцсэн” гээд Л.Гансүх рүү заачихна гэвэл олон нийт тэгж хууртагдахаасаа өнгөрсөн. Цаашид авлигатай холбоотой гэмт хэргийг ингэж нээлттэй шүүн хэлэлцэх нь зүйтэй ч нотлох баримтаа тайлбарлан мэдүүлэхдээ хэн нэгнийг хамгаалж чимээгүй өнгөрдгийг ч дээрх шүүх хурал харуулаад авсан юм. Энэ нь холбогдогч, сэжигтэн байж болзошгүй зарим нэгнийг нууж, шүүгдэгч бусдын өмнөөс ял үүрээд өнгөрөх сөрөг хандлагыг бий болгож мэдэхээр байгааг анхаарууштай.
С.Лантуу